Ц.Цэцэгдэлгэрэх: Албан тушаалтнуудын ХОМ-ийг олон эх сурвалжийн мэдээлэл ашиглаж, түргэн шуурхай шалгахад хууль, эрх зүйн орчин дутмаг байна


2019-11-15 09:08:28

Төрийн албан хаагчид ХОМ-ээ Авлигатай тэмцэх газарт мэдээлдэг. АТГ-аас тус мэдүүлгээс орлого, зарлагыг тооцоолон тал бүрийн хяналт, шалгалт хийж, зөрчил илэрсэн тохиолдолд шаардлагатай арга хэмжээ авч ажилладаг. Харин УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг шалгах эрхийг 2012 оны Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар АТГ-аас салгаж Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн. Нэг үгээр хэлбэл, гишүүд гишүүддээ хяналт тавьдаг болсон.

Төрийн албан хаагчийн ХОМ-ийн зөрчил дутагдал, тэдгээрт хяналт шалгалт хийх явцад тулгардаг бэрхшээл буюу хууль эрх зүйн хязгаарлагдмал орчны талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газар ХОМ-тэй холбоотой хяналт, шалгалтыг хэрхэн явуулдаг вэ?

-Авлигын эсрэг хуульд заасны дагуу АТГ-ын үндсэн чиг үүрэг нь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах байдаг. Энэ нь эрүүгийн хэрэг бус, зөрчлийн асуудал учир иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд албан тушаалтны орлого, эд хөрөнгийн байдалд хяналт тавьдаг.

Манай улсад хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байгаа 41 мянган төрийн албан хаагч байдаг. АТГ цахим системээ ашиглаж, дээрх мэдүүлгээс эрсдэл өндөртэй хүмүүсийг шүүж шалгадаг. Тус хөрөнгийн эх үүсвэр хаанаас бий болсон, олсон орлогод нь нийцэж байгаа эсэх, хууль ёсны үйл ажиллагаа явуулснаа нотлох баримтаар баталж чадаж байна уу зэргээр хяналт шалгалт хийдэг.

Мөн орлого нь өмнөх онуудаас өссөн, хөрөнгө нь нэмэгдэж буй асуудалд судалгаа, харьцуулалт хийж Татварын ерөнхий газарт хүргүүлдэг. Тухайн хүний олсон орлого татварын газарт өгсөн тайлантай нийцэж байна уу, татвараас зайлсхийсэн эсэх ногдол ашгаа бүрэн хуваарилсан зэрэг зөвхөн орлогын асуудлаар дүүргүүдийн татварын албанаас хяналт шалгалт явуулж байна.

-АТГ энэ онд ХОМ-тэй холбоотой хэчнээн зөрчил илрүүлж, ямар арга хэмжээ авсан бэ?

-Өндөр эрсдэлтэй хүмүүсийг шүүж, шалгаж, хариуцлагын арга хэмжээ авдаг гэдгийг дээр дурдсан. Энэ оны эхний 11 сарын байдлаар 400 орчим мэдүүлэгт хяналт, шалгалт явуулсан.

Энэ дунд орлого нь хэт нэмэгдсэн, их хэмжээний хөрөнгө борлуулсан, татвараас зайлсхийсэн зэргээр түүвэрлэж, нэр бүхий есөн албан тушаалтны асуудлыг судалж Татварын ерөнхий газарт шилжүүлсэн. Энэ есөн зөрчил улсад 590 сая төгрөгийн хохирол учруулсан. Татвараас зайлсхийсэн, ХОМ-ээ худал мэдүүлсэн дээрх зөрчилд татварын байгууллагаас 42 сая төгрөгийн акт тавиад байна. Мөн 30 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцож, хэд хэдэн хүнийг нийтийн албан тушаалаас чөлөөлсөн.

-Хариуцлага тооцсон есөн албан тушаалтан ямар зөрчил гаргасан бэ?

-Нэг жишээ хэлье. Хоёр жил дараалаад 500, 850 сая төгрөгөөр үл хөдлөх хөрөнгөө борлуулсан тохиолдол үүссэн. Тус албан тушаалтан 850 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө 500 сая төгрөг болгон бууруулж гэрээ байгуулсан байна.

Энэ нь ХОМ-ээ худал мэдүүлсэн, татвараас зайлсхийсэн хэрэг юм. Мөн хувь эзэмшигч компаниуд жилээс жилд ноогдол ашиг өндөр гардаг. Үнэхээр ашигтай ажилласан байна уу гээд татвар төлсөн байдлыг шалгахад ашиг, орлоготой ажилласан нь харагддаггүй.

-Төрийн албан хаагч хүүхдээ жилийн 50 гаруй сая төгрөгийн төлбөртэй сургуульд сургаж байна. Ингэхдээ албаны машинаар хүргэж, авч буй мэдээлэл байгаа. Үүнээс харахад төрийн албан хаагчийн ХОМ үнэн бодит байж чадаж байна уу?

-ХОМ-т төрийн албан хаагч өөрөөсөө гадна гэр бүлийн гишүүдийн орлогыг үнэн бодитоор мэдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр зарим нэг хүний мэдүүлгийг харсан иргэд “Яасан их орлоготой юм бэ, төрийн албан хаагч ийм орлого олно гэж байх уу” гэдэг.

Гэтэл тухайн хүний гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий этгээд нь хувиараа бизнес эрхэлдэг, төрийн албанд орохоос өмнө үл хөдлөх хөрөнгөтэй байсныг үгүйсгэж болохгүй. Харин тухайн гэр бүл орлогоо давсан зарлагатай байвал энд хууль бус асуудал үүсдэг.

Сүүлийн жилүүдэд хөрөнгө орлогоо нуун дарагдуулж, хамаарал бүхий этгээддээ шилжүүлэх зэрэг татвараас зугтах далд арга зам руу хүмүүс орох болсон. Жишээлбэл, зөвхөн тэтгэврийн орлоготой атлаа жилийн дотор хоёр, гурван орон сууцтай болох тохиолдол байна.

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэдэг үнэн үү?

-АТГ-аас албан тушаалтнуудын ХОМ-ийг нарийвчлан шалгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нөхцөл байдлыг нь судалж шаардлага тавина. Тухайн мэдүүлэг гаргагч энэхүү шаардлагын дагуу хөрөнгө орлогоо тайлбарлаж, баталж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинж чанарыг агуулж байна хэмээн үзэж, Мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлдэг.

Энэ нь ашиг сонирхлын зөрчил болон авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа чухал үйл ажиллагаа. Авлигын гэмт хэрэг, ХОМ-ийн зөрчлийг илрүүлэхэд ард иргэдийн оролцоо, үнэн бодит мэдээлэл нэн чухал болохоор бид албан тушаалтны ХОМ-ийг нээлттэй, ил тод байршуулсан. Үүний үр дүнд хэн ч дурын албан хаагчийн сүүлийн хоёр жилийн ХОМ-ийг манай цахим сайтаас үзэх боломжтой болсон. 

-АТГ-ын үйл ажиллагаанд хуулийн цоорхой хэрхэн нөлөөлж байна вэ?

-ХОМ-ийг шалгахын тулд олон эх сурвалжийн мэдээлэл хэрэгтэй болдог. Гэвч энэ төрлийн үйл ажиллагаа явуулахад хууль, эрх зүйн орчин дутмаг байна. Жишээлбэл, дотоодын банк, санхүүгийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах эрх хуулиар хязгаарлагдсан.

Өөрөөр хэлбэл, 2007, 2008 онд Банкны тухай хуульд заасны дагуу аль ч арилжааны банкаас мэдээлэл лавлагаа авч, орлого зарлагын байдлыг хянах бүрэн боломжтой байсан. Харин Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор энэ эрх хязгаарлагдаж, мөрдөн байцаагчийн хүсэлт, прокурорын зөвшөөрөлтэй байх ёстой гэх мэт маш олон дамжлага нэмэгдсэн.

Мөн оффшор бүсэд данс эзэмшихийг хориглосон атлаа дотооддоо лавлагаа, мэдээллээ авч чадахгүй байгаагаас үүдэж хяналт, шалгалт хийхэд цаг хугацаа алдаж, эрсдэл үүсгэж байна. АТГ-аас арилжааны банкуудаас мэдээлэл авах эрхийг дамжлага, чирэгдэлгүй, нээлттэй болгох тухай асуудлаар Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хүсэлт хүргүүлсэн.

Нэмж хэлэхэд, УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг шалгах эрх манайд байсан. Гэвч 2012 оны Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдаж, Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн. Нэг танхимд суугаа хүмүүс нэг нэгнийгээ үнэн бодит шүүнэ гэдэг эргэлзээтэй асуудал. Энэ мэтчилэн түргэн шуурхай үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн орчин дутмаг байна.

-Мэдээлэл өгсөн эх сурвалжаа нууцлах, хамгаалах тал дээр эрх зүйн орчин хэр бүрдсэн бэ?

-Иргэд ойр орчмын төрийн албан хаагчид болон тэдгээрийн ах дүү, хамаарал бүхий иргэд үндэслэлгүй хөлжиж байгаа талаар үнэн бодит мэдээлэл өгдөг. Одоогоор гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн төсөл яригдаж байна. Бид иргэдээс ирсэн мэдээллийн нууцыг чандлан хадгалж, урамшуулж, хамгаалдаг.

-АТГ-аас ашиг сонирхлын болон ХОМ-ийн олон зөрчил илрүүлж, шүүх, прокурорын байгууллагад шилжүүлдэг. Гэвч цөөнгүй хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр мартагддаг. АТГ-ын үйл ажиллагааг үнэгүйдүүлдэг энэ асуудлыг цаашид хэрхэн шийдэх вэ? 

-Маш их хөрөнгө, хөдөлмөр, цаг хугацаа зарцуулан тогтоосон гэмт хэрэг шүүх дээр очоод уначихдаг тохиолдол байдаг. Энэ тал дээр АТГ дуугүй суугаагүй. Хуульчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, эрх бүхий албан тушаалтан, шийдвэр гаргах түвшний байгууллагад санал хүргүүлэх зэрэг ажлыг хийж байна.

Г.Ган-Эрдэнэ

Эх сурвалж:  “Үндэсний шуудан” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү