Хүүхэд багачууд зохиолч О.Сундуйн уран зохиолын ертөнцөөр аялав


2022-11-14 10:21:01

“Хүүхдийн” гэх тодотголтой зохиол бүтээлээрээ уншигчиддаа танил болсон Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Алтан-Өд” наадмын шагналт зохиолч, яруу найрагч О.Сундуйн уран бүтээлийг Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн хүүхэд багачууд уншиж амиллууллаа.

Тэрбээр “Нисдэг хулгана Чинүүхэй” болон бусад хүүхдийн номуудаараа оролцож, хүүхэд багачуудтай уулзан ярилцаж, шинэ номын дээжээсээ хүүхдүүдэд бэлэглэн нэг өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүлсэн юм. Мөн түүний зохиосон хүүхэд багачуудын хэдийнээ дуулах дуртай болсон дуунуудыг нь ч дуулж бүжиглэж байлаа. Энэ үеэр О.Сундуйн зохиол “Хамгийн хөөрхөн охин” жүжгийг 30 жилийн дараа Монголын хүүхдийн ордны тайзнаа тавих гэж байгааг дуулгалаа.

Жүжгийн хөгжмийг Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд зохиосон бөгөөд энэ үеэр нотыг гардуулан өгөв. Дашрамд дурдахад 30 жилийн өмнө 1992 онд хүүхдийн зохиолч О.Сундуй “Долоон хожгор, нэг можгор” дуулалт жүжгийн цомнолыг бичиж тайзнаа тавьж байсан юм.

Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүүхэд бүр унших дуртай зохиолыг нь бичсэн эрхэм хүүхдийн зохиолчтой уулзан, хамтдаа дурсгалын зураг татуулж, гарын үсэгтэй ном бэлгэнд авч, нэгэн өдрийг хөгжилтэй, дурсамжтайгаар уран зохиолын ертөнцөөр аялсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү