АТГ: Ерөнхий сайдын дүүг шалгаж байгаа


2018-12-25 12:25:55

АТГ-аас уламжлалт мэдээллээ хийв. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцсон. 2018 онд АТГ орон нутагт ажиллахад нийт 264 зөрчил илэрсэн. Зөрчлийн дагуу нийт 130 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг  сахилгын шийтгэл ногдуулсан. Зарим зөрчилд газар дээр нь холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ихэвчлэн өөрийн болон хамаарал бүхий этгээдтэйгээ холбоотой тушаал, шийдвэр гаргасан, ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн, ХАСУМ  хянуулаагүй томилогдсон зэрэг зөрчил гарч байгаа.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн хэргийн шалгалтын явц аль шатандаа явж байна вэ?

ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнууд болон нөлөө бүхий хүмүүс  зээл авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогтоод мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 100 гаруй тэрбум төгрөгийн хэргийг нэг бүрчлэн шалгаж байгаа учраас цаг хугацаа их зарцуулагдахаар байна. Манайх бүх албан хаагчдаа дайчилж ажиллаж байгаа. Мөн цагдаа нартай хамтран шалгаж байна. Хэргийг шийдвэрлэх мөчид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдын дүүг ЖДҮХС-аас зээл авсан баримтыг дэлгэсэн. Энэ хэргийг шалгаж байгаа юу?

Энэ мэдээлэл нийтэд цацагдсан. Ерөнхий сайд дүүгээ уг асуудалд нэр холбогдсон бол шалгуулаарай гэсэн гэж хэлсэн. Уг хэргийг шалгаж байгаа.

Хөгжлийн банкны хэргийг прокурорт шилжүүлсэн гэл үү.  Сангийн сайд асан Н.Батбаярыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа? 

20 орчим дугаар бүхий хэргийг шалгаад прокурорт шилжүүлсэн. Прокуророос шүүхэд шилжсэн.

Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой авлигын хэргийг шалгах үйл явц юу болж байна вэ. 1.3 сая ам.долларыг буцааж өгсөн гэж үнэн үү? 

Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг авахын тулд нэр бүхий албан тушаалтнуудад 1.3 сая ам.долларын авлига өгсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 1.3 сая ам.долларыг буцааж өгсөн гэдэг нь худал мэдээлэл. Мөрдөн шалгах ажиллагаа эцэслэн шийдэгдээгүй байхад мөнгийг буцааж өгөхгүй шүү дээ. Шалгагдаж буй хүмүүсийг саатуулсан ч шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

БОАЖ-ын яамны газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Г.Нямдаваа хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байна. Агаарын бохирдлыг бууруулах хөрөнгийг хэрхэн зарцуулсныг шалгаж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байна.

“Стандарт банк”-тай холбоотой хэрэг аль шатандаа явна?

“Стандарт” банктай холбоотой хэргийг шалгаж дууссан. Өнөө, маргаашгүй прокурор руу шилжүүлнэ. Хэрэгт холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүдийг шалгаж байна. Нэр бүхий гэрчүүдийг цуглуулж байна.

“60 тэрбум-ын хэргийг шалгаж байгаа юу?

Тагнуулын байгууллага шалгаж байгаа. Аливаа байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа руу хөндлөнгөөс оролцож болохгүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү