Ц.Ганчимэг: Хөгжлийн бэрхшээлтэй 19 хүнийг ажлын байранд зуучлаад байна


2019-09-23 10:33:59

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг болов. Өдөрлөгийн үеэр иргэдийг ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучилж, нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авсан юм.

Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез, ортопедийн танилцуулга, захиалга авсан юм.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 105,7 мянган иргэн амьдарч байгаа гэх тоон үзүүлэлт бий. Тэднийг хөдөлмөрлөх эрхэд бэлтгэх, ажлын байранд зуучлах ажлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зохион байгуулах болсон билээ. Энэ хүрээнд тус газрын дарга Ц.Ганчимэгтэй цөөн хором ярилцсан юм.

-Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа сурталчилж байна. Мөн иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох хөнгөлөлт тусламж, тэгш хамруулан сургах боловсролын талаарх мэдээлэл, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийн ач холбогдол зэрэг тулгамдсан асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Өдөрлөгт ХБХХЕГ-ын харьяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхчүүдэд сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

-Даралт үзэж, эмч зөвлөгөө өгч байгаа харагдсан?

-Тиймээ, цусны даралт үзэх, цусан дахь сахар тодорхойлох сорил авах, иргэдээс санал, хүсэлтийг авч шийдвэрлүүлэх, холбогдох байгууллагад уламжлах, протез, ортопедийн хэрэгслийн хэмжээ болон захиалга авах, танилцуулах, сэргээн засах үзлэг хийх, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, сэргээн засах эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх гэр бүл, хүүхэд, залууст хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг ч мөн мэргэжлийн сэтгэл зүйч, эмч өгч байгаа.

-Сэтгэлзүйч эмч хүүхдүүдэд оюуны сорил хийж, зөвлөгөө өгч байгаа юм байна?

-ХБХХЕГ-ын дэргэдэх Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв нэгдүгээр портез, ортопедийн үйлчилгээ үзүүлдэг. Өдөрлөгийн үеэр сахарын шинжилгээ авахаас гадна хөдөлгөөн болон хэл заслын үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн бүх төв агентлагууд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй ямар орчныг бүрдүүлж болохыг асран хамгаалагч, эцэг эхчүүдэд зөвлөж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв байгуулагдаад удаагүй.  

-Зургадугаар сард байгуулагдсан байхаа?

-Тиймээ. өнгөрсөн зургадугаар сараас эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсан цагаас хойш  400 орчим хүүхдийг өдрийн эмчилгээнд хамруулаад байна. Удахгүй хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ямар хувцас өмсүүлэх, хэрхэн гишгэж алхуулах зөвлөгөө өгч байгаа нь эцэг эхчүүдэд их таалагдаж байгааг ярьж байсан?

-Хөдөлгөөн болон хэл засал маш чухал. Хүүхдийнхээ алхаа гишгээг тааруулах, ямар гутал хувцас өмсвөл зохистой, эмчилгээнд хэрхэн хамруулах талаар зөвлөгөө өгч байгаа юм. Нөгөө талаар хүүхдүүдээ оношлох, эрт илрүүлэх нь чухал.

-Танай байгууллага байгуулагдаад жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна ажлын байранд бэлтгэх, зуучлах болсон. Хичнээн хүнийг ажлын байранд зуучлаад байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь 2018 оны УИХ-ын 56, Засгийн газрын 250 тоот тогтоолоор батлагдан үйл ажиллагаа явуулж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон түүний асран хамгаалагч, ахмад настнуудад нэгдүгээрт, хууль эрхзүйн зөвлөгөө өгөх, хоёрдугаарт тэднийг ажлын байранд зуучлах, мөн ажил хайж байгаа иргэдээ бүртгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

-20-оос дээш хүнтэй аж ахуйн нэгж хөгжлийн бэрхшээлтэй 1-2 хүнийг ажлын байраар хангах хуулийн зохицуулалт бий. Харамсалтай нь энэ заалт хэрэгждэггүй. Гэвч шалтгаан нь аж ахуйн нэгждээ биш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ байсан гэх яриа бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Шууд тэгж хэлэх нь бас зохимгүй юм. Юуны өмнө хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж чадах мэргэжлийг судалгаагаар гаргаж, ажиллах боломж нөхцөлийг судалсан. Яагаад гэвэл аль нэг байгууллага хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулъя гэхэд бид бэлтгэгдсэн боловсон хүчний бэлэн нөөцтэй байх шаардлагатай. Энэ үүднээс хүмүүсээ бэлтгэх, боловсон хүчнээ бүрдүүлэх дээр голлон анхаарсан. Тиймээс эхний ээлжинд албан ёсоор ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэж, цааш нь тухайн хөдөлмөрт бэлтгэх, мөн ажлын байран дээр дадлагажуулах ажлыг шат дараатай хийж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байранд хэрхэн бэлтгэдэг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нэгдүгээрт, тухайн байгууллагадаа дасан зохицох, нөгөө талаар тухайн байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлд өөрөө таарч байгаа эсэхийг судлах. Ажлын байр нь тохируулгатай байна уу гэдгийг хүний нөөцтэй нь ярилцаж тэр хүнийг сэтгэлзүйн хувьд бэлтгэдэг. Мөн хамт олныг нь бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. Нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ирснээр тэр хамт олон гайхаж харах биш харин ч нийгмийн амьдралд оролцоход нь тусалж, дэмжиж, хайрлах, нөгөө талаар хамт олонсог, нийгэмсэг болох талаас нь илүү ойлголтыг өгөх зорилготой ажиллаж байна.

-Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын  байранд авах зар их харагдах болж. Одоогоор хичнээн хүнийг ажлын байранд зуучлаад байна вэ?

-Аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авья гэж манай байгууллагад их ханддаг болсон. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй 19 иргэнийг ажлын байранд зуучлаад байна. Мөн бүртгүүлсэн иргэн олон бий.

-Ажлын байранд зуучлахаас гадна тогтвортой ажиллахад нь анхаарч байдаг гэж та хэлж байсан?

-Тиймээ. Ажлын байранд зуучлаад орхих биш цаашид тогтвортой ажиллуулахын тулд мөн анхаарч байгаа. Үүний тулд ажлын байран дээр нь очиж хамт олон байгууллагынхантай нь уулзах, ярилцах шаардлага гардаг. Аль болох тогтвортой ажиллуулахын тулд бүхий л талаар дэмжиж, туслахыг зорьж байгаа. Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ зайлшгүй бэлтгэх шаардлага бий. Ажилд орох хүн маань тэр ажлыг чин сэтгэлээсээ тухайн байгууллагын эрхэм зорилгод нийцүүлэн ажиллах хариуцлагатай байлгахыг зорьж, тэр чиглэлийн сургалтуудыг бас явуулж байгаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү