Ж.Хунан: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 3 хүүхэд амь насаа алдсан


2021-12-13 08:11:26

"Хүний эрхийн Үндэсний форум-2021"-ийн үеэр Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг гүйцэтгэгч Ж.Хунаны "Хүний эрхийн төлөв байдал: Өнгөрсөн, одоо, ирээдүй" сэдэвт үндсэн илтгэлийг  бүрэн эхээр нь хүргэж байна. 

ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ: ӨНГӨРСӨН-ОДОО-ИРЭЭДҮЙ

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт хатагтай, ноёдоо

Эрхэм хүндэт хүний эрх хамгаалагчид аа,

Та бүхэнд хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

73 жилийн өмнө 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Парис хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэх түүхэн баримт бичгийг батлан дэлхий дахинаа хүний эрх, эрх чөлөөний наад захын хэм хэмжээг тунхаглан зарлаж Нэгдсэн Үндэстний гишүүн улс бүр хүлээн зөвшөөрч дагаж мөрдөхийг уриалсан. Энэхүү түүхэн үйл явдлаас хойш Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс орнууд энэ өдрийг хүний эрхийн олон улсын өдөр хэмээн нэрлэн Хүний эрхийн Түгээмэл тунхаглал, түүнийг дагаж гарсан заавал биелэгдэх хүчин чадалтай хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг сурталчлан таниулах, хангах чиглэлээр гаргасан ахиц дэвшил, алдаа оноо, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, гарц, шийдлийг хэлэлцэн ярилцах, шаардлагатай бодлого, чиглэлээ тодорхойлох замаар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон байна.

Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлахыг зэрэгцээ тус байгууллагын дүрэмд заасан “хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, шударга ёсыг сахих, гэрээ болон олон улсын эрх зүйн бусад эх сурвалжаас үүдэн гарах аливаа үүргийг хүндэтгэн мөрдөх нөхцлийг бүрэлдүүлэх, илүү эрх чөлөөтэй байдалд нийгмийн дэвшлийг урагшлуулах, амьдралын түвшинг сайжруулахад тус дөхөм үзүүлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл ялган хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх” зорилго, зарчмуудыг тууштай дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын хүний эрх, хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжил, ардчилсан засаглал, эрүүл мэнд, хүүхэд, шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр 11 байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа байгуулж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн Монгол Улстай хамтран үйл ажиллагаа явуулж байна.

Энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байгаа болон  Монгол Улс 193 улстай дипломат харилцаа тогтоож, 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэн орсоноос хүний эрхийн чиглэлээр 36 гэрээ байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Хүний угаас заяасан нэр төр, тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх бол эрх чөлөө, энх тайван, хөгжил, шударга ёсны үндэс суурь юм. Өнгөрсөн хугацаанд бид хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр чамлахааргүй амжилт гаргасныг дараах баримт, үйл явдал гэрчлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэн 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөг бүтэн бүлэг болгон баталгаажуулснаас гадна “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж төрийн үүргийг тодорхойлсон.

Монгол Улсад өнөөдөр шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд тулгуурлан хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүн эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн 802 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.  

Үндсэн хууль батлагдсанаас хойш Монгол Улсад 29 жилийн хугацаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм, хүний эрх хамгаалагчийн хороо, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, мэргэжлийн хяналтын байгууллага, Хууль зүйн туслалцааны төв, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо, Хүүхдийн эрхийн хороо, Гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалах механизм, хүүхэд хамгааллын хамтарсан баг, хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байр гэх мэт байгууллага, бүтцийг шинээр байгуулсан байдаг.

Монгол Улс нь бүс нутагтаа ардчилалд тайван замаар шилжсэнээрээ үлгэр жишээ үзүүлж, олон улсын ажиглагчдын зүгээс тогтвортой ардчилсан улс болж чадсан гэсэн үнэлгээг авсан. Жишээлбэл, Freedom House байгууллагаас гаргадаг дэлхий нийтийн эрх чөлөөний индексээр 1991-2020 онд бүс нутаг дахь бүрэн эрх чөлөөтэй цөөн улсын нэг болсон. Бүрэн эрх чөлөөтэй улсад улс төрийн өрсөлдөөн нээлттэй, иргэний эрх чөлөөг хүндэтгэдэг, иргэдийн бие даан амьдрах орчин, хараат бус хэвлэл мэдээлэл бүрдсэн байдаг. Эдгээр хэмжүүрээр Монгол Улс нь ардчиллын олон улсын стандартад хүрсэн гэж үзсэн байна.

Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн аливаа ололт амжилт, гаргасан үр дүн олон хүний хүч хөдөлмөр шаардсан ажил байсан нь дамжиггүй.

Эрхэм хүндэт зочид оо,

Хэдийгээр бид нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах эрх зүйн таатай орчин бүрдүүлж, байгууллагуудыг байгуулж, зарим үр дүн гарсан ч хүний эрхийн зөрчил, шийдвэрлэх ёстой асуудлууд байсаар байгаагийн зэрэгцээ шинэ төрлийн хүний эрхийн асуудлууд олноор гарч ирж байна.

Монгол Улс хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, эрүүдэн шүүхээс ангид байх, шударга шүүхээр шүүлгэх, хохирлоо шударгаар барагдуулах, хувийн мэдээлэл халдашгүй байх, эвлэлдэн нэгдэх, жагсах, цуглах, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлтэй байх зэрэг иргэний болон улс төрийн эрхийг бодитой, баталгаатай эдлүүлэх шаардлагатай байгааг хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонос зөвлөсөөр байна.

  1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хүний өргөн цар хүрээ бүхий бусад эрхийг бүрэн эдлэхэд суурь нь болдог. Үзэл бодлоо илэрхийлэх замаар иргэд нийгмийн амьдралд оролцож, олон ургалч үзлийн суурь нөхцөлийг бүрэлдүүлдэг, өөрийн болон бусдыг эрхийг хамгаалах хэрэгсэл болж өгдөг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь эвлэлдэн нэгдэх, нийлэн цугларах, мөн сонгох эрхээ эдлэхтэй салшгүй холбоотой. Өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолтой байсны төлөө хариуцлага хүлээлгэдэг байж хэрхэвч болохгүй. ХЭҮК-оос 2021 онд зохион байгуулагдсан жагсаал цуглаан хийх замаар үзэл бодлоо илэрхийлсэн арга хэмжээнд хяналт тавьж ирсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар жагсаал цуглааныг зохион байгуулагчид жагсаал цуглаан хийх гэж буй газрын нутаг дэвсгэрийг харъяалах сум, дүүргийн Засаг даргад бүртгүүлэх, Засаг дарга харин гурав хоногийн дотор бүртгэх эсэхээ бичгээр мэдэгдэх журам үйлчилж байна. Комисс өнөөгийн зохицуултаар иргэд тайван жагсах, хуран чуулах эрх чөлөөгөө эдлэх баталгаа хэврэг, энэ орон зай цаашид улам хумигдах эрсдэлтэй байна гэж дүгнэсэн Ийнхүү мэдэгдэх журам нь зөвшөөрлийн шинжийг ихэнхдээ агуулж байдаг тул энэ журмыг өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Түүнчлэн аяндаа үүссэн жагсаал, цуглаан, цахим акц зэргийг хуулиар зохицуулж, илүү ойлгомжтой, тодорхой болгох шаардлага байна.
  1. Шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангах, шүүхийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудад зохих өөрчлөлт оруулахыг цаг хугацаа, нөхцөл байдал шаардаж байна. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 2002 оны хууль нь хэрэг, маргааныг хурдан, шуурхай, талуудад чирэгдэлгүй, шударгаар хянан шийдвэрлэх зохицуулалтгүй байгаагаас иргэдийн эрх зөрчигдөөд зогсохгүй, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Амьдрал дээр хохирлын асуудлыг шийдвэрлэсэн иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байх, түүнийг хэрэгжүүлэхгүй байх явдал нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх болон шүүхэд итгэх итгэлийг алдагдуулдаг. Иймд учирсан хохирлыг төр түргэн шуурхай төлж, буруутай этгээдээр эргүүлэн төлүүлдэг хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай.

Мөн гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн эрхийг хангах, түүнийг нөхөн сэргээх байдал хангалтгүй байгаа гэж өмнө нь хийсэн хүний эрхийн төлөв байдлын удаа дараагийн судалгаанд дүгнэжээ. Гэмт хэргийн улмаас учирсан амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол болон сэтгэл санааны хохирлыг бодитоор үнэлэх, тооцох аргачлалыг бий болгох, ялангуяа хууль бус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (баривчлагдсан, цагдан хоригдсон, эрүүдэн шүүгдсэн зэрэг)-ын улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Энэ хүрээнд гэмт хэрэг, зөрчлийн торгууль, хүүгийн орлого орон нутгийн төсвийн бус орлогод төвлөрч байгааг өөрчилж, хохирлын сан бий болгох, энэ сангаар дамжуулан гэмт хэргийн хохирогчид нөхөх олговор олгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд зарцуулах нь илүү дүнтэй байх болно. Үүний тулд Хохирлын сангийн тухай хууль, хохирлын үнэлгээг тогтоох эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй.

Хохирлын сан байгуулснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхээ хамгаалуулах өмгөөлөгчийн зардлыг төр хариуцахын хамт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч төлбөрийн чадваргүй иргэд үнэ төлбөргүй өмгөөлөгчөөр хангагдах эрхийг илүү хүртээмжтэй болгох нөхцөл бүрдэнэ.

Мөн шүүхээр гэм буруутай нь тогтоогоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр зарлах, хэргийн материалыг хууль бусаар задруулан нэр төрд нь халддаг асуудлыг таслан зогсоохын зэрэгцээ нууцаар мөрдөн шалгах ажиллагааг журмаар бус хуулиар зохицуулах ёстой. Аливаа хүний эрхийн халдашгүй эрх чөлөөг хязгаарлахдаа гагцхүү шүүхийн хяналт дор, нууцаар мөрдөн шалгах ажиллагааны зөвшөөрлийг шүүх өгдөг байх зохицуулалт илүү оновчтой гэж үзэж байна.

  1. Хүүхдийн ашиг сонирхлыг эн тэргүүнд анхаарч, ач холбогдол өгч байгаагаар улс орныг ирээдүй хойчийн эрхийг хэрхэн хамгаалж байгааг нягталдаг олон улсын хамтын нийгэмлэгийн туршлага бий.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд шинэчлэн баталсан хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийлэл буурахгүй байгаа нь Комиссоос энэ онд 21 аймгийг хамруулан  хамтарсан баг, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хийсэн дүн шинжилгээнээс харагдаж байна. ГБХТТ хуулиар үүрэг хүлээсэн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, харилцан мэдээлэл солилцох ажил дутмаг, хуулийг анхан шатанд хэрэгжүүлэх гол чиг үүрэг бүхий хамтарсан багуудад батлагдсан төсөв хангалтгүйгээс хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч буй нь гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байхад нөлөөлөх нэг шалтгаан болж байна. 2020 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 3 хүүхэд амь насаа алджээ.

Цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал тулгамдсан асуудал болж байгааг хэд хэдэн судалгааны тайланд онцолжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 онд хийсэн судалгаагаар тус судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн цахим орчинд өнгөрөөдөг дундаж хугацаа 4 цаг байгаа нь олон улсад зохимжтой гэж үздэг хугацаанаас 2 цагаар илүү байна. Цахим орчинд хүүхдийн эрхэд халдсан гэмт хэрэг 2012 онд 17 бүртгэгдсэн бол энэ тоо 2018 онд 279 болж өсжээ. Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв хүүхдийн цахим дарамттай холбоотой дуудлага 2016 онд 85 байсан бол 2018 онд 229 болж өсжээ.

Түүнчлэн бага, өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах цаг болжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр эмчлүүлэгчдийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байгаа нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал өсвөр үеийнхний тулгамдсан асуудлын нэг болсныг харуулж байна.

Хөдөлмөр эрхлэлт, боловсролын салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүмүүсийг ялгаварлан гадуурхах, тухайлбал сургуульд орох боломж хязгаарлагдмал, сурах бичиг хангалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгайлан бэлтгэсэн багш нар дутагдалтай, нийтэд зориулсан барилга байгууламж, тээврийн хэрэгсэлд нэвтрэх, орох боломж муу хангагдсан учраас хөгжлийн үр шимийг хүртэж чадахгүй байгааг олон төрлийн тайлан, илтгэлд дурджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахаас хамгаалах, мөн тэдний боловсрол, аж ахуй, хөдөлмөр эрхлэлт, нийтийн тээвэр болон барилга байгууламжид нэвтрэх боломжоор бүрэн хангахын  зэрэгцээ түгээмэл загвараар хүртээмжтэй болгох нь тэдэнд төдийгүй хүүхэд, ахмад настан, түр хугацаагаар өвдсөн, эмнэлэгт эмчлүүлж байгаа, хагалгааны дараах эмчилгээтэй хүн бүрт тустай билээ.

  1. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ хүртээмжгүй, боловсон хүчний мэргэшсэн байдал, төсөв хөрөнгө хязгаарлагдмал, өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажил хангалтгүй байгаагаас иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх зөрчигдөж байна. Нэг жишээ дурдья Монгол улсдаа ганц гэгдэх Түлэнхийн нөхөн сэргээх, түлэгдлийн эмгэгийг эмчлэх эмнэлгийн барилга 2011 онд Төрийн өмчийн хорооны тогтоолоор акталсанаас хойш өнөөдрийг хүртэл өөрийн байргүй 9 жил 7 сар болж байна. 1991 онд 140 ортой ажиллаж байсан тасаг өнөөдөр 35 ортойгоор ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл, согогийн 1 дүгээр тасгийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл өөр тасгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж тухайн тасагт хэвтэн эмчлүүлэх өвчтнүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх хязгаарлагдаж байна. Энэ тохиолдлын хохирогч нь хүүхдүүд  байгаа нь харамсалтай. Ямар ч үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ доголдох, хязгаарлагдах ёсгүй.

2020 оны байдлаар 15922 хүн нас барсанаас 5221 зүрх судасны тогтолцооны, 2136 хоол боловсруулах тогтолцооны, 1076 амьсгалын тогтолцооны өвчний улмаас, 4159 хавдарын улмаас, 2736 гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэгийн улмаас, 594 бусад шалтааны улмаас нас барсан байна. Үүнээс /0-1 насны 878, 1-4 насны 187, 5-14 насны 215 хүүхэд амиа алдсан харамсалтай тоо баримт байна.

Эрхэм хүндэт зочид оо  

Дэлхийн түүхэнд дахин нэг хар толбо үлдээж буй Ковид-19 цар тахал, асар хурдтай хийгдэж буй цахим шилжилт, өдөр ирэх тусам өөрчлөгдөж буй уур амьсгал хүн төрлөхтөнд шинэ сорилт, давааг бий болгож байна. Үүний зэрэгцээ цаг үеийн шаардлага, өнгөрсөн үеийн сургамж, өнөөдрийн үнэлгээ, дүгнэлтэд тулгуурлан, цаашид хүний эрхэд суурилсан бодлого боловсруулах, хувьсан өөрчлөгдөж буй цар тахлын дараах дэглэмд нийцсэн нийгэм, эдийн засгийн оновчтой арга хэмжээ авах, баялгын хуваарилалтыг шударгаар хийх шаардлагатай байна.

Мөн хүний эрхийг хангах үндэсний бодлогыг өмнөх хөтөлбөрийн үнэлгээнд суурилан шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын бодлого, тогтолцоогоо шинэчлэх, үр дүнтэй хүртээмжтэй болгох, Эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн шалгах хараат бус, бие даасан байгууллагыг байгуулах, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Хүний эрх хамгаалагчийн хороог бэхжүүлэх, хүний эрхийн хязгаарлалтад хараат бус хяналтыг нэмэгдүүлэх, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг соёлыг төлөвшүүлэх, цахим шилжилттэй холбоотой цугларч буй хувь хүний нууц, мэдээллийг хамгаалах, мэдээллийн эргэлтэд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь ойрын хугацаанд хийгдэх ажил гэж үзэж байна.

Хүний эрхийг хангах, хамгаалах ажил хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, Хүний эрхийн үндэсний байгууллага, нутгийн өөрөө удирдах болон төрийн удирдлагын байгууллага, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоо, үр дүнтэй хамтын ажиллагаанаас шалтгаална.

Хүн бүр хүний эрхийн соёлын тээгч байж, хүмүүнлэг иргэний нийгмийг бүгдээрээ хамтдаа бүтээцгээе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү