М.Адилбиш: Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа


2019-03-07 16:54:46

Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд хууль хяналтын байгууллагад шалгагдсантай холбогдуулан тус банкны үйл ажиллагаа хэвийн эсэх талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбишээс тодрууллаа.

Банкны үйл ажиллагаа нь хэвийн эсэхийг хэрхэн тайлбарлах вэ?

Монголбанк нь хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банкинд Банкны тухай хууль, тогтоомжид заасан хяналтыг хэрэгжүүлдэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкнаас Худалдаа, хөгжлийн банкны санхүү, төлбөрийн чадварт тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус банк Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа.

Болсон үйл явдалтай холбогдуулан Монголбанкнаас дахин үйл ажиллагааг нь нягтлах шаардлагатай юу? 

Энэ үйл явдал нь тухайн банкны санхүүгийн үзүүлэлт, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж буй эсэх, банк уг эрсдэлийг хэрхэн удирдаж буйд Монголбанк тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Шаардлагатай гэж үзвэл тус банкинд газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийж болно.

Хэрэв харилцагчид хадгаламжийн татан авалт хийгээд эхэлвэл үйл ажиллагаа нь хэр хэмжээнд доголдох бол?

Банкны системийн тогтвортой байдал нь харилцагч, банк хоёрын итгэлцлээс ихээхэн хамаардаг тул олсон мэдээлэлдээ дүн шинжилгээ хийлгүйгээр шууд их хэмжээгээр мөнгөө татаж авах нь банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд оруулах аюултай.

Худалдаа, хөгжлийн банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа өнөөдрийн байдлаар 47.0 хувь байгаа нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцаа болох 25.0 хувиас 22.0 нэгж хувиар өндөр байна. Энэ нь банкнаас 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэр татагдах эрсдэлийг Худалдаа, хөгжлийн банк даахаар байгааг харуулж байгаа юм.

Харилцагчид дуулианд автвал тухайн  банк гэхээсээ илүүтэй нийгэмд ямар хор уршигтай вэ?

Худалдаа, хөгжлийн банк нь 8.0 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, нийт 3.4 их наяд төгрөгийн харилцах, хадгаламжтай, системийн нийт гадаад төлбөр тооцооны дийлэнхи хувийг гүйцэтгэдэг системийн нөлөө бүхий банк юм. Сүүлийн 6 сарын туршид банкны системийн нийт актив хөрөнгийн 5-аас дээш хувийг эзэлж байгаа банкийг системийн нөлөө бүхийн банк гэдэг. Өнөөдрийн байдлаар Худалдаа, хөгжлийн банкны актив нийт системийн активын 24.3 хувийг эзэлж байна. Тэгэхээр системд хэрхэн нөлөөлөх нь тодорхой юм.

Дуулианд автаж, системийн нөлөө бүхий банкнаас харилцагчид их хэмжээгээр мөнгөө татсанаар тухайн банк харилцагчийн мөнгийг анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүй байдалд хүргэнэ. Уг банкны харилцагчдын гүйлгээ хийгдэхгүй учир бусад банкны харилцагчдын орох мөнгөн урсгал тасалдаж, системийн бусад банкиндаа нөлөөлнө. Ингэснээр нийт эдийн засгийн мөнгөн урсгал доголдож, нийгэмд ихээхэн хор уршиг бий болно. Мөнгөний урсгалыг хүний цусны эргэлттэй зүйрлэх юм бол зарим эд эрхтэнд цус хүрэхээ больж, үхжиж эхэлнэ.

Тэгэхээр би, манай байгууллага энэ банктай харьцдаггүй учир ямар хамаа байна аа гэж хэрхэвч хандаж болохгүй асуудал юм. Таны ажилладаг байгууллага, таны бизнесийн орох мөнгөн урсгалыг бий болгодог харилцагчдын төлбөр тооцоо системийн нөлөө бүхий тус банкаар хийгдэж байгаа шүү дээ.

Иймд бусдыг банкнаас мөнгөө татахыг уриалах, дуулианд автаж мөнгөө татах нь нийгэмд асар их хор уршиг авч ирдэг.  

Банкны тухай хуулиар банкийг дэргэдээ охин компанитай байхыг хориглосон гэж ойлгож байна. Харин ХХБ-ны хувьд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маргаан үүсээд байгааг энэхүү хуулийн хүрээнд хэрхэн тайлбарлах вэ?

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 6 дугаар зүйлд банкны эрхэлж болох үйл ажиллагааны цар хүрээг тодорхой болгож өгсөн. Тус хуульд зааснаар банк хараат болон охин компани эзэмшиж болохгүй. Худалдаа, хөгжлийн банкны үйл ажиллагаа хуулийн тус заалтад нийцсэн буюу охин, хараат компани эзэмшдэггүй болно.

Банкны ТУЗ-ийн гишүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой заалт хуульд бий юу?

Банкны тухай хуульд зааснаар банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга болон гишүүд банкны эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавих үүрэгтэй бөгөөд сонирхлын зөрчлөөс зайлсхийж, сонирхлын зөрчил үүссэн үед Төлөөлөн Удирдах Зөвлөлд мэдэгдэх ёстой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү