Увс аймгийн Хяргас нуурын хөвөөнд “Усны сургалт, хяналт дадлагын төв” байгуулагдан өнгөрөгч зургадугаар сард нээлтээ хийлээ. Алх дөш, цахилгаан хөрөө түжигнэсэн их нүргээн Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийг угтсан юм. Ундуй сундуй талбайд барилгын ажилчид гэлтэй алба хаагчид холхилдон энд нэг нь  шал лакаар будан, тэнд хоёр нь дээвэр төмөрлөж өглөө гэхэд бүх зүйл бэлэн болсон байв. Ингэж л алба хаагчид өөрсдийн хөлс хөдөлмөрөөр тус төвийг бүтээн байгуулсан юм. Ингээд уншигч та бүхэнтэй Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан 15 жилийн ойгоо “Усны сургалт, хяналт дадлагын төв” гэсэн бүтээн байгуулалттай угтсан Увс аймгийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгатай уулзуулж байна.

Богино хугацаанд, том бүтээн байгуулалтын ард гарч байна. Танай хамт олон бүгд барилгачны дамжаанд суралцах шиг боллоо?

Баярлалаа. Нээрээ бүгд л барилгачин, мужаан боллоо доо. Энэ жилийн хувьд Увс аймгийн Онцгой байдлын газрын хамт олны ойгоо угтан хийсэн хамгийн том бүтээн байгуулалт нь “Усны сургалт, хяналт дадлагын төв” байлаа. Хяргас нуурыг түшиглэн энэ сургалтын төв маань  ард иргэдийн аюулгүй байдлыг хангуулах маш чухал төлөвлөлт болсон. Баруун бүсийн таван аймгийн аврагчдын усны сургалт дадлагын нэгдсэн бэлтгэл сургуулилт, дадлага энд хангагдана. Ер нь цаашдаа баруун бүсийн таван аймгийн аврагчдыг энэ төвдөө хуваарийн дагуу ажиллуулж, бие биенээсээ суралцах, туршлага хуваалцах,  бүсийн хэмжээнд алба хаагчдын албаны бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах, бэлэн байдлыг тогтвортой хангуулахад анхаарч ажиллах бодолтой байгаа.

   Манай хамт олон жил бүр өөрсдийнхөө ахуй нөхцлийг сайжруулах, ая тухтай орчныг бүрдүүлэх, байгууллагаа сурталчлах чиглэлээр томоохон ажлуудыг хийдэг. Ирэх 9 дүгээр сард  Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги 50 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойн хүрээнд олон бүтээлч ажил хийхээр төлөвлөөд байна.

Өмнө нь усчин аврагчид хаана дадлага сургуулилт хийдэг байв?

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулдаг сургалт дадлагад тогтмол хамрагдана. Түүнчлэн Байгаль далай дээр усанд шумбалтын зэрэг хамгаалж тэнд сургалтанд хамрагддаг. Мөн Улаанбаатар хотын усан бассейны төвд сургалтад хамрагдаж байна. Ер нь нуур усаа ашиглаад аврагчдыг бэлтгэх боломжтой. Бидэнд сайн бэлтгэгдсэн аврагчид байна. Тэднийгээ түшиглээд усанд сэлэлтийн анхны төрлүүдээс эхлээд шумбалтын дадлагыг хийх бүрэн боломжтой.

Энэ төв Онцгой байдлын албаны сургалтын төв байхаас гадна орон нутгийн иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, цаашилбал аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдсэнд баяртай байна?

Тиймээ. Аймаг орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэг тулгуур нь болох болов уу. Гадны улс орнуудад нуур ус, далайгаа түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлсэн байдаг. Энэ жилийг Увс аймгийн засаг даргын хувьд “Аялал жуулчлалын бүс нутаг” болгон зарласан. Хяргас нуурыг дагасан аялал жуулчлалын урсгал нэмэгдэж байна. Тиймээс энэ нуурыг түшиглэн гүний болон усны зуны сургалтууд зохион байгуулдаг, аврагчдаа сургаж бэлтгэдэг,  амарч зугаалж яваа иргэдэд үйлчилдэг, сургалт дадлагад хамруулдаг байх юм. Хамгийн гол нь иргэдийн тайван амгалан байх, найдвартай байдлыг хангуулна. Энэ нууран дээр жилд дунджаар 4-6 удаагийн дуудлагаар ажилладаг. Ердийн үед өдөртөө 1000 орчим хүн аялж зугаалж байна. Иргэд хувийн жижиг завьтай ирэх, хийлдэг гудастай усанд орох зэрэг олон шалтгааны улмаас эргээс холдчихдог. Эргээд эрэг рүүгээ ирж чадалгүй дуудлага өгөх нь элбэг байна. Тухайн цаг бүрт нь бид дуудлагын дагуу ажилладаг. Тэгэхгүй бол Улаангомоос Хяргас нуур луу ирэхэд 135 км зайтай. Ойролцоогоор хоёр цаг гаруй хугацаанд туулна. Энэ бол асар урт хугацаа.  Цаг хугацаа алдахаас гадна эдийн засгийн  хувьд зардал их гардаг байсан. Үүнийг хэмнэх үүднээс тогтмол ажиллагаатай болгож байгаа энэ төвийн бас нэгэн зорилго юм.

 

Онцгой байдлын газрын хувьд боловсон хүчин болоод техник хэрэгслийн хувьд хэр батажсан гэж та хэлэх вэ?

Аль аль нь хангалттай гэж хэлэхгүй. Техник хэрэгсэл, багаж тоноглолоо шинэчилж байх шаардлагатай байдаг. Аймгийн хэмжээнд манай газрын бүтэц бүрэлдэхүүн 116 хүн байна. Үүнээс 82 хүн төрийн тусгай алба  хаагч байна. Үлдсэн хувь нь улсын нөөцийн салбарын албан хаагчид байдаг. Яг аврах ажиллагаанд явж байгаа нь 60 орчим залуучууд байна. Цаашид хүн хүчний асуудлыг бодлогын хэмжээнд өрөгжүүлмээр санагддаг. Жишээ нь аврах салбар байгуулах зорилт тавиад байна. Аймгийнхэмжээнд олон нууртай учраас энэ аймагт бүрэн хяналт тавьж чаддаггүй. Хяргас, Үүрэг нуур гэх мэт эрсдэл өндөртэй нуур олон бий шүү дээ. Эдгээр нуурууд дээр байнгын эргүүл ажиллуулахад хүн хүч дутагдалтай л байна. Зуны саруудад алба хаагчдаа амрааж чадахгүй ажиллуулах үе олон байна.

Баруун аймгуудын Онцгой байдлын газрын хоорондын уялдаа холбоо хэр байдаг вэ?

Ер нь Ховдод, Завханд ч юм уу усны осол боллоо, эрэл хайгуул, үер усны зэрэг гамшиг осол болоход бид хүч хавсарч ажиллах тохиолдол их бий. Тэгэхдээ манай аймагт гарсан осол дээр хаа байсан Ховдоос бүрэлдэхүүн дуудна гэдэг цаг хугацаанаас эхлээд бэрхшээлтэй зүйл байдаг. Зайлшгүй тохиолдолд нэмэлтээр ажиллах үе  олон гардаг.

Ингэхэд та энэ баруун хязгаарт ямар тохиолоор ирж ажиллах болов оо э? 

Би энэ албанд 29 дэх жилдээ ажиллаж байна. Гал сөнөөгчөөс эхлээд өдий болтол зүтгэжээ. ОБЕГ-т найман жил ажилласан юм. Оператив жижүүр хийж байлаа. Дараа нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээс нь ахлах мэргэжилтэн хүртэл ажилласан. Харин энд хамт олноо удирдаад таван жилийн нүүрийг үзэж байна даа. Цэргийн хүний ёсоор үүрэг тушаал хүлээгээд л энд ирсэн.

Уугуул нутаг нь?

Би чинь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат. Тэнд төрсөн. Манай аав бас цэргийн хүн. Аавыгаа дагаад Улаанбаатар хотод багадаа орж ирэн хотын хүн болсон доо. Цаг хугацаа их хурдан юм. Энд ирээд таван жил болчихсон байна шүү дээ.

Уг нь орон нутагт томилогдсон дарга нар өөрийн төрсөн нутагтаа ирэх нь элбэг. Гэтэл та Хөвсгөл далай биш, Хяргас нууран дээр байна?

Тушаал бол тушаал шүү дээ. Намайг Т.Дуламдорж дарга томилж байлаа. Тэр үед “За та нэг жил яваад ир” гэхэд нь би “Нэг жилийн хугацаанд ажил сайжирдаггүй юмаа даргаа, юм хийж амждаггүй юм. Намайг зүгээр тэнд нь орхичих” гэж хэлээд л ирсэн дээ.

Одоо буцах бодол байх юм уу?

Тийм бодолгүй байна. Анхан шатныхаа нэгж дээр өөрийнхөө хийе гэснийг хийгээд зорилго тавиад ажиллаж байна. 

Нутгийн уул ус түшнэ гэдэг дээ. Таныг энэ нутаг харамгүй түшиж, тулж байгаа юм аа даа. Сэтгэл тэнүүн байхыг бодоход?

Бараг тийм дээ. Ер нь уусах талдаа. Увс нутгийнхан ярьдаг юм. Уул ус нь гадны хүндээ ээлтэй байдаг гэж. Заримдаа ч ортой юм болов уу гэж бодох. Гэхдээ хүн хаана ч байсан, сэтгэл нийлээд ажиллахад гар нийлээд л ажиллана. Залуучуудаа харахад үнэхээр сайхан байдаг. Залуу хүнийг яаж хүмүүжүүлэх, хэрхэн ажилууллах нь зөвхөн удирдлагаас шалтгаална. Тийм учраас би тэдэнтэйгээ нягт байхыг л боддог. Нэг нэгнийгээ харцаараа ойлголцдог. Магадгүй намайг хараад хүндлэх сэтгэл төрж болно. Харин би тэднийг хараад бахархах сэтгэл төрдөг. Ингэхээр бидний хооронд нэг тийм уялдаа холбоо байгаа биз. Намайг гадны хүн гэхгүйгээр тосч аваад ажил үйлийг минь дэмжээд ажиллаж байна. Үндсэндээ хоёр дахь нутаг минь боллоо.

Уугуул, суугуул нутаг аль аль нь ээлтэй таныг ивээж байгаа юм байна?

Би бас өөрийгөө азтай хүн гэж боддог. Ийм сайхан нутаг усанд амьдарч байна. Энэ сайхан хамт олон, залуучуудаар хүрээлүүлэн хамтдаа нэгийг бодоод хоёрыг сэтгэж хийж байна. Миний амьдралын мартагдашгүй дурсамжууд энэ цагт бичигдэж байна. Өөрийнхөө амьдралын түүхийг бичээд явж байна. Сайхан байна.

Энэ алба биднийг “супер” байхыг шаардаж байна –

Тэгвэл ямар үед залуусаа хайрлах сэтгэл хамгийн их төрдөг вэ?

Хайрлахгүй байх цаг мөч надад байхгүй. Байнга хайрлаж явдаг. Манай аврагчид эрэн хайх, аврах ажиллагаанд яваад ирэх, тэмцээн уралдаанд амжилт гаргаад ирэхэд бахархахгүй байхын арга байхгүй. Дотроос огшоод л нөгөө хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй гэдэг шиг л. Сая гэхэд Баян-Өлгий аймагт болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортоор манай залуучууд үнэхээр гайхам сайхан амжилтыг үзүүллээ. Тэгээд тэднийг шагнуулаад зогсож байхад нь хараад огшоод хэцүүдсээн /инээв/. Бас хүнээ аварчихаад халтар ухна шиг болчихоод ирж байгаа аврагчдаа хараад үнэхээр их хайрладаг. Хайрлахгүй байхын аргагүй залуус даа.

Хүн өөрийн бие, сэтгэлээ зориулсан зүйлдээ хачин их харам, хайртай, хүндлэлтэй байдаг даа. Танаас яг тийм зүйл мэдрэгдээд байна…

/Инээв/. Ер нь орон нутагт ажиллах их сайхан шүү дээ. Бодсон, зорьсон, хийе гэж сэтгэлдээ зурсан зүйлээ залуучуудтайгаа гар нийлээд ханцуй шамлахад бүгд намайг дэмждэг. “Тэгье даргаа хийе” гэнэ. Олон ч том ажлыг хийгээд ард нь гарлаа. Сургалтын төвийг гэхэд хоёрхон сарын хугацаанд барьж ашиглалтад орууллаа. Богино хугацаанд хийгдсэн байгаа биз. Тэгэхээр ард иргэдийнхээ төлөө тангараг өргөөд ажиллаж байгаа цэргийн алба хаагчид бол хаана ч байсан ялгаагүй. Хамгийн гол нь зүгээр л сууж болохгүй гэж боддог. Юм хийх ёстой, санаачлах ёстой. Залуучуудад би дандаа хэлдэг. “Заавал нэг зүйлийг хийж, хоёрыг бодож бай” гэж. Тэгэж байж л амжилтанд хүрнэ шүү дээ. Тэрнээс зүгээр суухыг хэн ч чадна. Тиймээс өөрт байгаа боломж бололцоо бүх зүйлээ дайчилж, ашиглах л хэрэгтэй дээ.

Өчигдөр танай нэг алба хаагчтай ярилцаж суухад “бид өөрсдөдөө галд шатдаггүй, усанд живдэггүй, хүйтэнд хөрдөггүй байх” шаардлагыг тавьдаг гэж  ярьж байсан? 

Бидний бүх үйл ажиллагаа ард иргэдэд нээлттэй, нүдэнд ил байна. Ууланд авирч, усанд шумбаж, түймэр унтрааж байна. Эрэл хайгуул зохион байгуулж байна. Үнэхээр энэ алба биднийг “супер” байхыг шаардаж байна. Тэр чинээгээр алба хаагчдыг өндөр түвшинд бэлтгэх ёстой. Ямар ч бэлтгэл сургуулилт, дадлага байхгүйгээр хүн аварна гэж байхгүй шүү дээ. Энэ алба бол өөрсдийн залуучуудыг байнгын бэлтгэлтэй байхыг шаардаж байдаг шалгуур, шаардлага өндөртэй хатуу алба юм даа. Гэртээ байхаасаа байхгүй цаг нь их. Хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй. Бидний хувьд үүргээ гүйцэтгээд гэртээ ирэх хамгийн сайхан.

Та залуучуудаа хэр зангидаж байна?

Нэгдүгээрт хууль. Цэргийн нэгдсэн дүрмүүд бусад хууль тогтоомжууд  ямар хэм хэмжээнд, яаж ажиллахыг тусгаад өгчихсөн байна. Нөгөөтэйгүүр  найз нөхөд, ах нь, эцэг нь болж ажиллах ёстой. Миний хувьд алба хаагчдынхаа зорилго, сэтгэлийг сонсохыг хичээдэг. Хэдийгээр хүн бүр дээр түлхүүр тааруулахад хэцүү ч, тэр хүнийг мэддэг байх ёстой. Батын ар гэр нь ийм, өөрөө зан харьцаа нь тийм шүү гэдгийг мэддэг байхыг хичээдэг. Ингэж  байж л тэдэнтэйгээ тулж ажиллана шүү дээ. Тэр дундаа офицер бүрэлдэхүүнийг шахаж ажиллуулдаг. Тэд үүрэг хариуцлагаа хүлээж, хийх ёстой ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж байх ёстой. Ахлагч бүрэлдэхүүнтэй бол илүүтэйгээр ах нь, аав нь болж ойр дотно болж явдаг болов уу гэж дотроо боддог юм.

 

Таны хувьд хамгийн ихээр сэтгэлийг тань шаналгаж байсан мөч ямар үе байв?

Бид бага насны хүүхдийн осол, эрэн хайх аврах ажиллагаанд их явна. Тэр бүхэнд бүгдийг нь амьд олж байсан. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд гурван настай хүүхэд гэрээсээ төөрсөн юм. Тухайн үед тэр хүүхдийг  гэрээс нь гурав орчим километрийн зайнаас нэг хоногийн дараа үүрээр амьд олж авч байсан. Хүүхэд биднийг хараад зугтааж билээ. Гэрт нь авчрахад гар, хацар нь хайрагдчихсан байсан. Ер нь малчдын хувьд амьдрал хатуу шүү дээ. Аав, ээж нь малдаа гараад явдаг, хүүхэд гэртээ үлдэнэ. Айлд ороход гэр нь галгүй хөрчихсөн, хүүхэд нь унтаж л байдаг.

Энд чинь өвөлдөө өдөрт хасах 35-45 хэм. Шөнөдөө -50 хэм гаргана. Эрс тэс уур амьсгалтай. Иргэд автомашинтайгаа цасан шуурганд төөрлөө гэхэд араас нь бүлэг гаргаад явуулна. Ямар нэг аврах ажиллагааны дуудлагаар явлаа гэхэд  залуусынхаа араас санаа зовно. Хоол ундаа сайн бэлтгэж явсан болов уу, дулаан хувцсаа өмссөн байгаа гэх мэт толгой өвтгөсөн ажил их шүү дээ. Хамгийн гол нь өөрсдөө эрсдэхгүй байхыг урьдчилж бодож тооцоолдог.

Гуравхан настай хүүхэд хөхөө өвлийн хүйтэнд яаж амьд гарсан байх вэ. Ер нь энэ мэт хачирхалтай зүйл олон тохиолдоно биз?

Цасан шуурга болоод малтайгаа сураггүй алга боллоо гэнэ. Хайсаар байгаад олоход амьд байж байдаг. Гэтэл төв нутгаар бол хоног биш хэдхэн цагийн дотор төөрөөд осгодог шүү дээ. Тэгэхээр нутгийн ард иргэд өөрсдөө байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалдаа дасан зохицсон байна. Маш их хөдөлмөрч, хичээнгүй зүтгэлтэй ард түмэн юмаа гэж би гайхдаг юм. Тэс сум руу явж байсан чинь гурван хүүхэдтэй эмэгтэй машин нь эвдэрсэн байгаа юм. Тэгтэл хүүхдүүдээ цасанд хучиж орхиод өөрөө сум руу алхаж очоод машин авчирч эргэж хүүхдүүдээ авч байсан. Тэгэхэд л хүүхдүүд нь цасанд хучигдсан эсэн мэнд байж л байсан. Бид ч наанаас нь очиж, эмэгтэй ч цаанаас нь ирж тийм л дүр зураг биднийг угтсан. Хамгийн бага нь таван настай, том нь 12 настай.

Энэ нутагт чинь цас их хаяна. Ердийн үед 40 см зузаантай. Өвөл монгол улсын хэмжээнд цасгүй хар байхад энд л цас орсон. Их орох юм бол тал газартаа 50 см зузаантай цас байх жишээтэй. Тэр их цасан дунд хүүхдүүдээ булаад өөрөө шөнөжин явчихаад өглөө үүрээр  ирсэн энэ мэт сонин хачирхалтай юм их байна аа.

Инээд хөөр, зовлон гуниг, амжилт ялалтаа хуваалцах хамт олонтой байна гэдэг хамгийн сайхан мэдрэмж юм. Танд, таны чадварлаг, хөдөлмөрч залууст аз, амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Танд маш их баярлалаа.