Эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагыг чангатгая


2020-12-03 17:06:42

Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд 20 гаруй хонож байна. Дотоодод халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэг, албан байгууллагын үйл ажиллагааг зогсоож, хөл хорио тогтоож, өнөөдрийг хүрсэн хугацаа.

Эрүүл мэндийн яам, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчдаас гадна өдөр шөнийг үл ажран ажиллаж байгаа байгууллага нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилчид. 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлж байна.  

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдөр буюу 2020.11.11-12-нд хүүхэд хамгааллын 108 дугаарт 383 дуудлага мэдээлэл ирсэн байдаг. Үүнээс хүүхэд хамгааллын 88 мэдээлэл ирсэн бол хүүхдийн зөрчилтэй холбоотой 5 гомдол бүртгэгджээ. Мөн хугацаанд хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээг 1 хүүхдэд үзүүлсэн тоон мэдээтэй. Түр хамгаалах байранд 86 хүүхэд, насанд хүрсэн 4 хүн байв.

Эл өдрөөс хойш энэхүү тоон мэдээлэл өссөн үзүүлэлттэй. Өдөрт 300-400 дуудлага мэдээлэл ирэх болсон бөгөөд өчигдрийн байдлаар түр хамгаалах байранд 109 хүүхэд, насанд хүрсэн 31 хүн байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлээрээ гэртээ байхын хэрээр хүүхдийн аюулгүй байдал зөрчигдөж, гэр бүлийн хүчирхийллийн тоо өссөн үзүүлэлтийг харж болно.  

Хөл хорио тогтоосноос хойш 7 хоногт бага насны хүүхдүүдээ үл хайхран ахуйн хүрээнд архидан согтуурсан тохиолдол цөөнгүй гарсныг цагдаагийн байгууллагын тоон мэдээллээс харж болно. Ганцхан жишээ татахад, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас 3-4 хүүхэдтэй 5 гэр бүлийг илрүүлж хүүхдүүд, өндөр настныг түр хамгаалах байранд тусгаарлаж хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байдаг. Сүүлийн үед хоол тэжээлийн дутагдлын талаарх дуудлага мэдээлэл ч өсөх хандлагатай болжээ. Хэдийгээр төрөөс зорилтот бүлэгт чиглэсэн хүнсний талон, хүүхдийн мөнгө, тусламж дэмжлэг үзүүлж байгаа ч хоол тэжээлийн дутагдлын дуудлага буурсангүй.

Хөл хорионы үеийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Оны эхэнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсооход мөн хамгийн ихээр хохирсон нь хүүхэд. Боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд хохирохын зэрэгцээ цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрүүлэх нь нэмэгдэв. “Хөл хорионы үеэр хүүхдүүдийн цахим хэрэглээ эрс нэмэгдсэн. Олонх нь гэртээ ганцаараа, эсвэл ах, дүүтэйгээ үлдэж, цахим орчинд өдрийг өнгөрөөх болсон. Үүний уршгаар хүүхдүүд дэлгэцэд донтож, ганцаардмал, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, амьд харилцаанаас татгалзсан, сэтгэл санааны гутралтай болох нь бий” хэмээн сэтгэлзүйч хэлж байсан юм.

Үнэндээ ааш аяг нь “эвдэрсэн” хүүхэд цөөнгүй бий болсныг хэн хүнгүй мэднэ. Үүний хажуугаар хоолтой, хоолгүй өдрүүд үргэлжилнэ. Сургуулийн үдийн цайгаар өдрийн хоолоо болгодог цөөнгүй хүүхэд бий. “Ковид-19”-ийн улмаас өдгөө 20.000 өрх эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа гэвэл 30.000 орчим  хүүхэд хоол тэжээлийн болон сэтгэл зүйн хямралд өртсөнийг холбогдох байгууллагууд судалж, тогтоосон.

Тухайн үед ахуйн хүрээний архидалд өмнөх оны мөн үеэс 30-40 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарч  байв. Мөн хөл хорионы үеэр олон хүүхэд золгүй ослоор хорвоог орхисон нь эмгэнэлтэй.

Энэ удаад архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон ч ахуйн архидалт тэг зогсолт хийсэнгүй. Өдөрт 70-80, зарим тохиолдолд 100 гаруй хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг саатуулсан хэвээр. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ч тасарсангүй. Өчигдөр гэхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 59 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллага бүртгэгджээ.

Гэр бүлийн хүчирхийллийн эцсийн хохирогч нь мөн хүүхэд. Салалт, хүчирхийлэл, үл хайхрах, заналхийлэл гээд бяцхан тархинд нь дааж давшгүй зовлон, хар толбо болон хуримтлагддаг.

Хэдийгээр хөл хориогоор хүүхдийг элдэв халдварт өвчнөөс сэргийлж чадаж байгаа ч хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй өвчин эмгэгтэй болох дархлаа муудаж, мэдрэлийн ядаргаанд орохоос гадна жингийн илүүдэл, таргалалттай болох өндөр эрсдэлтэй байгаа юм. Мөн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл.

Хэдийгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлж байгаа ч хүний нөөцийн хувьд учир дутагдалтай. Дээр нь хаалттай хаалганы цаадах амьдралыг тэр бүр мэдэх боломжгүй. Иймээс хөршийн холбоог сайжруулах, эцэг, эхийн хариуцлагыг чангатгах нь чухал юм. Чухамдаа хүүхдийнхээ амьд байх, эрүүл амьдрах үндсэн эрхийг зөрчсөн эцэг, эхэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болъё. Төрүүлж, өсгөснөө их юманд санаж, өөдөсхөн үрээ загнаж, зандрах, гар хүрэхээ байх ёстой зүйл мэтээр ойлгодог зарим нэгэнд төрийн хуулиар ухамсарын шанааг хатуухан өгье.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн ч эцэг, эхэд хүлээлгэх хариуцлага сул байна. Хүүхдийнхээ өмнө хүлээх үүргийг нь ухамсарлуулж, хуулиар хүүхдийг нь хамгаалж байдгийг хатуухан сануулья. Тэгж байж хамтран амьдрагчийнхаа хүүхдийг ад шоо үзэж, гарын чилээгээ гаргахгүй, айлгаж, ичээлгээд байх нь цөөрөх биз. Цаашлаад хайхрамжгүй, завгүй эцэг, эхийн буруугаас хүүхэд эрүүл мэнд, амь насаа алдах тоон үзүүлэлт буурах болов уу. Эс бөгөөс харгислалын золиос болсон бяцхан зүрх бүрийн араас хэдэн өдөр шуугиж, гэрэлт зул өргөсөн өдрүүд үргэлжилсээр байх биз.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү