Он гарсаар 28 хүүхэд автын ослоор амиа алджээ


2021-08-19 10:35:21

Энэ оны эхний долоон сарын байдлаар Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын нийт 30.299 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 9766 зам тээврийн осол байна.  Үүнээс  223 нь хүүхэд гэмтсэн осол байжээ.

Ослын улмаас амиа алдсан 141 хүний 28 нь хүүхэд аж. Эндсэн хүүхдүүдийн 20 нь орон нутгийн замд, 8 нь нийслэлийн хөдөлгөөнд оролцож байхдаа амь насаа алдсан байна. Мөн тэдний ес нь жолооч нар орчноо шалгалгүй хөдөлсөний улмаас амь насаа алджээ.

Зам тээврийн нийт ослын 70-80 хувь нь орон нутгийн замд гардаг. Орон нутгийн замд ослоор нас барсан хүүхдүүдийн 10 нь суудлын бүс зүүгээгүй, жолооч хурд хэтрүүлсэнтэй холбоотой аж. Мөн хотын орчинд хүүхдүүд харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцох нь зам тээврийн осолд өртөх гол шалтгаан болж байна.

Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож яваад осолдсон нийт 51 тохиолдол бүртгэгдэж, 44 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ. Мотоциклын ослын улмаас 146 хүн гэмтэж, 46 хүний амь хохирсон байна.

Түүнчлэн согтуугаар жолоо барьсан 18 мянган жолоочийг илрүүлжээ. Үүнээс 8000 нь нийслэлд, 10 мянга нь орон нутгийн замд согтуугаар жолоо барьсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гаргасан ослын хор уршиг эрүүл байхдаа гаргасан ослын хор уршгаас нэг дахин өндөр байдаг аж.

Мөн жолооч нар зайлшгүй зогсолт хийхдээ зам дээр машинаа тавьдаг зэрэг алдаа гаргаснаас болж зам тээврийн осол нэмэгдсээр байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү