Н.Цэрэнбат: Хүсэлт ирүүлсэн жуулчин бүрийг оруулах боломжгүй


2019-07-02 15:28:28
Өнгөрсөн жилийн наадмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан аяны "ачаар" цэвэр цэмцгэр сайхан наадсан талаар салбарын сайд Н.Цэрэнбат сайд мэдээллээ. Тэрбээр энэ жил ч мөн энэ жил аян зарлаж байгаагаа ч мэдэгдлээ. Тэрбээр "Энэ жилийн хувьд наадмаас гадна хөдөө орон нутагт аялаж зугаалахдаа ч хогоо хаяхгүй байя хэмээн уриалж байгаа. Мөн хувийн хэвшлийн ААН-үүдийн зүгээс аяны хүрээнд хамтран ажиллах саналыг гаргаж байна. Өнгөрсөн жил аяны хүрээнд 10 хүрэхгүй  аж ахуйн нэгжтэй хамтарч ажилласан. Харин энэ жилийн хувьд эхний санаачилгаар 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хамтран ажиллах саналаа ирүүлээд байна. Яамны зүгээс энэ жилийг байгальд ээлтэй, хоггүй аялах жил болгон зарласан" хэмээв.

Өнгөрсөн жил БОАЖЯ-аас зарласан "Цэвэрхэн наадацгаая" аяны хүрээнд 200 гаруй сайн дурынхан ажиллаж, 30 гаруй тонн хог цэвэрлэжээ. Энэ жил Монголын оюутны холбооны 200 оюутан залуус Төв цэнгэлдэх, Хүй 7 хоног, Туул гол, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт эргүүл хийж, иргэдийг хоггүй, цэвэр наадахыг уриалахаар болжээ.

Мөн Н.Цэрэнбат сайд энэ жил 3500 жуулчинд наадмын нээлт үзэх тасалбар олгоно гэдгийг мэдээллээ. Одоогоор нийслэлийн Аялал жуулчлалын газарт 10 000 жуулчин наадмын нээлт үзэх хүсэлтээ ирүүлсэн байна. Гэвч Төв цэнгэлдэх хүрээлэн 13 500 хүний суудалтай тул хүсэлт ирүүлсэн бүх жуулчинд нээлтийн тасалбар өгөх боломжгүй гэнэ. Тэрбээр “Хүсэлт ирүүлсэн бүх жуулчинд тасалбар өгвөл монголчууд өөрсдөө наадмынхаа нээлтийг үзэж чадахгүйд хүрнэ. Тиймээс жуулчдад 3500 тасалбар өгсөн. Одоогийн цэнгэлдэхээс хэд дахин том цэнгэлдэхтэй болсноор энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр ойрын хоёр, гурван жилдээ ингэж аргалахаас өөр арга алга. Манай яамнаас жуулчдад зориулан “Naadam night” тусгай арга хэмжээг зохион байгуулна. Энэ үеэр наадмын нээлтийг орчуулгатайгаар дахин хүргэнэ. Тасалбаргүйн улмаас нээлтэд орж чадаагүй жуулчин орой нь орчуулгатайгаар нээлтийг үзэх боломж олгож байгаа юм” гэв.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Салбарын яамны зүгээс 2020 он гэхэд 1,000,000 жуулчин хүлээн авна хэмээн мэдэгдсэн. Жуулчид ирээд орон нутгаар их аялахад наад захын буюу жорлонгийн асуудал хүндрэл дагуулдаг. Жорлонгийн асуудлаа шийдсэн үү?

- 2020 он гэхэд 1,000,000 жуулчин хүлээн боломжтой. Аялал жуулчлалын гол бүсүүд ариун цэврийн байгууламжаа сайжруулсаар байгаа. Гэхдээ хангалттай түвшинд хүрч чадаагүй байна. Мөн 1,000,000 жуулчин хүлээн авах зорилгынхоо хүрээнд аялал жуулчлалын салбарын есөн ажлын байран дээр үнэ төлбөргүй сургалт явуулж байгаа. Одоогоор 10,000 орчим хүн сургалтад хамрагдсан. Сургалт цаашдаа ч үргэлжилнэ.

- Наадмын нээлтийг үзэх сонирхол жуулчдад байдаг ч тасалбар олддоггүй. Энэ жилийн хувьд хэдэн тасалбарыг жуулчдад хуваарилж байгаа вэ?

- Аялал жуулчлалын холбооноос энэ жил наадмын үеэр 10,000 гаруй жуулчин Монголд ирнэ. Тиймээс ядаж 3,500 орчим наадмын нээлтийн билет олгооч ээ гэсэн хүсэлт тавьсан. Гэхдээ наадмын нээлтийн тасалбарыг НЗДТГ хариуцан худалддаг. Бидний зүгээс ядаж 3,500 гэсэн тоогоо хэлээд ярилцаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн 13,500 хүний суудалтай. 10,000 жуулчинд бүгдэд нь тасалбар зарахаар Монголчууд өөрсдөө нээлтээ үзэж чадахгүй болох гээд байгаа. Тиймээс том цэнгэлдэх хүрээлэнтэй болтлоо зохицоод явахаас өөр аргагүй.

Яамны зүгээс бүсийн наадмууд, арга хэмжээнүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Улсын наадмын нээлт үзэж чадаагүй жуулчдад бусад наадмуудыг үзүүлэх зорилгоор ийм дэмжлдэг үзүүлж байгаа гэж ойлгож болно. Мөн жуулчдад зориулаад долоодугаар сарын 11-ний орой ҮСАХ-нд "Naadan night show"-г зохион байгуулна.

Наадмаас өөр үед ирсэн жуулчдад нүүдэлчдийн ахуй соёлыг харуулах зорилгоор долоодугаар сарын 20-доос эхлээд Адууны баяр, Сарлагийн баяр, Боржгон овгийн баяр гэх мэт бүсчилж тохирсон арга хэмжээнүүдэд яамнаас дэмжлэг үзүүлж байгаа.

- Жуулчдад зориулсан үйлчилгээ, үзвэрийн тасалбар хэт өндөр үнэтэй байна гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тухайд тодруулж мэдээлэл өгөөч?

- Аялал жуулчлалын компаниуд аяллын багц дотроо наадмын нээлт болон бусад үзвэрийн төлбөрийг багтаасан байдаг. Түүнийг нь тухайн жуулчин зөвшөөрөөд ирж байгаа учраас үнэ өртгийг хэт өндөр гэж хэлэх нь зохисгүй байх.

Мөн тусгай хамгаалалтай бүсэд нэвтэрхэд авдаг хураамжийг Монгол Улсын иргэн, гадны гэж ялгахгүйгээр нэг тарифтай байлгах чиглэлийг салбарын яам барьж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү