Д.Одгэрэл: Мэдлэг нь тасралтгүй хөгжиж, өндөр бүтээмжтэй, илүү баялагийг бий болгох учиртай


2019-05-06 19:29:35

Өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 13-ныг хүртэл зохион байгуулагдах “Монголын инновацийн 7 хоног-2019” арга хэмжээ, инновацийн салбарын бодлого, зорилтын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэлтэй ярилцлаа.

-“Инновацийн долоо хоног” гэдэг ямар зорилготой арга хэмжээ вэ?

- Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлж байгаа олон оронд “Инновацийн долоо хоног” арга хэмжээг зохион байгуулдаг. Манай улс 2014 онд анх зохион байгуулсан. “Монголын инновацийн 7 хоног” тав дахь удаагийн арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Монголын Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, мэдлэгийн эдийн засгийг бий болгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хамтын инноваци” уриан дор салбарын олон байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

-Инноваци гэдэг үгнээсээ эхэлмээр санагдлаа. Технологи, PR, менежмент зэрэг үгсийг хүмүүс хэдийнэ монгол үг шигээ мэддэг болсон. Харин инноваци хараахан тэгж түгээгүй байх?

- Хэдийгээр Инновацийн тухай хууль 2012 онд батлагдсан ч тухайн үед инновацийн тухай ойлголт олон нийтийн дунд хангалттай байгаагүй. Одоо харьцангуй мэддэг болжээ. Сүүлийн үед мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдлэгийн эдийн засаг гэж ярих болсон. Ер нь бол шинэ мэдлэгийг баялаг болгох үйл ажиллагаа, түүний үр дүнд бий болж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь инноваци гэж ойлгож болно. Бидэнд ойрхон энгийн жишээ бол магадгүй гар утас байх. Анхны телефон утсууд ямар том хэмжээтэй байлаа. Өнөөдөр алганд багтдаг, ямар нимгэн, хичнээн олон үйлдэл, чадвартай болсон билээ. Энэ бол инновацийн жишээ юм л даа. Мэдлэг байнга тасралтгүй баяжин хөгжиж, шинэ нь хуучнаасаа өндөр бүтээмжтэй, илүү баялагийг бий болгож байх учиртай. Инновацийн бүтээгдэхүүн бол ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээсээ оюуны багтаамж, өрсөлдөх чадвараараа давуу байх ёстой. Инноваци заавал биет бүтээгдэхүүн байх албагүй. Энгийн жижиг боловч шинэ санаа байгаа бол түүгээрээ инноваци хийж болно. Кофены аяганы гадуур байдаг цаасан жийргийг та санаж байгаа байх. Өнөөдөр түүнийг санаачилж, зохиогчийн эрхээ авсан хүн уг бүтээлийнхээ ашиг шимийг хүртээд сууж байх жишээтэй. Ийм энгийнээс эхлээд их хөрөнгө оруулалт, цаг хугацаа зарцуулж хийгдэх өндөр технологийн судалгааны ажлын үр дүн, их өгөгдлийн сан, хиймэл оюун ухаан ашиглан инновацийн бүтээгдэхүүнүүд ч хийж болно.

Энэ жилийн “Инновацийн долоо хоног”-гийн хүрээнд ямар, ямар арга хэмжээ болж, иргэд сонирхогчид яаж оролцох вэ?

Энэ 7 хоногийн турш олон арга хэмжээ зохион байгуулагдана. Тухайлбал, мягмар гарагт “Хамтын инноваци-2019” хэлэлцүүлэг болно. Инновацийн экосистемийг хэрхэн бий болгох, инновацийн үйл ажиллагаа, хууль, эрх зүйн орчинг сайжруулах, төр, хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын  инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар хэлэлцэнэ. Мөн инновацийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах “Инновацийн үзэсгэлэн-2019” арга хэмжээ МҮХАҮТ дээр хоёр өдөр гарна. Бас оюуны өмч, инновацийн хөгжлийн олон улсын туршлага, үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр илтгэл хэлэлцүүлэх “ICIED-2019”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”, залуу эрдэмтэн судлаачдын BPA-2019 зэрэг эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлууд болно. Дэвшилтэт технологийг нутагшуулах, блокчейн технологийн мэдлэг, туршлагыг залуучуудад олгох, судлаачдын дунд бизнес шинэ санаа, шилдэг төрлийг шалгаруулах зорилготой “Фронтир финтек”, “Эрдэм” зэрэг хакатон тэмцээнүүд явагдана.  

Монголын инновацийн 7 хоног арга хэмжээний бүх үйл ажиллагаа нээлттэй. Нэг талаас гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүс, шинэлэг санаа сэдэл хайгчид, нөгөө талаас хөрөнгө оруулагчид, чадвартай компани, хувь хүн бүрийн уулзах цэг нь энэ арга хэмжээ байгаасай гэж хүсдэг. Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэнгээс монгол хүн юу хийж чадаж байгааг, юу хийх нөөц боломж байгааг харж болно. Удахгүй ажлын байранд гарах оюутан, залуус, ирээдүйн ажил мэргэжлээ сонгох гэж буй ахлах ангийн сурагчид, үр хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа тавьдаг эцэг, эхчүүд ч үзэх хэрэгтэй. Арга хэмжээний хүрээнд цахим хэлэлцүүлгүүд болно. Хэлэлцүүлэгт дэлхийн хаанаас ч оролцож, төрийн бодлого, шийдвэрт саналаа өгөх, гадаадын арга, туршлагаас хуваалцах, санаа, бодлоо илэрхийлэх боломжтой.

Энэ жил бид долоо хоногоо “Хамтын инноваци” гэсэн уриатайгаар зохион байгуулж байна. Энэ нь нэг талаасаа төр, нөгөө талаасаа төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн, бусад оролцогч талууд буюу “инновацийн экосистем” гэж нэрлээд байгаа тогтолцооны амьд биетүүд өөрсдийн тогтолцоогоо цааш нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдгээ хэлэлцэх юм.

-Тав дахь удаагийн “Инновацийн долоо хоног” урьд жилүүдийнхээс юугаараа онцлог байх вэ?

-Энэ удаагийн нэг онцлог бол Засгийн газраас “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого” батлагдсаны дараа зохион байгуулагдаж байгаа явдал юм. Энэ баримт бичиг бол манай улс ойрын жилүүдэд хэрхэн инновацид тулгуурлаж хөгжих, яаж инновацилаг байх тухай бодлого юм. Мэдээж бодлогын баримт бичиг байлаа гээд түүнийг хэрэглэгч, хэрэгжүүлэгчид нь байхгүй бол тэр цаасан дээрх сайхан үгсийн цуглуулга болж хувирдаг. Бодлого, түүнтэй уялдуулан гаргах бүх дүрэм, журам, шийдвэр боловсруулахад, мөн үйл ажиллагааг зохион байгуулахад хэрэглэгч, хэрэгжүүлэгч талуудын оролцоог хангах нь энэ жилийн бас нэг зорилт.

Дээр хэлсэн “инновацийн экосистемийг бүрдүүлэгчид” өөрсдийн орчин, бодлого, нөөц боломжоо ярилцах учиртай. Өнөөдөр Монгол Улс маань бүтээгч биш хэрэглэгч орны түвшинд байна. Манай экспортолж байгаа бүтээгдэхүүнүүд технологийн агууламж багатай байсаар байна. Цаашид бид үйлдвэрлэгчийн түвшинд шилжих ёстой. Ингэхийн тулд мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дэлхийн зах зээлд өрсөлдөх ёстой.

-Инновацийн бодлогын зорилтууд хэр холыг харсан бол, бодлогоор дамжуулаад бүтээлч иргэдээ дэмжихэд хэр анхаарсан гэж та үзэж байна?

- Бодлогын баримт бичигт тусгасан зарим зорилт өнөөдрийн нүдээр харахад хол юм шиг боловч сарын дараа, хагас жилийн дараа харахад их ойрхон болсон байхыг үгүйсгэхгүй. Технологи маш эрчимтэй хөгжиж байна. Инноваци, технологийн эрчимтэй хөгжил нь хүмүүст шинэ шинэ боломжуудыг нээж өгдөг. Мэдээж оролцогчоос асар их хурд шаардана. Энэ хурдны замд дасан зохицох, түрүүлж харах, шинийг эрэлхийлэх зайлшгүй шаардлага төрд ч, хувийн хэвшилд ч хэрэгтэй байна.

Төрийн дэмжлэгийн олон хэлбэр байж болно. Өөрөөр хэлбэл зөвхөн мөнгө, санхүүгийн дэмжлэгээр төсөөлж болохгүй гэсэн үг. Тухайлбал, ажиллах таатай орчныг нь бүрдүүлэх явдал бол том дэмжлэг. Мөн оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал чухал. Шинэ санаа, шинэ мэдлэг бий болгосон хүн патентаа барьцаалаад банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, Венч, Эндаумент сан гэх мэт тусгай зориулалтын сангуудын байгуулагдах эрхзүйн орчныг сайжруулах, гарааны бизнесүүд тэдгээрээс хөрөнгө оруулалт авдаг боломжийг нээж өгөх нь дэмжлэгийн нэг хэлбэр. Нэгэнт бий болсон мэдлэг, оюуны өмчийг эргэлтэд оруулах нь чухал. Шинжлэх ухаан, технологийн сан дээр одоогийн байдлаар 13 мянга гаруй судалгааны ажлын тайлан хадгалагдаж байна. Энэ бол маш том баялаг юм. Нэгэнт төсвийн хөрөнгөөр хийгдчихсэн эдгээр ажлыг тодорхой хэсэгт нээлттэй болгож, эргэлтэд оруулах боломжтой.

-Судалгаа хөгжүүлэлтийн ажил хийж байгаа хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдийг яаж дэмжих вэ?

Татвар, гаалийн таатай бодлого, орчноор дэмжиж болно. Судалгаа хөгжүүлэлтэд хийсэн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийнх нь тодорхой хувийг татвар, гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулдаг байж болно. Ингэснээр судалгаа хөгжүүлэлтийн ажилд хөрөнгө оруулах нь ихэсч, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдээд эхэлнэ. Монгол Улсад хамтын оффисууд, инкубатор төвүүд олноор байгуулагдаж, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 6-7 хамтын оффис байна. Залуучууд мэдлэгээ хэрхэн бизнес болгох вэ гэдэгт анхаарч, ач холбогдол өгдөг болж. Гарааны бизнес, түүнийг хэрхэн амжилттай явуулах талаар ярьж,  ихийг хийж бүтээж байна.

-Уучлаарай, хамтын оффис гэдгээ тайлбарлаж өгөөч?

-Хамтын оффисыг ярихын тулд гарааны бизнесээс эхлэх ёстой. Гарааны бизнес гэдэг бол шинэ санаандаа бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд түүнийгээ зах зээлд гаргаж, турших гэж байгаа анхан шатны бизнес шүү дээ. Гол төлөв ганц, хоёр хүн зориглож эхлүүлдэг. Гэтэл тэдэнд харьцангуй хямд оффис, бичиг хэрэг, цай кофены үйлчилгээнээс эхлээд маркетинг, менежментийн судалгаа, зөвлөгөө, цаашлаад нягтлан бодогч, бүтээгдэхүүн борлуулагч гэх мэт ажиллах хүчин хэрэгтэй. Энэ бүхнийг нь зохион байгуулж өгөхөөр байгуулагдсан  энтрепренер, гарааны бизнес эрхлэгчид цуглардаг газрыг хамтын оффис гэж ойлгож болно. Мэдээж хэрэг гарааны бизнесүүдийг дэмжиж, тэдгээрийн бизнесийг бойжуулсанаар тодорхой ашиг олж, үйл ажиллагаагаа тэлж байх учиртай. Энэ нь өөрөө нэг төрлийн бизнес боловч маш “буянтай” бизнес юм л даа. Ер нь гарааны бизнес, инновацийг дэмжих гэдэг хөрөнгө оруулагч талаасаа харвал эрсдэлтэй бизнес.

-Таны хэлсэнчлэн энэ эрсдэлтэй бизнесийг хүн болгон эхлүүлж чадахгүй, үнэт санаагаа хав дараад “үхүүлэх” нь бий. Тэгэхээр тэр хүмүүст туслах, эрсдлээс боломжийг нь түрүүлж харуулах нь төрөөс иргэдээ дэмжих бас нэг хэлбэр байж болох юм?

-Яг тийм. Аливаа ажлыг хийхийн өмнө хэн хийх вэ гэдгийг ярих ёстой. Бүтээлч байх ёстой, шинэлэг байх ёстой гэж ярих нэг хэрэг. Энэ үгийг хэнд хандаж хэлээд байгаа юм бэ гэдэг нь маш чухал асуудал. Өөрийн санаа бодол, мэдлэгээрээ баялаг бүтээж болох юм байна гэдэг сэдлийг оюутан, залууст өгөх хэрэгтэй, ингэхийн тулд их, дээд сургуульд энэ чиглэлийн хичээлийн хөтөлбөр бий болгож, энтерпренеруудыг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байна. Үүнийг амжилттай нэвтрүүлээд явж байгаа жишээ байна. Тухайлбал Этүгэн их сургууль 1000 интерпренер бэлдэх зорилт дэвшүүлээд, хөтөлбөр боловсруулаад, багш, оюутнуудаа хөгжүүлээд, гарааны бизнесийн уралдаан зарлаж, бизнест нь хөрөнгө оруулалтын дэмжлэг олгоод эхэлсэн байна.

-Хөгжлийн ийм чухал бодлогыг яамны ганцхан хэлтэс хариуцаж байгаа нь хангалтгүй биш үү?

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам бол шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гэдэг утгаараа уг салбарын нэгдсэн бодлогыг барьж ажиллах ёстой. Бодлогыг хэрэгжүүлэх ажлыг яамны нэг хэлтэс дангаараа хийхгүй л дээ. Төрийн институцийн хүрээнд хэд хэдэн байгууллагад инновацийн нэгж бий болж, энэ салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа. Нийслэлд тулгардаг асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, инновацилаг байдлаар шийдэх зорилгоор Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар байгуулагдсан. Мөн Шинжлэх ухааны академи болон зарим их, дээд сургууль дээр технологи дамжуулах төв, бизнес инкубатар төв зэрэг бүтцийн нэгжүүд ажиллаж байна. Төрийн байгууллагуудаас гадна МҮХАҮТ, Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ,   Монголын хамтын оффисын холбоо ТББ зэрэг байгууллагууд энэ салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож байна. Эдгээр бүх байгууллагууддаа “Инновацийн долоо хоног” арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаад талархаж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү