С.Энхболд: 2021 оны байдлаар 0-19 насны 115 хүүхэд хорт хавдраар өвчилж, 55 хүүхэд нас барсан


2022-06-08 10:06:58

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.07/ хуралдаан 10.10 цагт эхэлж, Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов.

ДЭМБ-ын харьяа Хорт хавдрын судалгааны агентлагийн 185 орныг хамруулсан 2020 оны статистик мэдээгээр жилд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж, үүний улмаас 9.9 сая хүн нас баржээ.

Сүүлийн хоёр жилд манай улсад хорт хавдрын өвчлөл 2020 онд 6702, 2021 онд 5981 бүртгэгдсэн бөгөөд зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7 хувь, ходоодны хорт хавдар 16.1 хувь, уушиг, гуурсан хоолойн хорт хавдар 7.5 хувь, улаан хоолойн хорт хавдар 5.7 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлсэн байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.  

Хорт хавдрын өвчлөлөөр элэгний хорт хавдар нэгдүгээрт, ходоодны хорт хавдар хоёрдугаарт орж байгаа бол хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт элэг орж, ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар удаалсан аж.

Дэлхийн улс орнуудад хорт хавдрын өвчлөл улам бүр ихсэх төлөвтэй байгаа боловч нас баралтын түвшин улс орон бүрийн авч буй арга хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байгаа юм байна. ДЭМБ-аас 2040 он гэхэд манай улсад хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 11,647-д хүрч, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өснө хэмээн тооцон таамаглажээ.

Хавдраас шалтгаалсан нас баралт 1990 оноос хойш нас баралтын хоёр дахь шалтгаан болсоор байгаа бөгөөд 56.1 хувь нь эрэгтэйчүүд, насны хувьд 40-өөс дээш насныхан 94.9 хувийг эзэлж байгаа аж.

Жилд шинээр оношлогдож буй хорт хавдрын 72,4 хувь нь хожуу буюу 3-4 дэх үе шат буюу төгс эмчлэгдэх боломж багассан үедээ оношлогдож байгаагаас нас баралтын түвшин өндөр байна хэмээн сайд хэллээ.

2021 оны байдлаар 0-19 насны 115 хүүхэд хорт хавдраар өвчилсөн бөгөөд 55 хүүхэд нас баржээ. 2021 оны жилийн эцсийн байдлаар 24,141 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байгаагийн 456 нь хүүхдүүд байна.

ДЭМБ-аас хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлсэнээр хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хувь бууруулах боломжтой хэмээн зөвлөжээ.

Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын өвчлөл болох умайн хүзүү, хөхний хавдрын чиглэлээр 2012 оноос эхлэн хүн амд суурилсан умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэг (скрининг)-ийг Монголын мянганы хөгжлийн сангийн санхүүжилтээр эхлүүлэн өнөөг хүртэл жил бүр зорилтот насны бүлгийн (30-60 нас) эмэгтэйчүүдийг гурван жилийн давтамжтайгаар хамруулж байгааг сайд С.Энхболд дурдсан.  

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар 2022 оны 5 дугаар сарын 1-ны өдрөөс эхлүүлээд байна. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой хэмээн сайд хэллээ.

2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 98,846 хүн хамрагдсанаас 56.1 хувь нь Улаанбаатар хотод, 43.9 хувь нь орон нутагт хамрагдсан байна

Цаашид хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж батлуулах,  Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээг Монгол улсын эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн бий болгож үр дүнтэй, зөв зохион байгуулагдсан тогтвортой хяналтын тогтолцоог “Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн нэгж”-д ажиллах эмч, мэргэжилтнүүдийн мэргэшүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байна хэмээн С.Энхболд сайд мэдээлсэн.

Мөн хавдрын эмчилгээний төвлөрлийг бууруулах, орон нутагт хийх чадамжийг сайжруулах цогц арга хэмжээ төлөвлөх, хүний нөөцийг чадавхжуулах, багаар тасралтгүй сургах үйл ажиллагааг дэмжих, хорт хавдрын оношилгоонд хэрэглэдэг молекул, генетикийн оношилгооны лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, хавдрын мэс засал эмчилгээг эрхтэн хадгалах (минималь инвазив), дурангаар хийх чиглэлд хөгжүүлэх, шаардлагатай багаж хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хорт хавдрыг эмчлүүлэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй болдог, энэ нь өрхийн орлогод хүндээр тусдагийг дурдаад, хорт хавдрын зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөгийг зарцуулж байгаа энэ үед эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаар, ус, эрүүл ахуйн асуудалд анхаарах шаардлагатай байгааг онцолсон. Тэрбээр урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, ард иргэдээс ирж буй хүсэлт, гомдол гээд энэ асуудлаар өргөн хүрээтэй ярилцаж, холбогдох газар, албан тушаалтнуудад чиглэл өгөх нь зүйтэй гэдгийг ч дурдаж байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, манай улс ямар төрлийн хавдрын мэс заслыг амжилттай хийж байгаа, эндээ эмчлэх боломжгүй гээд гадаад орныг зорьсон иргэдийн эмчилгээ хэр амжилттай болдог, оношилгоо гадны эмнэлгийнхтэй таардаг эсэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хэдий хэрийн хөрөнгө төсөвлөсөн талаар тодруулсан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хариулснаар, манай улс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгадаг байсан бол энэ жил 60.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэдийг насны бүлгээр зургаан хэсэгт хуваан 12-19 төрлийн шинжилгээ хийж байгаа бөгөөд долоон төрлийн хавдар оношлох, зонхилон тохиолддог зүрх, судасны өвчлөлөөс гадна цус, биохими, сахарын шинжилгээг оруулсан гэлээ. Эдгээр үзлэгээр ерөнхий үзүүлэлтийг тодорхойлох боломжтой бөгөөд ямар нэг эргэлзээтэй шинж тэмдэг илэрвэл нарийвчлан оношлох юм байна.

Хавдрын мэс заслын хувьд манай улсын эмч мэргэжилтнүүд сайн бэлтгэгдсэн гэж сайд хариулсан бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлснээр оношлох чадамж дээшилсэн гэлээ. Гэхдээ манай оронд цусны зарим төрлийн, тархины гүний хорт хавдар, зүрхний хавхлагын болон хүүхдийн зарим төрлийн хорт хавдрыг эмчлэх боломжгүй байгаа хэмээсэн. Шаардлагатай тоног төхөөрөмж, эмчилгээний аргыг нэвтрүүлснээр цаашид боломжууд нэмэгдэнэ гэдгийг ч мөн хэлсэн.

УИХ-ын гишүүд хорт хавдрын өвчлөл, оношилгоо, эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт болон бусад асуудлаар асууж тодруулан, үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Мөн энэ асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад Байнгын хорооны тогтоолоор чиглэл өгөх асуудлыг мөн хөндсөн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү