Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: Сүрьеэ бол хөл хорио тогтоох өвчин биш


2019-05-16 19:14:08

-97 дугаар сургуулийн 70 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан гэсэн мэдээлэл яваад байна. Өөр бусад сургууль дээрээс шинжилгээ авсан уу?

-Яг энэ талаар тодорхой мэдээлэл аваагүй байна. Хүүхэд нэмж өвчилсөн талаар мэдээгүй байна. 38 хүүхдэд сүрьеэгийн эмчилгээ хийж байгаа.

-Сүрьеэ бол халдварт өвчин. Гэнэтхэн л хүүхэд ингэж олноороо өвдөнө гэж байхгүй биз дээ. Энэ талаар өмнө нь Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ мэдэж байсан гэсэн хардлага төрж байна?

-ХӨСҮТ-ийн Тандалт судлалын баг хуваарийн дагуу тандалт хийгээд явдаг. Сургуулиудаар яваад шинжилгээ сорилыг тогтмол хийдэг. Түүнээс бус энэ өвчин гэнэт өнөөдөр илрээд байгаа юм биш. Ер нь эрүүл мэндийн салбарын зүгээс эрт илрүүлэхэд л анхаарч ажилладаг.

-2015 оноос хойш энэ өвчин 15 дугаар сургууль дээр гарч байсан байгаа юм. Яагаад эцэг эхчүүдэд хэлэхгүй нуун дарагдуулсан юм бэ. Яагаад сүрьеэ өвчнөөр өвчилсөн багш ажиллуулаад байсан юм бол?

-Эцэг эхчүүдэд урьдчилсан сануулж  хэлэлгүй яахав. Юу гэж нуун дарагдуулахав. Сорил тавиад 72 цагийн дараа хэмжилтээ хийнэ. Тэгээд баталгаажуулах зорилгоор дахин сорил тавина. Түүнээс бус нэг удаагийн сорилоор энэ халдвар авсан байна гэхгүй. Тэгээд дараа дараагийн оношоор илрүүлнэ. Сүрьеэ өвчнөөр өвчилсөн багш ажиллаж байсанг би мэдэхгүй. Сургуулийн багшийн томилгоо өөр салбарын ажил.

-Өвчтэй багш ажиллаж байгаа үгүйг танай яам хянах ёстой биз дээ?

-Манай салбарын зүгээс өвчилсөн хүнийг эмчлээд, эмчилгээнийхээ дараа тогтмол хянаад №явсан.

-Сүрьеэ өвчний халдвар авсан хүүхдүүд яагаад гэнэт бөөн гарч ирэв. Энэ өвчнийг хянаж чадахгүй байна уу?

-Жил бүр нэлээдгүй сүрьеэ өвчин илэрдэг. Сүрьеэгээр өвчлөгсөд олон байгаа юм шиг санагдаж магадгүй. Тоо ихсэж байгаа нь эрт илрүүлэгтэй холбоотой. Нуугдмал байсан халдвартай хүмүүсийг эрт илрүүлж чадаж байна. Тэгэхээр сүрьеэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  эрүүл мэндийн салбар ажлаа хийж байгаа юм. Илрүүлээд эмчилгээнд хамруулаад явж байна. Харин иргэд маань урьдчилан сэргийлж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандах ёстой.

-Сүрьеэгийн эмчилгээ ямар үнэтэй байдаг вэ?

-Сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй байдаг. НҮБ-ын зөвлөмж, стандартын дагуу эмчилдэг.

-Хүүхдүүдийн эмчилгээ ямар түвшинд яваа вэ. 15 дугаар сургуулийн үйл ажиллагааг цаашид яах вэ?

-Сүрьеэ бол хөл хорио тогтоох өвчин биш. Сүрьеэгийн савханцар нарны туяанд тэсвэргүй савханцар байдаг. Тиймээс нэг ангид байгаа хүүхдийн тоог цөөлөх хэрэгтэй. Мөн агаарын солилцоог сайн хийх хэрэгтэй юм.

-38 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн. 500 гаруй хүүхэд халдвар тээж байгаа гэх юм. Халдвар тээнэ гэхээрээ бас өвчилсөн гэсэн үг биш үү?

-Халдвар тээнэ гэдэг өөр. Манай улсын 35 хувь нь халдвар авсан байдаг гэдэг тоо байдаг. Халдвар авсан 500 гаруй хүүхэд бүгд өвчтэй гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин өвчилсөн гэдэг нь тухайн хүний дархлаатай холбоотой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү