Э.АМГАЛАН: ХУВЬ ХҮНИЙ АЖИЛДАА ХАНДАХ ХАНДЛАГААС Л БҮХ ЗҮЙЛ ШАЛТГААЛДАГ


2019-05-06 10:18:11

“Залуус” булангийнхаа анхны зочноор ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Энхбатын Амгаланг урьж, ярилцлаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад зургаа дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гал унтраах анги, байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа. Энгийн, даруухан хэрнээ мэргэжилдээ эзэн болж, зорилгынхоо төлөө өөрийгөө дайчлан ажиллаж байгаа  түүний ертөнцийг уншигч танаа дэлгэе.

-Таны хувьд Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа залуу алба хаагчдын нэг төлөөлөл. Анх энэ байгууллагын алба хаагч болсон тэр үеэс нь яриагаа эхлэх нь зүйтэй байх?

Тэгэлгүй яахав. ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийг 2013 онд төгсөөд БЗД-ийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангид салааны захирагчаар томилогдож байлаа. Шинэхэн офицер шинэ ангид томилогдсон ч 35 дугаар ангийн үйл ажиллагаа эхлээгүй байсан учраас Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангиас ажил, анхны галын дуудлагын гараа эхэлсэн. Аврагч, гал сөнөөгчид нь ажлын туршлагатай, нэгдүгээр зэрэглэлийн анги байсан учраас бэрхшээл, хүндрэл гарч байгаагүй.  Гэхдээ удалгүй 35 дугаар анги үйл ажиллагаагаа эхлүүлээд тэнд хоёр жил гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Үүний дараа 2016 онд НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэст мэргэжилтнээр томилогдсон. Ажиллах хугацаандаа томоохон гал түймрийн дуудлагаар очиж, удирдлагаар хангана. Нийслэлийн хэмжээний гал унтраах ангиудынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг байлаа. Харин 2017 оноос хойш ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт мэргэжилтээр томилогдон ажиллаж байна. Нийслэлд байхдаа 14 ангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг байсан бол улсын хэмжээний 67 ангийн үйл ажиллагааг хянах, алба хаагчдаа сургаж дадлагажуулах, техник хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх үүрэгтэйгээр ажиллаж байна.

-Гал унтраах ангийн салааны захирагчаас бодлого тодорхойлдог ерөнхий газарт томилогдон ажиллаж байна. Нэр үгээр бол дэвшсэн гэсэн үг. Ингэж шатаар ахих боломж залуу хүнд ховор л тохиох байх?

Тийм шүү. Маш их бэлэгшээдэг. Гэхдээ хувь хүний ажилдаа хандах хандлагаас л шалтгаалдаг юм байна гэдгийг ойлгосон. Заавал хэн нэгнээр шаардуулж байж ажлыг хийдэг биш. Өөрийн хүссэн, зорьсон зүйлээ ажилдаа шингээгээд чин сэтгэлээсээ ажиллаж чадвал амжилт гэж ойлгодог. Шинэ зүйлийг сурахыг зорьж, түүнийгээ биелүүлж байж л санаа амардаг “муу” зантай. Энэ зангаасаа болоод чихээ хөлдөөж, эхнэртээ шоолуулж байсан ч түүх бий.

  -Тэр түүхийг сонирхмоор санагдлаа. Таныг тэгж их дурлуулсан “ажил” юу байсан бол гэж уншигчид маань ч сонирхож байгаа байх?

Салааны захирагчаар ажиллаж байхдаа амьсгалын бие даасан төхөөрөмж /тухайн үедээ хорт хийн утаанаас хамгаалах баг гэсэн нэршилтэй байсан/ -ийг ашиглах, ариутгаж цэвэрлэх, техникийн үзүүлэлтийг нь шалгах гээд багаж хэрэгслийг бүрэн эзэмших мэдээлэл хомс байсан. Тэгээд нэг өдөр 35 дугаар ангийн нярав н.Нэргүйбаатараас энэ талын мэдээлэл, ном товхимол байна уу судалж үзмээр байна гэж асуулаа. Гэтэл олон орны хэл дээр хэвлэгдсэн гарын авлагыг өгсөн л дөө. Тухайн гарын авлаганаас англи хэл дээрх материалыг нь орчуулж эхэлсэн. Мэдээллээ бататгах, илүү их мэдээлэл цуглуулахын тулд Германы багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Dreager” брэндийн Герман дахь албан ёсны сайт руу хандаж, мэдээлэл авсан. Чихээ хөлдөөсөн түүх гэвэл 19 буюу үйлдвэр кабинетэд байрладаг “Dreager” брэндийн Монгол дахь салбар дээр очиж уулзах гэж яваад төөрөөд. /инээв/ Англи хэлнээс орчуулсан материалуудаа эмхэтгээд ХСИС-ийн ОБС-ийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, хурандаа С.Баттөмөр багшаар хянуулан, багштайгаа хамтраад “Амьсгалын бие даасан төхөөрөмжийн үндсэн шаардлага, ашиглах аргачлал” сэдэвт гарын авлагыг гаргасан. Одоо энэ гарын авлага ХСИС-ийн оюутнуудын сурах бичиг болж ашиглагдаж байгаа.

– Онцгой байдлын ерөнхий газарт томилогдсноос хойш Австралийн Элчин сайдын яамнаас зарладаг “Бичил төслийн хөтөлбөр”-т  таны бичсэн төсөл шалгарч, амжилттай хэрэгжсэн гэж сонссон юм байна?

  Тийм. Ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий Сэлэнгэ аймагт Гал түймэр унтраах, аврах 4 анги, Хэнтий аймагт 3 анги байдаг ч Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг байгуулагдаагүй. Түүнчлэн их талбайг хамарсан, удаан хугацаагаар үргэлжилсэн ойн түймрийн үед хүн, хүч хэрэгсэл дутагдах, орон нутгаас дайчлагдан ажиллах иргэд хамгаалах хувцас, хэрэглэл түймэртэй тэмцэх аргазүйн мэдлэг, чадвар дутмаг байсан учраас Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим сумдад төсөл хэрэгжүүлэхээр санаачлан бичиж, Австралийн Элчин сайд яамнаас зарладаг “Бичил төслийн хөтөлбөр”-т хүргүүлсэн.  Жил бүр зарладаг энэ хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад анх удаа оролцоод, 197 байгууллагын төслөөс 8 байгууллагын төсөл шалгарсан. Үүний нэг нь “Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим сумдын Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн гал түймэр унтраах чадавхыг нэмэгдүүлэх төсөл” юм. Төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Ерөө, Мандал, Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумд гал түймэр унтраах сайн дурын хэсэгтэй болоо. Сайн дурын хэсгийн гишүүд нь ой, хээрийн түймэр унтраах зориулалтын 9 нэр төрлийн 120 ширхэг багаж хэрэгслээр хангагдсан байгаа. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагууд төсөлд хэрхэн хамрагдах вэ, ямар шаардлага хангах вэ зэрэг олон асуултыг тавьж эхэлсэн. Мөн төсөл хэрэгжсэн аймгуудын төсөл хэрэгжээгүй сумдад үргэлжлэн хэрэгжих үү гэдэг асуулт ирж байсан. Тиймээс 2019-2020 оны Австралийн Элчин сайдын яамны төсөл хөтөлбөрт дахин төслөө хүргүүлээд байна.

– Хувь хүний хөгжил, боловсролд ямар өөрчлөлт орсон бэ?

– Мэргэжлийн болоод гадаад хэлний мэдлэг сайжирсан. Төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмжүүд хэдийгээр тухайн улсын дэмжлэгээр орж ирдэг ч техникийн үзүүлэлт, монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлэн зохих стандартын дагуу боловсруулж, хүргүүлдэг учраас шаардлагын дагуу үйлдвэрлэж, нийлүүлдэг байгаа. Тийм болохоор олон улсад хэрэглэгдэж байгаа гал унтраах багаж, тоног төхөөрөмж, автомашинуудыг харьцуулан судалж, ашиглах арга барилд давхар суралцдаг. Мэдээж бүгд гадаад хэл дээр учраас англи хэлнийхээ мэдлэгийн цар хүрээ нэмэгддэг гээд хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурахад маш ихээр нөлөөлдөг. 2017 онд  Японы Жайка байгууллагаас зохион байгуулсан “Галын менежмент гамшгийн эрсдэлийг бууруулах 80 хоногийн сургалт”-д Япон улсад суралцсан. Хоёр орны газарзүйн байршил, ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн хувьд л ялгаа байсан. Түүнээс биш Монголын гал, Японы гал гэж байхгүй. Гал гарах, унтраах үйл явц адилхан учраас арга барил, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагаанууд нь адилхан гэж хэлж болно.

-Ингэхэд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эгнээнд орж, үүрэг гүйцэтгэхэд юу нөлөөлсөн бол?

  -Би Дорнод аймагт төрж, өссөн. Аав маань аймгийн Онцгой байдлын газарт гал сөнөөгчөөр ажилладаг байлаа. Тэгээд есдүгээр ангид байхдаа Онцгой албаны хүн болно гэж шийдээд шалгалт өгсөн. Хүүхэд насны минь дурсамж, аавын минь ажил үүрэг нөлөөлсөн ч хувь хүний чин сэтгэл, хүсэл тэмүүлэл байсан учраас л сонгосон. Дүрэмт хувцсаа өмсөөд алхаж байхад өөрийн эрхгүй урам зориг сэргэж, ажиллах эрч хүчийг мэдэрдэг дээ.  

Бидний ажил цаг, наргүй. Энэ тал дээр гэр бүлийнхэн нь хэр ханддаг вэ?

  Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хүү маань зургаа, охин маань дөрвөн настай. Эхнэр маань бас төрийн байгууллагад ажилладаг. Багш мэргэжилтэй. Хоёулаа төрийн албаны хүмүүс учраас цаг зав муутай. Ар талын ажил, үр хүүхдийг минь өсгөж,хүмүүжүүлэхэд аав, ээжүүд маань тусална. Оюутан байхдаа л эхнэртэйгээ танилцаж байсан болохоор алба, ажлыг минь маш сайн дэмждэг, ойлгодог. Чиний тууштай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байдал бусдад итгэл найдвар төрүүлдэг гэж байнга л урам хайрладаг юм.

 -Чөлөөт цаг зав гарвал хэрхэн өнгөрүүлдэг вэ. Гэр бүлдээ цаг зав гаргаж амждаг уу?

-Гэр бүлээрээ салхинд гарч, амрахыг хичээдэг. Байгалийн сайханд амраад, тоглож наадаад, халуун ам бүлээрээ инээж хөхрөлдөөд өнгөрөөсөн нэг өдрийн амралт л хамгийн сайхан. Мөн мэргэжлийн болоод улс төр, эрүүл мэнд, хувь хүний хөгжил гээд нийгмийн шаардлага, өөрийн мэдлэгээ тэлэх ном их уншина. Ном уншиж, шинэ мэдээлэл авах нь бараг хобби болсон гэж хэлж болно.

-Залуу алба хаагчийн хувьд олон ажлыг хийхийг зорьж байгаа байх. Цаашдынх зорилго, хүслийг тань сонирхмоор байна?

   -Онцгой байдлын байгууллагынхаа аврагч, гал сөнөөгчдөөр маш их бахархдаг. Энэ алба хаагчдынхаа аюулгүй байдал, техник, тоног төхөөрөмжийг нь нэмэгдүүлж, сайжруулахын төлөө ажиллаж байгаа. Гэхдээ тоног төхөөрөмж шинэчлэгдэхийн хэрээр сургаж бэлтгэх, нэгдсэн аргазүйгээр хангах хэрэгтэй учраас аль, аль тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн залуу боловсон хүчний хувьд гал түймэртэй тэмцэх галын менежментийн тогтолцоог монголдоо нэвтрүүлэх зорилготой. Галын менежмент гэхээр маш өргөн ойлголт л доо. Зорилго минь биелэх байх аа гэж бодож, хичээн ажиллаж байгаа. Гэхдээ ганцаараа энэ олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зорилгоо ажил болгох боломжгүй. Үргэлж аргазүй, удирдлагаар хангаж, дэмжиж ажилладаг Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах болон хамт олондоо дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.

-Таныг урьж, ярилцсан нь  шинэ залуу алба хаагчдадаа үлгэр дууриалал болох, ажилдаа хандах зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой байлаа. Танд баярлалаа. Хүсэл бүхэн нь биеллээ олж, зорилго бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай?

-Баярлалаа. Энэ дашрамд төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа болон хэлтсийнхэнд нь баярласнаа илэрхийлье. Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн зүтгэж байгаа нийт алба хаагчдадаа хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

“Онцгой мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү