Н.Чадраабал: Хар авдарт ном, хазгар хөгшинд эрдэм бий гэдэг дээ


2019-01-13 14:33:48

Өнөө цагт улс төрийн намд гишүүнчлэлгүй, тэндээс дэмжлэггүй, эсвэл “сайн ах”-ын багт багтаагүй л бол төрд ажиллах боломжгүй, төрийн албанд карьер өсгөх нь мөрөөдөл болжээ. Нийгэмд хавтгайрсан, хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү гаж үзэгдлийг сөрж амьдарсан, 40 гаруй жил дандаа өндөр албан тушаал хашиж явсан нэгэн эрхэмтэй уулзлаа. Тэр бол Сэлэнгэ аймаг, Багануур, Налайх, Улаанбаатар хотын шүүх, Сүхбаатар, Баянгол дүүргийн шүүхүүдэд шүүгч, шүүхийн дарга, Ерөнхий шүүгчийн албан тушаалд 25 жил ажиллаж улмаар Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны гишүүн бөгөөд анхдугаар хуралдааныг даргалаж явсан, хожим Төрийн албаны зөвлөлийг анх байгуулагдахад нь орон тооны гишүүнээр томилогдон тулгын чулууг нь өрөлцөж 14 жил шахам хугацаанд төрийн өндөр албан тушаал хашсан Н.Чадраабал юм. Монголын төрд насаараа зүтгэсэн Н.Чадраабал гуай тэтгэвэртээ гараад ч зүгээр суулгүй нийгмийн төлөө зүтгэж “Шударга төрийн төлөө” ТББ байгуулан дэргэдээ “Мэргэн түшээ” сургалтын төв ажлуулж, хуульчийн сонгон шалгаруулалт болон төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад бэлтгэгчдэд зориулсан сургалт зохион байгуулж олон мянган хүнийг хоолонд нь хүргэхэд хөтөлсөн буянтай үйл хийж яваа хүн юм байна. Хамгийн онцлог нь, Н.Чадраабал гуай Монгол төрд хариуцлагатай албан тушаалыг хашихдаа улс төрийн ямарч намд хамааралгүй явж иржээ.  Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Таны тэргүүлдэгШударга төрийн төлөөТББ ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Чиг үүрэг, зорилго, ажлынхаа үр дүнгээсярилцлагаа эхлэх үү?

-Бидний хэсэг нөхөд анх 2007 онд энэ байгууллагыг албан ёсоор байгуулж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан юм. Тухайн үед би төрд алба хашиж байсан учраас үндсэн ажилдаа зүтгэж байсан л даа. Харин 2009 онд тэтгэвэрт гарсанаас хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Манай төрийн бус байгууллагын зорилго бол Монгол төрийн нэр хүндийг өргөхөд дэмжлэг үзүүлж, чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, шударга бус явдал гаргуулахгүй байх, ард түмэнд үйлчлэх зорилгоо ханган биелүүлэхэд нь төрд туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн юм. Энэ хүрээнд бид нэлээд ажил хийсэн шүү. Тухайлбал 2009 оноос хойш төрийн бус байгууллагаа түшиглэж “Мэргэн түшээ” нэртэй сургалтын төв байгуулан ажиллаж төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор захиалгат сургалт явуулах, төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтад бэлтгэгчдэд зориулсан сургалт хийх, хуульчийн сонгон шалгаруулалтад бэлтгэгчид зориулсан сургалт явуулах зэрэг үйл ажиллагааг тогтмол эрхэлж олон мянган хүнийг төрд бэлтгэсэн юм. Ер нь манай төв энэ үйл ажиллагаагаараа олон түмэнд танигдаж зохих ёсоор үнэлэгдсэн. Ялангуяа мэргэшсэн албан хаагч төрд бэлтгэх чиглэлээр туршлагажиж цагийн болон апплекэйшн,онлайн, /зайны/,танхимын, вакум, зэрэг хэлбэрээр төрийн жинхэнэ албанд анх орж буй хүмүүс, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудад зориулан явуулж байгаа сургалтууд маань эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Төрд мэргэшсэн албан хаагч бэлтгэж хүмүүсийг хоолоо олж идэх замд нь хөтлөх энэ буянтай үйлсийг хийж байгаадаа бид ч бахархалтай ханддаг. Мөн төр засгийн бодлого шийдвэртэй холбоотой асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд дөрвөн ч удаа мэдээлэл өгсөн, одоо ч хянагдаж буй маргаан бий л дээ.

Үүний зэрэгцээ өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлж ээдрээ маргаантай олон хэрэгт оролцож хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль ёсыг чанд сахиулах чиглэлээр ажиллаж байна.

-Нийгмийн тусын тулд өмгөөлөл явуулж төр засгийн бодлогод нөлөөлсөн тохиолдол байгаа болов уу?

-Өмгөөлөлийн үйл ажиллагаа ихэвчлэн тодорхой хэрэг маргаан дээр явагдаж хувь хүний эрх ашгийг хамгаалах чиглэлтэй байдаг. Гэвч стратегийн өмгөөлөл гэж бас бий. Төрийн хууль тогтоомжийн алдаатай шийдвэрийн мөр дээр хүний эрх хохирсон тохиолдол ч гардаг юм. Ганц жишээ дурдахад 2013-2015 онуудад Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн тогтоол болон Нийслэлийн засаг даргын захирамжаар авто машины дугуй түгжих, зам таглаж зогссон авто машиныг ачих зэргээр зөрчил гаргасан гэх үндэслэлээр 14 мянга гаруй иргэнээс  нэг тэрбум гаруй төгрөгийн торгууль хураамж хууль бусаар хураан авч байсныг нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлж гурван шатны шүүхээр дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгуулж байлаа. Дээрх байгууллага албан тушаалтнууд хуулиар олгогдоогүй эрх эдлэж ийм хууль бус шийдвэр гаргасан байна гэдгийг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүд тогтоосон боловч харамсалтай нь тухайн үед хохирсон иргэд торгуулийн мөнгөө буцааж авч чадаагүй юм. Харин үүний мөр дээр УИХ 2016 онд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль”-ийг батлахдаа орон нутгийн хурал, захиргааны байгууллагад энэхүү \машин ачиж журамлах\ эрхийг олгох зохицуулалт хийсэн юм.

-Тухайн үед Нийслэлийн Иргэдийн Хурал, Засаг дарга нар хуулиар олгогдоогүй эрх эдэлсэн шийдвэр гаргасан нь нэгэнт тогтоогдчихсон юм бол яагаад иргэдийн хохирол арилаагүй юм бол?

 -Өөрсдийн хууль бус шийдвэрийг зөвтгөж хамгаалсан хүмүүс бидний шийдвэр буруу байж май гээд үндэсгүй төлсөн торгуулийн мөнгө буцаагаад ав гээд сайн дураараа өгөхгүй шүү дээ. Тэгэхлээр торгууль төлсөн хүмүүс нэгдэж шүүхэд дахин хандаж байж хүн нэг бүр хохирлоо арилгуулах учиртай. Эдгээр 14 мянга гаруй иргэн үндэслэлгүй төлсөн 70 мянган төгрөг, 20 мянган төгрөгөө нэхэж шүүхэд хандаж чадаагүй учраас өнөөх нэг тэрбум гаруй төгрөг нь Нийслэлийн Засаг дарга болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн орлого болоод л өнгөрсөн дөө.

-Танай төрийн бус байгууллага санаачилаад шүүхээр хөөцөлдөж болдоггүй юмуу. Ажил хийвэл дуустал гэдэг биз дээ?

-Уг нь хохирсон иргэдийг нэгтгэж байгаад тэдний нэрийн өмнөөс шүүхээр дахин хөөцөлдөж болох байсан. Гэвч машиныхаа дугуйг түгжүүлж 20 мянган төгрөг, машинаа ачуулж 70 мянган төгрөгийн торгууль төлсөн тэдгээр хүмүүсийг нэ-“гтгэхэд зардал чирэгдэл ихтэйн дээр манайхан өөрсдөө хэнэггүйрхээд хөөцөлдөхөөс төвөгшөөх байсан биз. Шударга ёсны үүднээс бол нэг тэрбум гаруй төгрөгийг хууль бус эзэмшлээс нь салгаж аваад хүүхдийн цэцэрлэг, авто машины зогсоол ч барьчих боломж байсан л юм. Хэрэв бид дагнаж хөөцөлдвөл шүүх тэмдэгтийн хураамж гэж баахан мөнгө нэхэхээс гадна чиний эрх ашиг хохироогүй байна гээд нэхэмжлэлийг хүлээж авахгүй шүү дээ. Харин 2017 оны 9 дүгээр сарын 1нээс мөрдөгдсөн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-иар нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр Төрийн бус байгууллага захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн орчин бүрдсэн байх. Гэвч одоо бол хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн.

-Та сургалт явуулаад төрд чадвартай боловсон хүчин бэлтгэж тус болж байна гээд байдаг. Гэтэл энэ төрийн хүний нөөцийн бодлого бүрэн алдагдаж төр нь дампуураад байгаа юм биш үү? Тэгэхээр таны ажлын үр дүн харагдахгүй л байна даа. Харин ч бүр эсэргээрээ авлига хээл хахууль цэцэглэж сахилга дэг журам нь  сулраад нийгмийн бухимдал дэврээд байна. Та үүнийг юутай холбож үзэх вэ?

-Чухам би энүүнд л эмзэглэж явдаг хүн. Үүнийг засах талаар дэмжлэг үзүүлэх зорилгоор л Төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид олон мянган чадварлаг залуучуудад төрийн хэргийг хөтлөх дадлага эзэмшүүлэн сонгон шалгаруулалтад оруулж тэнцүүлэн тодорхой албан тушаалд томилогдох замыг нь нээж өгсөн. Харамсалтай нь улс төрийн сонгууль бүрийн дараа төрийн алба бужигнаж дарга удирдлага нь солигдмогц төрийн мэргэшсэн албан хаагчдаа хомроглон халж, ажлын дөр суусан хүмүүсээ гудамжинд гаргачихаад, нэг хүний хийж болоод байсан ажлыг 2-3 хүнд хувааж өгч туршлагагүй хүмүүсээр байгууллагаа дүүргээд бүтцээ данхайлгаж төрийн нэр хүндийг улам унагаад байх юм. Би томилгоо хийх эрх бүхий албан тушаалтан биш учраас хүмүүсийн хувь заяаны төлөө хариуцлага хүлээхгүй нь ойлгомжтой. Гэвч Монголын төрд чөмгөө дундартал зүтгэсэн ахмад хүний хувьд ийм бусармаг явдлыг дуугай хараад сууж тэвчдэггүй юм. Энэ асуудлаар төр засгийн удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа хандсан боловч адлагдахаас өөр ашиг гарахгүй байна.

-Та чинь өөрөө төрийн төв байгууллага болох Төрийн албаны зөвлөлд олон жил ажиллаж тулгын чулууг нь тавилцсан хүн гэсэн. Тэгэхээр энэ үйл ажиллагааны эхлэлийг тавилцсан хүний нэг мөн биз дээ?

-Би шүүхэд 25 жил ажиллаад 1995 онд Төрийн албаны зөвлөл анх байгуулагдахад нь УИХ-ийн томилгоогоор орон тооны гишүүнээр 14 жил шахам ажилласан юм. Тэр үед төрийн албанд 126 мянган албан хаагч ажиллаж байсан юм. Тэгтэл өнөөдөр 192 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна гэсэн тоо баримт байна. Үүнд ялгаа байгаа биз. Энэ ч бас худлаа тоо шүү дээ. Төрийн байгууллагуудад буй гэрээт ажилтан орон тооны бус албан тушаалтан гэх мэтээр явцуу эрх ашгийн хүрээнд авч ажиллуулсан олон зуун хүн энэ тоонд ороогүй л байгаа. Тэгэхээр миний ажиллаж байсан үед төрийн алба арай ч ийм байгаагүй гэж ойлгодох байлгүй.

-Тэгвэл одоо ямар шалтаг шалтгаанаар төрийн албаны нэр хүнд ингэж хэтэрхий доошоо унчихав аа?

-Олон хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Тодорхой зарим шалтгааныг дурдвал:

  • Улс төрийн намууд төрийн дээр гарчихсан

  • Төр засгийн эрх мэдэлтнүүд албан тушаалаараа бярдаж хууль дээрээ гишгэчихсэн

  • Төрийн албыг наймаалцдаг болсоноос хойш дарга нарын цүнх барьж гүйсэн чадвар мэдлэггүй хүмүүс төрийн албанд толгой шургуулж улмаар авлигад автагдаж төрийн албан тушаалыг хөрөнгөжих эх үүсвэрээ болгосон

  • Хяналт шалгалтын тогтолцоог зориуд устгаж зөвхөн эрх баригчдын эрх ашигт үйлчилдэг системд шилжсэн.

  • Шударга бус үйлдэлд хариуцлага тооцох механизмыг (эрх баригчид) өөрсдөөсөө холтгож, аливаа гэм буруугийн хариуцлагыг зөвхөн доодчууд л хамааруулдаг аргатай болсон.

  • Төрийн албаны хүний нөөцийн бодлого бүрэн алдагдаж дунд, доод тушаалын албан хаагчид ч даргадаа \эзэнд\ үйлчлэх аргаар амь зогоож тэдний нөмөрт багтаагүй нэг хэсэг нь маргаашдаа итгэх итгэлгүй болчихсон.

  • Хүнд суртал чирэгдэл гаарч бага тушаалын албан хаагч хүртэл  гар харж асуудал шийддэг болчихоор иргэдийн дунд төрийн нэр хүнд унаад байгаа юм. Энэ бүхнийг эцэст нь нэгтгэн дүгнэж авч үзвэл Монгол төрийн тогтолцоо гажуудсан  байгаа нь мэдрэгдэнэ.

-Та тодорхой шалтгаануудыг тоочлоо. Эдгээрийг жаахан дэлгэрүүлж яриад үүнийг яаж засаж, залруулах талаар хөөрөлдөх боломж  бий юу?

-Байлгүй дээ. Тэгэхдээ бас тохироо бий хө. Чиний бичлэг цензургүй. Миний хэлж ярьсныг хэн нэгний эрх ашигт нийцүүлж засварлахгүй байх юм бол би үзэл бодлоо хуваалцья л даа ?

Ер нь ажил амьдарлын туршлага хуримтлуулсан хүний хувьд ярьж хөөрмөөр санаа бодол их л байх юм. Уг нь хар авдарт ном бий, Хазгар хөншинд эрдэм бий гэдэг үгтэй шүү. Би Монголын төрд ханатлаа зүтгэсэн хүн. Цаашид карьер (албан тушаал) хөөцөлдөх нас өнгөрсөн. Мөн “Шударга төрийн төлөө” нэртэй ТББ ажлуулдаг учраас төр засгийн бодлого шийдвэрийнг зөвийг нь дэмжиж бурууд нь нүд хурц байх ёстой. Ардчилсан нийгэмд төрийн  үйл ажиллагаанд иргэний нийгмийг татан оролцуулж дэмжлэг туслалцаа авч байх шаардлага ч байдаг. Энэ үүднээс дуу хоолойгоо түмний сонорт хүргэж байх ёстой. Бидний насны хүмүүс жагсаал цуглаанд оролцож төр засгийн эсрэг шүлсээ үсэргэж явах нь утгагүй хэрэг. Харин танай вейб сайт шиг олны анхааралд өртсөн нийтлэлийн бодлоготой хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлж байх нь бидэнд ашигтай юм. Бидний үг хэл үйл ажиллагаа дээдэст халтай болохоор санхүүгийн дэмжлэг хаанаас ч ирдэггүй. Харин ч эсрэгээр дургүй нь хүрцгээж адлах шинжтэй шүү. Иймд танайхыг түшиглэж ажиллах сонирхолтой байна.

-За тэгвэл сайтдаа тантай ярьж хөөрөлдөх булан нээж цуврал ярилцлага тасралтгүй явуулж байя. Та төр засгийн ахмад ажилчин, хуульч хүний хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, туршлага мэдлэгээ залуу хойч үеийнхэнтэй хуваалцаж байвал бид ч баяртай байх болно.

-За баярлалаа.

эх сурвалж: www.itoim.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү