Н.Номтойбаяр: ЖДҮ-чдийг би бол дийлэхгүй юм билээ


2019-01-17 15:55:50

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавхан ам бүлтэй ч 36 лиценз эзэмшдэг “МАК” компанитай тэмцэж, төрийн өмчийг авна хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Оюутолгойн 66 хувь, Эрдэнэтийн 41 хувийг авах хэрэгтэй. Зөвхөн Н.Номтойбаярт зориулж зарчим зохиож болохгүй” хэмээн хариу мэдэгдэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан.

-Ерөнхий сайд олигархиудтай тэмцэхээ мэдэгдсэн. Ингэхдээ “МАК” компанийг ч мөн дурьдаж, төрийн өмчийг авахаа мэдэгдлээ. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Бичлэгийг үзсэн. Эндээс хэд хэдэн дүгнэлт хийхээр байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд хуулиа огт мэдэхгүй байна. Жишээлбэл, 36 лиценз гэж байна. Үүнийг хүнд ойлгомжтой байдлаар зүйрлэвэл, нэг компани нэг хайгуулын талбай авлаа. Дахиад өргөтгөх шаардлага гарна. Хуулиараа дахиад тусдаа лиценз олгоно. Жишээлбэл нэг хүн орон сууц барилаа. Нэг өрөө барилаа, хоёр дахь өрөө гэвэл хоёр тусдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болно гэсэн үг. Тэгээд олон харагдаж байгаа юм. 36 биш 32 зарчмын хувьд ялгаа алга.

Аж үйлдвэрийн доор орд газрууд байдаг. Орд газрыг ашиглах эрхийг лицензээр баталгаажуулдаг. Цементийн үйлдвэр шавар, гөлтгөнө, элс, шохой, нүүрс зэрэг түүхий эдээс бүрдэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монголын ард түмний шаардаад байгаа аж үйлдвэрийн бодлого хэрэгждэг. Үүнийг Ерөнхий сайд юу гэж ойлгоод байгааг мэдэхгүй байна.

Хоёрдугаарт, хууль зөрчсөн, хулгай хийсэн гэж байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хэрэв хууль зөрчсөн бол над шиг баримтыг нь үзүүлээд тэдэн сарын тэдний өдөр хууль бусаар ийм лицендийг авчихсан гэдгийг ярих хэрэгтэй. Шууд хүн гүтгэж болохгүй. Дээрээс нь улс төртэй холбоотойгоор хийж бүтээдэг хүмүүсийн нэр төрийг гутааж болохгүй. Миний аав Монголын бизнест өдий олон жил хөдөлмөрлөхдөө хулгай хийж, хууль бус зүйл хийж үзээгүй. Ямар нэг байдлаар төсөв, тендертэй холбогдож үзээгүй. Нямтайшир гэдэг хүн Монголын эдийн засаг. Энийг би хаана ч бахархалтайгаар хэлнэ. Энэ бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдчихсөн, хийж бүтээдэг хүн. Маш олон хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар хангаж байгаа. У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатарын яриад байгаа төсвийн орлого нэмэгдсэн нь Нямтайшир тэргүүтэй Монголын бизнесменүүдийн ач гавьяа. Ерөнхий сайд, ИХ-ын гишүүдийн цалинг олгож байгаа шүү дээ. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх гэж байна. Үүний мөнгийг баялаг бүтээгчид өгдөг. Хийж бүтээж байгаа хүмүүс рүүгээ дайрч байгаа нь маш гутамшигтай. Үүнийг зүгээр өнгөрөөнө гэж байхгүй.

-Цагаан суваргыг төрд авч, баялгийн сан байгуулна гэсэн. Буруу зүйл гэж үү?

-Хурааж авч болно. Одоо хурааж авна гэвэл шууд хууль зөрчсөн үйлдэл болно. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллага юу гэж харах уу. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг хямраах үйлдэл. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хураахаас сийхгүй байх. ЖДҮХС-аас дүүдээ зээл авч хулгай хийсэн хүн одоо дээрэм хийвэл гайхаад байх зүйлгүй.

-Иргэний зориг гаргаад Цагаан суваргын ордоо төрд өгчихөж болохгүй юмуу?

-Төрийн мэдэлд байгаа. Ард иргэдийг төлөөлж төр эзэмшдэг. Ашигт малтмалын тухай хуульд орд газрыг ашиглуулах эрхийг Засгийн газар өгнө гэж заасан байдаг. Тиймээс ашиглуулах зөвшөөрлөө цуцалж болно. Нөхөн төлбөрийн асуудлууд яригдана. Сая чуулган дээр гишүүд ярилаа. Хууль хамаагүй хувьсгалын үед хууль үйлчлэх шаардлагагүй гэж байна. Хэрэв тэгэж байгаа бол Оюутолгойн үлдэгдэл 66, Эрдэнэтийн 41 хувийг авах хэрэгтэй. Нэг зарчим үйлчлэх хэрэгтэй. Номтойбаярт зориулж нэг зарчим зохиогоод байвал болохгүй.

Алтны рояалтийн хууль батлах гэж байна. Үүнийг батлах ямар шаардлагатай юм. Бүх алтны уурхайн лицензийг хурааж аваад төр өөрөө эзэмш л дээ. Улсын өмчит үйлдвэрүүдийг хааж байна гэсэн мөртлөө улсын үйлдвэр барина гэж яриад байна. Саяхан нэг томоохон үйлдвэрийг хаалаа. Ямар зарчим барих гээд байгааг ойлгохгүй байна. Буцаад 1990 оны өмнөх коммунизм руугаа явах гээд байгаа бол тэрийгээ зарчихмаар байгаа юм.  Манай төр засгийн тоглоом гэдэг юм тодорхойгүй болохоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид юу хийхээ мэдэхээ больчихоод эдийн засаг гацсан байдалтай болчихоод байна. Зарчмаа тодорхой болгомоор байна. Засгийн газрын хуралдаан дээрээ Ерөнхий сайд тийм өчүүхэн үг хэлж байгаад би ичиж байна.

 

-Таныг салбар хариуцсан сайд болох гэж байгаа мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Хэн миний өмнөөс намайг сайд болгох гэж гүйгээд байгаа юм бэ. Хэн надад хайртай болов. Би тэр хүнийг хайгаад олохгүй байна.

-Гэвч..?

-Лу.Болд гишүүн талбай дээр жагсаал, цуглаан тэмцэл зохион байгуулахад өөрөөр хэлбэл, террорист ажиллагаа гаргахад Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат гишүүн 200 бэлтгэгдсэн цэрэг оруулах гэж байна гэж ярьсан байсан. Хэрэв асуудал болсон бол тэр үгээрээ бид хоёроор туг тахих гээд байхгүй юу. Тэр өдөр нь би гадаадад байсан. Үүнийг онгоцонд таарсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэрчилнэ

-Тэгвэл сайд болооч гэсэн санал ирвэл яах уу?

-Би "Топор"-ын цэрэг болохгүй. Тэгж доошоо орохгүй. ЖДҮ-чдийн Засгийн газарт би орлоо юу, үгүй шдээ. Надад өөрийн гэсэн итгэл үнэмшил байна. Итгэл үнэмшлээ худалдаад сайдын албан тушаал руу гүйдэг алиа гар би биш.

-УИХ тарахаас өөр гарцгүй үлдсэнгүй шив?

-УИХ-аа тараах нь өнөөдөр цорын ганц зам. Ерөнхий сайдыг огцруулж чадахгүй. Ерөнхий сайд тэргүүтэй ЖДҮ-чид 30 гарчихаад байна. Тэд нэг баг болчихсон. ЖДҮ-чдийг би бол дийлэхгүй юм билээ. Дэндүү олуулаа. Дараагийн УИХ-ын даргыг ЖДҮ-чид л шийднэ. Сайдад миний нэр яригдаж байгаа зүйл байхгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү