Д.Хаянхярваа: Огцрох шиг амархан юм байхгүй


2019-05-21 10:03:07

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн "Улс төрийн тойм" сонинд 2018 онд өгч байсан ярилцлагыг нийтлэв. Тэрбээр тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байлаа.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавилаа. Ард түмнээс муу үнэлгээ авлаа. Бүлгийн даргын хувиар ямар нэгэн тайлбар хийх ёстой болов уу?

-Аливаа ажлын үр дүн богино хугацаанд гардаггүй юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр шийдвэр гаргахад маргааш үр дүн харагдахгүй. Тэр дундаа улс орны хэмжээний асуудалд. Нэг байтугай хоёр, гурван жилийн дараа үр ашгаа өгөх нь бий.

-Гэвч МАН амлалтаасаа буцлаа, татвар нэмэгдлээ. Энэ бүхэн худлаа гэж үү?

-Өдгөө татвар нэмлээ, иргэдийн халаасыг хоосоллоо, Ардын нам ард түмнээ цөлмөлөө гэж ярьж байна. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэж үг байдаг байх аа. Үүний эх суурийг хэн тавьсан бэ гэдгийг сайн бодох хэрэгтэй.

-Мэдээж АН байх?

-“Засах цаг”, “Засгийн цаг” нэвтрүүлгээр нэлээн тодорхой гарч байна билээ. Хөгжлийн банкнаас авсан зээлийг юунд зарцуулсан, ямар эдийн засгийг МАН хүлээж авсан. Өнөөдөр ямар үр дүн гарсан талаар нэвтрүүлэгт тодорхой гарсан. Монголын эдийн засаг доройтож, хасах руу орсон байсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Иймээс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар хэд хэдэн болзлыг Монголын төр биелүүлэх шаардлага гарсан.

-Тэр нь өнөөх 7 төрлийн татвар..?

-Гэсэн ч эдийн засагт эерэг үр дүн гарсан учраас Хүн амын орлогын албан татвар, хадгаламжийн хүүнээс авах татвар гэхчлэн 120 гаруй тэрбум төгрөгийн татварын асуудлыг хуучин хэлбэрт нь оруулах шийдвэр гаргалаа. Хэрэв манай эдийн засаг хуучин шигээ байсан бол ОУВС ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Энэ бол Засгийн газар жил гаруйн хугацаанд сайн ажилласны үр дүн. Эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарлаа, гадна, дотны хөрөнгө оруулагчдын сонирхлыг төрүүлж чадлаа. Хасах үзүүлэлттэй байсан гадны хөрөнгө оруулалт 1 тэрбум 142 сая ам.доллар болж нэмэгдлээ. Төсвийн алдагдлаа бууруулж чадлаа. Зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ нэмэгдүүллээ. Энэ бүх эерэг үзүүлэлтийн үр дүнд хэд хэдэн татварыг хэвийн хэмжээнд оруулах нөхцөлийг олгож байна.

-Гэвч ард түмэн дэндүү бухимдалтай байна?

-Ард түмэн бухимдах нь зүйн хэрэг боловч бас тэвчээр хэрэгтэй. Ард түмнийг хорлох санаатай ажил хийдэг Засгийн газар гэж байдаггүй юм. МАН ч, АН ч бай гаргаж байгаа шийдвэр нь ард түмний нуруун дээрх ачааг хөнгөвчлөх. Түүнээс биш ачааг нь нэмэгдүүлж, аягатай хоолноос нь халбагадах сонирхол аль ч Засгийн газарт байхгүй. Мэдээж алдаатай, оноотой шийдвэр гарах нь бий.

-Таны хувьд Засгийн газар сайн ажиллаж байгаа юм байна. Тийм үү?

-2016 оноос хойш Ардын намын Засгийн газар сайн ажилласан. Тэр дундаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үеийн ажлын үр дүн одоо гарч байна. Мэдээж үүн дээр У.Хүрэлсүхийн Засгийн газрынхан сайн ажиллаж байна.

-Монгол Улс 2025 он хүртэл 2 тэрбум ам.долларын өрийг үе шаттай төлж барагдуулна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэгчээр АН-ын Засгийн газрын алдааг үгүйсгэх аргагүй. Гэвч Чингис бондын өрийг өрөөр дарлаа. МАН өрийг өрөөр дарахыг эсэргүүцдэг. Ийм үйлдэл гаргахгүй гэж амалсан. Гэвч амлалтаасаа буцлаа. Бас л тайлбар шаардсан асуулт байх?

-Шүүмжлье, харлуулъя гэвэл бүх зүйлийг шүүмжилж бас харлуулж болно. 10 хувийн хүүтэй зээлийг яагаад 5.6 хувийн хүүтэй зээлээр сольж болохгүй гэж. Жишээ нь, жилийн 10 хувийн хүүтэй 700 сая ам.долларын зээлийг АН авсан. Үүнийг хөнгөвчлөх байдлаар нөхцөлөө тохироод, хугацааг нь сунгалаа. Ингэснээр ямар ч байсан амс хийх бололцоо бүрдлээ. Эдийн засагт эерэг үзүүлэлт ажиглагдаж байна. Энэ эрчээрээ явбал 2018 оны төгсгөл, 2019, 2020 он гэхэд эдийн засгийн өсөлт 10 хувьтай гарах магадлал бий. Эдийн засгийн өсөлт 2012 онд өрх бүрт, иргэн болгонд хэрхэн мэдрэгдэж байсныг Монголын ард түмэн мартаагүй байх. Тиймээс хүн бүр хийх ажлаа л дор бүрнээ хиймээр байна. Мэдээж төр засгийн ажилд шүүмжлэлтэй хандаж, шаардлагатай үед шахаж шаардах эрх бий. Бид ч шударга бус зүйлийг залруулах, авлига, хээл хахууль, хүнд суртлыг үгүй хийхийн төлөө хэлсэн ярьсандаа ажиллана. Гэхдээ хийж байгаа ажил бүхнийг хар талаас нь нугалж хараад байвал ажил бүтэхгүй гэдгийг бодолцох ёстой.

-Бадарчин баярлах болоогүй гэгчээр эдийн засгийн өсөлт гэж цээжээ дэлдэх эрт байна. Тиймдээ ч энэ оны эдийн засгийн таагүй байдлыг давж гарахын тулд хэд хэдэн татвар нэмэгдүүлсэн. Та эдийн засагч хүн?

-Миний хувьд ОУВС-гийн хөтөлбөрийг эхнээс нь хоёр гараа өргөн дэмжсэн. Учир нь бидэнд өөр ямар ч гарц байгаагүй.

-Өөр хэд хэдэн хувилбарыг өнөөгийн сөрөг хүчин болох АН гаргаж ирдэг шүү дээ?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр Монгол Улс урагшаа алхах ямар ч гарц байгаагүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар гэлтгүй Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ч энэ хөтөлбөрт хамрагдах цаг болсныг Ч.Хүрэлбаатар болон миний бие хэлж байсан.

-ОУВС-гийнхан хөтөлбөрт хамрагдах саналыг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед тавьж байсан ч хүлээж аваагүй?

-Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах санал тавьсан байдаг. Тэр нь хүлээн зөвшөөрөгдөөгүй. Дараа нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хөтөлбөрт хамрагдсанаар амьсгаа авах боломж бүрдсэн. Тэр бүү хэл, төлбөрийн чадваргүй орон гэж дэлхий нийтийн өмнө зарлагдах аюулаас аврагдсан. Мэдээж таны хэлдгээр бадарчин баярлах болоогүй байна. Одоо эв түнжингүй, дотоод зөрчлөөсөө болж эдийн засгаа эвдчихгүй байхад анхаарах хэрэгтэй. Итгэл алдана гэж айхтар зүйл байдаг байх аа. Хэрэв бид дотоод зөрчил маргаанаасаа үүдэлтэй эдийн засгаа нураавал ОУВС, олон улсын санхүүгийн байгууллагынхан эргэж харах нь юу л бол. Тиймээс дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа олон улсын банк санхүүгийн байгууллагуудын итгэлийг алдчихгүй шиг эв түнжинтэй байж, бага багаар зөөлөн урагшлах ёстой. Ийм байдлаар 2020 он гэхэд эдийн засгаа тогтворжуулах учиртай.  

-2020 он буюу дараагийн УИХ-ын сонгууль гэхэд эдийн засаг тогтворжиж, айх аюул ард үлдсэн байх нь уу?

-2020 он гэхэд эдийн засаг утга учиргүй өндөр өсчихнө гэж худлаа хэлэхгүй. Ямар ч байсан тогтвортой өсөлт бий болгохын төлөө л ажиллана.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах зөв. Хэдийгээр санхүүгийн сахилга бат сайжирч, тодорхой үр дүн мэдрэгдэж байгаа боловч Монгол төрийн дээр ОУВС сандайлчихаад, бүх шийдвэрт нөлөөлж байгааг хэрхэн ойлгох учиртай юм бол?

-Ямар ч зүйл хоёр талтай байдаг. Ярих нэг өөр. Хийж хэрэгжүүлэх бас өөр. ОУВС-гийнхан Монголыг санхүүгийн сахилга батаа сайжруулах бүх л зөвлөмж, зааврыг өгч, болзлыг биелүүлбэл дэмжлэг туслалцаа үзүүлэхээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, харилцан үүрэг хүлээж гэрээ байгуулсан. Түүнээс Монголын төр ОУВС-нд толгойгоо мэдүүлж, зааснаар нь явсан зүйл байхгүй.

-Сөрөг хүчний энэ шүүмжлэл өрөөсгөл гэсэн үг үү?

-Сөрөг хүчин бол шүүмжлэгчийн байр сууринаас асуудалд ханддаг.

-Та нар ч сөрөг хүчин байсан учраас зовлонг нь ойлгож байна гэж үү?

-Бид ойлгож байгаа. Гэхдээ улсаа бодож яриарай гэж зөвлөмөөр байна. Улс төрийн тоглолт чинь улсынхаа эдийн засаг болоод бусад зүйлийг самарчих вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй. МАН, АН-ын эрх ашгийг бүхэлд нь багтаасан Монгол Улсын том эрх ашиг гэж зүйл бий гэдгийг санаж улс төр хийгээрэй гэж АН-ынхнаас хүсмээр байна.

-МАН-ын мөрийн хөтөлбөр ямар ч тооцоо судалгаагүй байв уу эсвэл У.Хүрэлсүхийн Засгийн газарт нэгдсон бодлого гэж алга уу. Дороо хий эргээд байх юм. Татвар нэмлээ. Иргэд эсэргүүцлээ. Шийдвэрээ цуцалж, буцаалаа?

-Тооцоо судалгаагүй нэмсэн юм биш. Тухайн үед бүлгийн хурал дээр ч энэ тухай яригдаж, эсэргүүцсэн. Гэвч өөр гарц байгаагүй. ОУВС хатуу нөхцөл тавьсан. Тэдний талаас 33 төрлийн нөхцөл тавихад бид 7-г нь л хүлээн зөвшөөрсөн.  Эцэст нь эдийн засгийн эерэг өөрчлөлтийн үр дүнд 7 төрлийн татвараас 3-ыг нь хуучин байдалд нь орууллаа.

-УИХ-ын сонгуулийн өмнө МАН Монголын эдийн засаг модоо барихад хүрсэн талаар мэдэгдэж байсан. Хоосон авдар хүлээж авахаа тооцоолсон байх. Тийм байж мөрийн хөтөлбөр нь хэтэрхий хөөсрөлттэй байсан юм шиг. Эсвэл энэ бүхнийг тооцоолоогүй, сонгуульд ялахаа урьтал болгов уу?

-Мөрийн хөтөлбөр боловсруулж байх үед Монголын эдийн засгийг тийм байдалд орчихсон гэдэг тооцоо үндэслэл байгаагүй. Зөвхөн таамаглал л байсан.

-Монголын эдийн засаг хасах руу орж байгаагүй бөгөөд хэрэглэж, зарцуулж дуусаагүй мөнгөө шилжүүлэн хүлээлгэж өгсөн юм биш үү?

-Мэдэхгүй. Ямар мөнгө өгснийг мэдэхгүй юм. Би сайн эдийн засагч биш л дээ. Гэхдээ болхи эдийн засагчийн хувьд Монгол бол ОУВС-гийн хөтөлбөрт орохгүй бол цаашаа нэг ч алхам алхах газар байгаагүй.

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үеийн ажил үр дүнгээ өгч эхэлж байгаа талаар хэлж байна. Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газраас ард түмэн төдийгүй намын гишүүд, дэмжигчид нь хүртэл зоригтой, зорилготой зоримог шийдвэрүүдийг хүлээж байсан?

-Маш өндөр хүлээлт дээр бий болсон Засгийн газар гэдгийг би өмнө нь хэлж байсан. Харин энэ хүлээлтдээ хүрч ажиллаж чадаж байна уу, үгүй юү гэдэгт анхаарал хандуулах ёстой. Тиймээс тэр зоригтой шийдвэрүүдээ одоо гаргаж, үр дүнтэй ажил хийгээсэй билээ гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хийтэй үгнээс болж эдийн засгийн таагүй байдал бий болсон гэж та шүүмжилсэн. Хэлж ярихаа цэгнээгүйгээс нефть импортлогчдод сэдэл өгч, шатахууны үнийг хөөрөгдсөн гэсэн?

-Үнэн. Хаа ч хэлнэ. Эдийн засаг эмзэг байна. Хүн бүр төр засгийг ажиглаж байдаг. Засгийн газар хазгай гишгэж, буруу шийдвэр гаргахад хэлж сануулж, шүүмжлэх нь зүйтэй. 500 сая ам.долларын бондын төлбөрийг хийхдээ нефтийн үнийг чөлөөлөх ёстой гэсэн санааг чуулганы танхимд хэлсэн. Мөн Солонгост монгол иргэдтэй уулзахдаа бас ийм зарчмаар явах ёстой гэж хэлсэн юм. Би үүнийг л хатуу хэлсэн. Хамрын дор хагархай гэгчээр санаанд орсон зүйлээ, түмэнд таалагдах гэж ярьж байдаг цаг хугацаа биш.

-Тэр өдрийн хуралдаанд 32 бүлгийнхэн үг хэлж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг саваадаж харагдсан. Огцруулах тухай ч цухалзана билээ. МАН-ын доторх хагарал аниагүйн илэрхийлэл байх?

-33 ба 32-ын бүлэг гэдгээр нь тэр үед анзаараагүй юм байна. Одоогоор талцаж, хэрэлдсэн, хагаралдсан зүйл алга. Бүлгийн гишүүдийн уур амьсгал, уулзалт, хурлын байдлаар шинжвэл төр засгаа тогтвортой байлгах, олон түмний өмнө хүлээсэн хүлээлт, мөрийн хөтөлбөрөө хэрхэн биелүүлэх вэ гэдэг дээр толгойгоо гашилгасан хүмүүс байна. Цаашид эвтэй байж, намын мөрийн хөтөлбөр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө л ажиллана.

-Гомдогсдын бүлэг дараагийн алхмыг хийхээр зураг төслөө гаргаад явж байгааг та мэдэхгүй гэж хэлэхгүй байлгүй дээ?

-Мэдэхгүй. Дотоод хэрүүл рүүгээ анхаарал хандуулж, ач холбогдол өгөх хүн байхгүй гэж бодож байна. Тийм зүйл байгаа бол 2020 онд юун 32, 33 байтугай хэн нь ч байхгүй байх магадлал бий. Тиймээс бүгд ойлгож байгаа гэж бодож байна.

-Тэр орой 32-ын бүлэг “Шангри Ла” зочид буудалд уулзалдсан шүү дээ?

-Тийм юм болоогүй. Ёстой худлаа.

-Та тэнд байгаагүй гэж үү?

-Би л лав тэр “Шангри Ла” зочид буудалд очоогүй.

-М.Энхболд дарга очсон юм биш үү?

-Ёстой худлаа. Өмнө ч 33, 32-ын бүлэг гэж яригдаж байхад М.Энхболд дарга нэг ч удаа хоёр талын хагарал, зөрчилдөөнтэй асуудал дээр очиж байгаагүй. Миний хувьд нөхөдтэйгөө хоол идэж хамт сууж байснаас биш уулзалт хийж, албан ёсны юм ярихад нь оролцож байгаагүй. Худал цуурхал тарааснаар манай намыг дотроос нь хагалан бутаргах гэсэн явуургүй оролдлого.

-Монголд нууц гэж байдаг юм уу?

-Байхгүй. Тиймээс “Шангри Ла” зочид буудалд очсон эсэх нь ил гарна биз.  

-Хаврын улс төрийн сэдэв нь МАН-ын дараагийн Засгийн газрын тэргүүн хэн бэ юм биш үү?

-Мэдэхгүй. Тийм зүйл харахгүй байна. Би намын даргад өрсөлдөж байхдаа ч, Ж.Эрдэнбатын Засгийн газрыг унагаж байхад ч хэлж байлаа. Монголын төр засаг тогтвортой байх ёстой. Энэ бол миний хатуу байр суурь. Монгол өнгөрсөн 27 жилийн хугацаанд 15, 16 Ерөнхий сайдыг сольсон байна. Дундачлаад үзвэл нэг Ерөнхий сайд 1.6 жил л ажилласан гэсэн үг. Ганцхан жишээ хэлье. Зүүн Германаас очсон Меркил гэдэг эмэгтэй Баруун Германд очиж холбооны улсын канцлер болж 16 дахь жилдээ ажиллахаар боллоо. Ийм тогтвортой байдал нь улсын хөгжил, эдийн засаг тогтвортой байх гол үндэс болж байна. Түүнээс манайх шиг дотоодын зөрчил, сандал ширээний хагарлаасаа болж жил хүрэхгүй хугацаанд Засгийн газраа огцруулаад байж болохгүй л дээ.

-Одоо УИХ-аа огцруулахыг шаардаж байна?

-Одоо УИХ, Засгийн газраа огцруулбал Монголын тусгаар тогтнолын асуудал руу шууд орно. Учир нь УИХ бол Монголын төр. Парламент огцорно гэдэг Монгол төргүй болно гэсэн үг. Тийм учраас ард түмэн ухаалаг хандах учиртай.

-Нөгөө өнцгөөс харвал та суудалтайгаа үлдэх гэсэн санаархал шиг харагдана?

-Хаянхярваа гэдэг нөхөр сандал суудлаа харамлаад үхэх нь гэх байх. Огцрох шиг амархан юм байхгүй. Тангараг өргөж, УИХ-д гишүүн, төрийн төлөөлөл болж суугаа хүний хувьд энэ төрийг тогтвортой байлгахын төлөө үгээ хэлж, ухаан санаагаа уралдуулах ёстой. Түүнээс гар гэхээр нь гардаг, ор гэхээр нь ордог байж болохгүй биз дээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү