С.Чинзориг: Арилжааны банкуудад Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулснаар жилд 60-70 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олдог


2019-12-03 14:20:12

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд 2017 оны 10-р сарын эхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон тухай тодотгосон. Түүний тухайн үед ажлаа авч байхад  "Капитал" банкинд Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг байсан гэнэ.  Үүнээс 20 тэрбум нь хадгаламж байсан. Мөнгөн хөрөнгийг 2013-2017 оны хооронд тус банканд байршиж байсан. Миний бие сайдын ажлыг хүлээж авахдаа нэг ч төгрөгийг нэмж байршуулаагүй, гэрээ байгуулаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэсэн юм.

Мөн тэрбээр "Өр барагдуулах явц удаан байна. Монголбанкны Ерөнхийлөгчтэй өчигдөр уулзсан. Ингэхэд үндсэн хөрөнгийг барьцаалж, нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах хувилбарын талаар ярилцсан. Нэг асуудал үүсээд байгаа нь Капитал банкны удирдлагуудад прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул үндсэн хөрөнгийг хөдөлгөхийг түр хугацаанд хязгаарласан. 

Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг бий. Цаашид нийгмийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах байдлаар арвижуулах чиглэлээр ажиллах шийдэлд хүрээд байна. Ингэвэл хүү нь тодорхой хэмжээгээр буурахаар байгаа. Гэхдээ хүүгийн орлогын хойноос хөөцөлдөх биш, сангийн мөнгө эрсдэлгүй байх ёстой" гэх мэдээллийг өглөө.

Дээрх мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Нийгмийн даатгалын сан "Капитал" банкнаас яг хэдэн төгрөгийн авлагатай байгаа вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-105 тэрбум төгрөгийн авлагатай байгаа.

-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг заавал арилжааны банкуудад байршуулах ёстой юу. Өөр ямар арга зам бий вэ?

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулдаг гурван арга бий. Нэгдүгээрт, Монголбанкны үнэт цаас худалдан авах, хоёрт, Засгийн газрын бонд худалдан авах, гуравт аАрилжааны банкуудад хүүтэй байршуулах юм. 

Хувь хүнийхээ хувьд би нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкуудад мөнгө байршуулж өсгөхөөс илүүтэйгээр энэ сангийн хөрөнгө эрсдэлгүй байх ёстой гэж боддог. Мөн хяналт чанд байх ёстой гэж боддог.

Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 1.1 их наяд төгрөг бий. Мөн 400 орчим тэрбум төгрөг арилжааны банканд байршиж байна. Үүнийг ХААН банк, Төрийн банканд хуваан байршуулсан.

Ирэх оноос Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр Монголбанкны үнэт цаас худалдан авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа Монголбанкнаас мэдэгдээд байгаа. Тиймээс он гараад НДС-гийн мөнгөөр зөвхөн Монголбанкны үнэт цаасыг худалдан авах чиглэлд орно. Хүү нь бага зэрэг буурна. Гэхдээ өндөр хүүгийн хойноос явах биш эрсдэлгүй байхад анхаарах нь зөв. Арилжааны банкуудад Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулснаар жилд 60-70 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олдог. 

-2018 онд Капитал банкны байдал хүндэрсэн тухай мэдээлэл иргэдийн дунд гараад байсан. Энэ үед нь НДС-гийн мөнгийг татах боломж байв уу?

-Татах боломж хүнд байсан. 2017 оны 12-р сарын 26-нд 79 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээ дуусахад мөнгөө татаж авах гээд 2018 оны 6-р сар хүртэл явсан.

Энэ хугацаанд нэг ч төгрөг авч чадаагүй. Зургаан сарын хугацаанд гэрээгүй явсан учир харилцах данснаас хадгаламж руу шилжүүл гэж чиглэл гарсан учир 2018 оны 6-р сард гэрээг сунгасан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү