Д.Дорлигжав: Т.Ганболдыг шударга үнэнд гүйцэгдээд гараа өргөтөл явна


2019-01-11 10:58:19

Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд нарын хооронд тодорхой хэмжээний авлигын асуудал яригдаж, маргаан дагуулаад байгаа. Т.Ганболдын энэ ярианаас болоод Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг нэг сараар саатуулан шалгаж байгаа билээ.

Тэгвэл тэрбээр Т.Ганболдын ярианд хэрхэн тайлбар хийсэн талаарх “Eagle” телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаатай хийсэн ярилцлагыг уншигчдад хүргэж байна.

-Алтан Дорнод Монгол компаний захирал Т.Ганболд таныг дарамталж байгаад авлига авсан хэмээн ярьсан. Үүнд тайлбар өгөөч?

- Мэдээж ийм асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийгээд орь дуу тавьдаг л даа. Гэхдээ орилохдоо хүртэл учиртай байх ёстой. Би их гайхсан. Яагаад энэ хүн ор үндэслэлгүйгээр ямар шалтгаан, зорилготойгоор гүтгэж байгаа юм гэж бодсон. Тэгээд энэ хүний хэлсэн ор үндэсгүй үгийг няцаах нотлох баримтыг үзүүлж байж гаръя гэж бодсон. Түүнээс бус би огт ийм зүйл хийгээгүй гээд байвал хүмүүс итгэх үү үгүй юу гэдэг асуудал бий. Тиймээс жаахан цаг алдлаа. Мөн хуулийн байгууллагынхан жаахан байзнаж бай гэсэн юм. Харин энэ Тордойн Ганболд гэдэг хүн ийм гүтгэлэг тараах болсон цаад зорилгыг ойлгохгүй байна. Үнэндээ дөрвөн сая ам.долларын түүх ингэж эхэлдэг.

“Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Паушок гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлөхгүй, би гадаадын хөрөнгө оруулагч гэсэн маргааныг Олон улсын Арбитрын шүүх дээр үүсгэсэн байдаг  юм. Арбитрын шүүхээс “Алтан Дорнод Монгол” компани тогтвортой байдлын гэрээгүй учраас төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Ингээд  Паушок Эрдэнэт үйлдвэрийн орлогч байсан Ч.Бямбааг захирлаар томилоод  менежментийн гэрээгээр миний үйлдвэрийг ажиллуулаад Монголын Засгийн газрын өрийг төл гэсэн байдаг юм. Ингээд компанийг нь ажиллуулж өгөөгүй, хуучин бүх техник хэрэгслийг нь лацдаад ажиллуулахгүй байсан. Эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгочихоод байхад хүртэл нээж өгөөгүй. Энэ нь алтны компаниудыг авах гэсэн нөхрийн сонирхол байсан юм билээ.

Эцэст нь Паушок Монголд юм хийж болохгүй юм байна гээд компаниа зарахаар шийдсэн юм билээ. Яагаад байна лээ гээд байгаа юм гэхээр энэ асуудалд нэр нь холбогдоод байгаа манай дүү Д.Баатар зээл авахаар “Голомт” банк дээр өргөдөл гаргаад хөөцөлдөж явсан. Тэр нь юу вэ гэхээр “Рекат” гэдэг компани байгуулаад Голомт дээр очиход “Голомт” банкны захирал Д.Баясгалан Паушок компаниа зарна гэж байна. Манай банк Паушокоос асар их авлагатай учир чи компанийг нь худалдаад авчихаач. Чамайг энэ компанийг худалдаж авбал зээл өгье. Өөрөөр бол зээл өгөхгүй гэсэн байдаг.  Ингээд манай дүү болоод Ч.Бямбаа нар Москва яваад Паушоктой очиж уулзаад худалдан авах гэрээ, төлбөрийн график зэргийг байгуулсан байгаа юм. Паушок нэн яаралтай хамгийн түрүүнд хоёр сая ам.доллар төл гэсэн байдаг. Ингээд манай дүү “Голомт”-оос зээлсэн зээлээсээ хоёр сая ам.доллар төлсөн. Гэтэл гэнэт Д.Баясгалан зээл өгөхөө болилоо гээд зээлээ зогсоогоод “Нөгөө Паушокийн компанийг чинь бэлэн мөнгөөр худалдаад авах хүн олдлоо” гэсэн байгаа юм. Тэр хүн нь энэ Т.Ганболд. Ингээд банк зээлээ зогсоосон учраас манай дүү Д.Баатар, Голомтын захирал Д.Баясгалан Т.Ганболд гурав байгаад ярилцсан байгаа юм. Манай дүү Паушокт урьдчилаад хоёр сая ам.доллар төлчихсөн байгаа. Тэр мөнгийг эргүүлээд миний данс руу хийгээд Голомтоос авсан зээлээ төлье гэсэн тохироог хийсэн байдаг юм. Энэ тохирооны дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар хоорондын тооцоо гэж орж ирээд “Голомт” банк руу шилжүүлсэн байна. Тэгээд тэр өдрөө зээлийн эргэн төлбөр гэж гарсан бичиг байдаг. Ингээд манай дүү Голомт банкны зээлээ төлөөд тооцоогоо дуусгасан байдаг юм. Т.Ганболдын хэлээд байгаа дөрвөн сая ам.долларын хоёр сая нь энэ юм.

-Зээлсэн мөнгөө эргүүлээд өгсөн байх нь тийм үү?

-Тийм ээ. Тэгээд манай дүү сарын дараа дансаа шалгасан чинь дахиад Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар ороод гарсан байдаг. Тэгээд дүү Голомт руу манай компанийн данснаас миний мэдэхгүй юун хоёр сая ам.доллар ороод гарсан юм бэ гэсэн бичиг явуулсан. Энэ чинь банкны дүрэм журмыг зөрчих гэж байна шүү дээ гэсэн бичиг өгсөн. Ингээд Голомт банкныхан шалгаж үзээд эргүүлээд дүүд нэг бичиг өгсөн байгаа юм.

Тэр нь Т.Ганболдын “PIONEERING” гэдэг компаниас “Рекат Монгол” компани руу арваннэгдүгээр сарын 08-ны өдөр хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн тул буцаан татжээ” гэсэн бичиг ирсэн. Мөн Т.Ганболдын компаниас “Д.Баатарын компанийн данс руу хоёр сая ам.доллар андуураад хийчихлээ. Манай мөнгийг “Голомт” банкны энэ данс руу эргүүлэн хийнэ үү” ч гэсэн бичиг нь байна. Энэ бичгийн дагуу эргүүлэн хийсэн. Тэгэхээр эхний хоёр сая ам.доллар нь хоорондын тооцоо, үлдсэн нь андуурсан гээд байгаа гүйлгээний бичиг нь байгаа юм шүү. Т.Ганболд их шорон санаатай хүн. Андуурч биш зориуд мөнгө оруулж гаргасан болж таараад байна. Эсвэл энэ хүн намайг оролдож шуугиан дэгдээгээд байгаа юм.

-Яагаад энэ хүн баримт нь байхад  таныг гүтгээд байгаа юм бол?

-Намайг Ерөнхий прокурор байхад Тордойн Ганболд Эрүүгийн маш ноцтой гэмт хэрэгт шалгагдаж байсан. Шалгагдаж байх хугацаандаа надтай холбоо тогтоохыг олон удаа оролдсон. Сайн дүү чинь больё гэсэн санал ч тавьж байсан. хэргийг нь шалгаж байгаа хүнтэй би юу гэж холбоо тогтоох вэ дээ. Яг үнэндээ Т.Ганболд гэдэг энэ хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Гар ч барьж үзээгүй. Телевиз сониноос л харж байсан. Гэтэл намайг дарамталж байгаад мөнгө авсан гэж гүтгээд байдаг. Төрийн алба хашиж явсан хүнийг ингэж зоригтойгоор гүтгэж байгаа хүний ард өөгшүүлж байгаа хүмүүс байгаа байх. Мөн хувийн жаахан өш хонзон байдаг байх. Луйварчин энэ улсууд төрийн арчаагүй байдлыг ашиглаж байна.

Буруугүй хүнээ хамгаалдаг төр алга байна. Харин хоёр гурван бүлэг болж байгаад хэн нэгнийгээ буруутгахын төлөө явж байна уу гэхээс хамгаалдаг төр алга болжээ. Тэгэхээр ийм сиймхийг ашиглаж байгаа хүн байна. Т.Ганболд бол их ноцтой хэрэгт холбогдож байсан. Өөрийнх нь ярьж байгаагаар бол 27 сая төгрөгийн татварын өрөнд баахан хоригдсон ухааны юм ярьж байна лээ. Тэгээд надад дөрвөн сая ам.долларын хахууль өгсөн ч юм шиг, тэрийг нь би өөрийнхөө дансанд авчихсан ч юм шиг авцалдаагүй юм ярьж байна лээ. Хүмүүс их цочирдож хүлээж авсан.

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн Ерөнхий захирал байхдаа нэг эмэгтэйг их хэмжээний мөнгөөр хохироосон гэх Эрүүгийн хэрэг бий. Мөн өөрийн авга ах УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлийн хүүгийн нэр дээр Гонконгт компани байгуулаад Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй ган бөмбөлөг худалдан авах гэрээ байгуулаад Эрдэнэтэд өндөр үнээр шахсан хэрэг байдаг. 1-3 сая ам.долларын зөрүү ашиг гарган улсын үйлдвэрийг хохироосон баримт бий. Тэгэхээр нэг ёсондоо өөрийнхөө дүүг аваачиж гадаадын компани байгуулж байгаад  гадаадын компанитай гэрээ хийсэн нэр зүүж байгаад хямд үнэтэй ган шааригийг өндөр үнэтэй шахаж улсын үйлдвэрийг хохироосон байгаа юм. Маш ноцтой хэрэг байсан. энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон байна лээ. Манай нөхдүүдийн ажлын алдаа л гэж бодож байна.

-Дөрвөн сая ам.долларын хэрэг дөрвөн жилийн өмнө ч яригдаж байсан. Та тэр үед яагаад дуугарахгүй байсан юм бэ?

-Тухайн үед хууль зүйн сайд байхдаа АТГ-д гомдол гаргаж байсан. News.mn дээр анх олон нийтэд түгээж байсан.  АТГ-д хандаж байхад яагаад ч юм Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлсэн байдаг юм. Ингээд явж байтал сонгууль болоод хариу өгөлгүй энэ хэрэг өнгөрсөн байдаг юм. Тэгээд сая би очиж байцаагдахдаа дахин гомдол гаргасан. Шинэ Эрүүгийн хуулиар хүнийг гүтгэх доромжлоход ялгүй болгочихсон. Би Хууль зүйн сайд байхдаа нэлээн л зүтгэсэн. Хувь хүн гүтгүүлэхэд том хохирол гарна. Амь насаа ч алдах тохиолдол байна гэж байсан. Тиймээс энэ бол эрүүгийн ялтай байх ёстой гэж хэлээд ядсан. Одоо энэ хүн Зөрчлийн хуулиар хэдэн төгрөгөөр торгуулиад өнгөрнө гэж бодож байгаа байх. Би үүнийг зүгээр өнгөрөөхгүй. Монгол Улсын иргэний хувиар нэр төрөө сэргээлгэнэ. Гэхдээ дөрвөн сая ам.доллараар үнэлнэ. Т.Ганболдыг шударга үнэнд гүйцэгдээд гараа өргөтөл явна.

-Энэ бүхний цаана улс төр байна уу. Т.Ганболд гэдэг хүн аль намын хүн бэ?

-Наадах чинь их сонин хүн шүү дээ. МАН-ын гишүүн гээд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал болсон. Ер нь эрх мэдэлтэй хүнтэй очоод л наалдчихдаг юм. Дараа нь манай Н.Алтанхуягтай сүрхий байж байгаад л З.Энхболдыг УИХ-ын дарга болоход салахаа больсон. Тэгээд Архангайн хэн билээ дээ, Ж.Мөнхбат билүү. Хэрэг эрхлэх газрын даргын араас гүйгээд байсан. Юу ч хийж мэдэх этгээд. Аз болж би энэ хүнтэй ойртоогүй. Ойртох гэж их оролдсон.

-Та энэ хүнтэй уулзаж байгаагүй юу?

-Үгүй. Амьдралдаа нэг удаа ч уулзаж байгаагүй.

-Т.Ганболд таныг гүтгэснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Та шүүхэд гомдол гаргаж өргөдөл өгсөн юм уу?

-Би одоо гомдол гаргаж өргөдөл өгнө. Энэ нөхрийн хаяг нь олдож өгөхгүй юм. Гэрийн хаяг нь олдохгүй хугацаа алдчихлаа. Болохгүй бол компанийнх нь хаягаар нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргана. Дөрвөн сая ам.доллар нэхнэ. Энэ хүн ийм хэмжээгээр намайг гүтгэсэн учраас ийм хэмжээгээр нэр төрөө сэргээлгэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Hohi chin 2019-01-13 08:54:33-д бичсэн холбогдсон IP хаяг: 64.119.21.173
Garaa gavluultal yavaa