Б.Цэнгэлбаяр: Нөхрөө хүндлэх, эхнэрээ ойлгох харилцаа алдагдсанаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг


2019-12-11 10:49:36

Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 30.011 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3869 хэргээр буюу 11.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 970 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 39 хэргээр буюу 4.2 хувиар өссөн байна. Иймээс цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, хүчирхийлэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлвийг өөрчлөх хүрээнд “Ойлгоё Хүндэлье” аяныг эхлүүлээд байна.

20 хоног үргэлжлэх уг аяны хүрээнд цоожтой хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийг ил болгох, хохирогчийг хамгаалахаас гадна Гэр бүлийн үнэ цэнэ, эхнэр нөхрийн харилцаа, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэхийг зорьжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяртай ярилцлаа.

-“Ойлгоё Хүндэлье” аян өнгөрсөн сард эхэлсэн. Олон ч ажлыг шат дараатай зохион байгууллаа?

-Цагдаагийн байгууллага 2019 онд статистик судалгаан дээр үндэслэж ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа. 2019 оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл  өсөлттэй байгаа. Тиймээс оны сүүлийн ажил болгон өнгөрөгч 11 сарын 21-ний өдрөөс 12 сарын 15-ны хооронд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн ойлголт хандлагыг өөрчлөх, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэх зорилгоор “Ойлгоё, хүндэлье” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

-Гэмт хэргийн тоон үзүүлэлт буурсан ч гэр бүлийн хүчирхийллийн хэрэг өссөн үзүүлэлттэй гарсныг та ч хэллээ. Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэн холбоотой тоон үзүүлэлт өсөв үү. Эсвэл өөр хохирогчид хуулийн байгууллага хандах нь нэмэгдэв үү?

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил цоожтой хаалганы цаана үйлдэгддэг. Улмаар хувь хүний нэр хүнд, өмч хөрөнгө гээд олон зүйлтэй холбоотой. Монгол Улсад 850 мянга гаруй гэр бүл бий. Айл болгоны хаалганы цаана юу болж байгааг цагдаагийн байгууллага мэдэх боломж байдаггүй. Тэр утгаараа гэр бүлийн хүчирхийлэл хохирогч тэсэхээ болиод гомдол гаргах, эсвэл ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь, хөрш айл нь дуудлага мэдээлэл өгч байж илэрдэг.

-Аяны хүрээнд энэ төрлийн гэмт хэргийн дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байгааг хэлж байсан?

-Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд энэ аяныг зохион байгуулж байгаа. Тэр хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл болон гэмт хэрэг зөрчлийн дуудлага буурахгүй харин ч өсөх байх гэж харж байгаа. Яагаад гэвэл иргэдийн мэдээллэх үүрэг нэмэгдэх хандлага ажиглагдах болсон. Эмэгтэй хүн та хэрэв гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байвал улмаар та амь насаа алдана, эсвэл та өөрөө хүчирхийлэгчийн амь насанд хүрч ноцтой хор уршиг бий болно гэдгийг хохирогчдод ойлгуулахыг хичээж байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний хандлагыг өөрчлөх мэдээ мэдээллийг өгч байгаа. Ингэснээр хохирогч хүчирхийллийг нуун дарагдуулсаар байвал үүнээс илүү хор уршиг учирч, үүнийг дагаад миний хүүхдэд бас хор уршиг, сэтгэхүйн ямар нэгэн өөрчлөлт бий болох юм байна гэсэн тодорхой мэдээлэл авсаныхаа үндсэн дээр цагдаагийн байгууллагад хандах хандлага нь нэмэгдэж байж болзошгүй. Тийм болохоор гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байгаа.

-Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэй хүн ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь бий. Энэ талаарх тоон мэдээллийг танилцуулахгүй юу?

-2019 оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30.011 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 970 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл, 4.2 хувь нь болж байгаа юм. Энэ гэмт хэрэгт 918 иргэн өртөж хохирсоны 90.8 хувь нь эмэгтэй хүн. 6.8 хувь нь хүүхэд, 2.4 нь эрэгтэй хүн гэсэн статистик мэдээлэл бий.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоон мэдээлэл харьцангуй бага байгаа бололтой?

-Хүүхэд харьцангуй өртөх нь бага. Гэхдээ үүнд тайвширч болохгүй. Хүчирхийлэлд өртөж байгаа насанд хүрсэн эмэгтэй болгоны ард хүүхэд бий. Тэр нь их бага хэмжээгээр ямар нэг байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байдаг. Тухайлбал, айдас орчинд байдаг. Хэдийгээр бие махбодийн хүчирхийлэлд  өртөөгүй боловч сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг. Тиймээс энэ тоон мэдээлэлд тайвширч болохгүй гэсэн үг.

-Энэ төрлийн гэмт хэргийн хүчирхийлэгчид хүлээлгэх хариуцлага сул байна гэх шүүмжлэл өрнөх нь бий. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар баривчлах шийтгэлтэй байх аа?

-2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад 1.963.882 зөрчил бүртгэгдсэний  8229 буюу 0.4 хувь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж, 5537 хүнд баривчилгааны шийтгэл оногдуулсан. Гэр бүлийн хүчирхийлэл Зөрчилд тооцогддог. Зөрчлийн тухай хуулиар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7-30 хоногийн баривчилгааны шийтгэлтэй. Түүнээс биш бусад зөрчил шиг торгох болон эрх халах шийтгэл байдаггүй. Үүгээрээ онцлог. Нэг талдаа хүнд шийтгэлтэй гэж ойлгож болно.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдтэй ижил хариуцлага хүлээлгэдэг талаар хуульчид хэлж байсныг санаж байна?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан этгээд, эсвэл эрхгүй этгээд  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчлагдах шийтгэлтэй. Нөгөө талдаа гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээд  7-30 хоногийн баривчилгааны шийтгэлтэй.

-Торгууль байхгүй гэсэн үг үү?

-Торгууль байхгүй.

-Гэвч хүчирхийлэгч этгээдийг 14 хоног саатуулаад 300 мянган төгргөөр торгодог тухай хэд хэдэн тохиолдлыг мэдэх юм. Зөрчлийн хуулиар баривчлах болон торгох шийтгэлтэй биш үү?

-Тийм юм байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг 7-30 хоногийн хугацаанд баривчилна. Торгууль бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгулулагын баривчлах байрных нь янз бүрийн зардалтай холбоотой байх. Тэрийг хүмүүс андуураад байх шиг байгаа юм. Тэр нь манайд ямар ч хамааралгүй. Цагдаагийн байгууллага хэргийн материалыг бүрдүүлээд прокурорт хянууллаа, шүүхэд аваачлаа, баривчлууллаа тэгээд боллоо. Шүүхийн шийдвэрийн дагуу тухайн этгээдийг баривчлан саатуулдаг.  

-Хохирогчийг хамгаалах асуудлын талаар тодруулахгүй юу. Түр саатуулах байранд хэд хоног байлгаад гаргадаг эргээд хүчирхийлэлд өртдөг гомдол шүүмжлэл тасардаггүй?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 2 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийн үндсэн үзэл баримтлал нь хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тусламж үзүүлэхтэй холбоотой зохицуулалт. Яг өнөөдөр цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл дээр нэн даруй очиж байгаа. Очоод хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийг таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хангаснаар  дараа дараагийн ажлыг хийдэг. Ер нь хохирогчийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний ажил.

-Орон нутагт ч мөн хохирогчийг хамгаалах асуудал хүндрэлтэй..?

-Цагдаагийн байгууллага өнөөдөр Улаанбаатар хотод байгаа Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа түр хамгаалах байр болон бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг. Тухайлбал, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, хүүхдийн асуудал дээр “Ид шидийн орон” гэдэг  ч юм уу бусад түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээнд хохирогчийн аюулгүй байдлыг ханган хүргэдэг. Нөгөө талдаа хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийг таслан зогсоож , согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол эрүүлжүүлнэ. Асуудлыг аль болох шүүхээр хурдан шийдвэрлүүлнэ. Хэрэв үнэхээр хохирогчийн аюулгүй байдал хангагдахгүй байвал түр хамгаалах байранд  байлгах арга хэмжээ авдаг. Ихэнх тохиолдолд хохирогч өөрийн ойр дотны хүн эцэг эх, ах, дүү найз нөхдийнхөө асрамж халамжид очдог.

-Эхний удаад хохирогч дуудлага өгөөд хүчирхийлэл үйлдэгчийг баривчлуулчихдаг. Гэтэл суллагдсан нөхөр дахиад хүчирхийлэл үйлддэг үзэгдэл нэлээд байдаг. Үүнийг хуулиар яаж зохицуулж байна вэ?

-Энэ нь бол харьцангуй ойлголт. Цагдаагийн байгууллага Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагатай хамтран 2020 онд судалгаа хийхээр төлөвлөөд байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн болон Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийг зохицуулалтууд шинээр тусгагдсантай. Үүнтэй холбоотой бодитой судалгаанууд бий болсон. Ингэснээр энэ төрлийн гэмт хэргийн үзүүлэлтүүдийг 2018, 2019 онтой харьцуулах боломжтой болчихсон. Хүчирхийлэл үйлдэж байгаа нөхдүүд давтан үйлдсэн нь хэд орчим хувийг эзэлж байгааг тодорхой гаргах шаардлагатай. Яг хэдэн хувь нь дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна, хэдэн хувь нь үйлдлээсээ татгалзаж, больсон байна гэхчлэн. Үнэхээр хүчирхийлэл дахин давтан үйлдсэн бол зөрчил бүрт нь Зөрчлийн хуулиар дахин арга хэмжээ тооцно. Харин 3 буюу  түүнээс дээш болон  үргэлжилсэн болон удааширсан үйлдэлтэй байвал Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгадаг.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх суурь шалтгаан юу вэ. Ихэвчлэн ядуурал, архидалттай холбон тайлбарладаг ч өөр суурь хүчин зүйл бас бий болов уу?

-Аливаа гэмт хэргийн суурь шалтгааныг ажилгүйдэл, ядуурал, архидалт гээд хараад байдаг. Үүнийг яриад бид 30, 40 жил болчихжээ, яг үнэндээ. Гэр бүлийн хүчирхийлэл юунаас болж үйлдэгдэж байна гэхээр гэр бүлийн харилцаа. Эхнэр нь нөхрөө хүндэтгэдэггүй, нөхөр нь эхнэрээ ойлгодоггүй.  Үүнээс болж зөрчил үүсдэг. Жижиг зүйл дээр сөргөлдсөн байр суурьтай хоорондоо хэрэлддэг. Эцсийн байдалд асуудлаа шийдэж байгаа арга нь нударга.

-Тиймээс аяныг “Ойлгоё Хүндэлье” гэсэн бололтой..?

-Гэр бүл бол эхнэр, нөхрийн харилцаан дээр үндэслэдэг. Монголчууд мундаг уламжлалтай ард түмэн. Нөхрөө өрх гэрийн тэргүүн, гэрийн багана, ноён нуруу хэмээн малгай бүсийг нь эрхэмлэж дээдэлдэг. Эмэгтэй хүнийг гэрийн эзэгтэй гээд бүх талаасаа хүндэлдэг байсан. Гэвч энэ уламжлал хазгайдуу явсаар өнөөгийн залуус нэг их бие даасан өөр өөрийгөө мундаг гээд ойлгочихсон, үг дааж чадахаа больсон. Энэ нь гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг. Тийм болохоор агуулгаа “Ойлгоё Хүндэлье” гэж нэрлэн гэр бүлийнхээ төлөө гоё хүн байя. Гоё хүн бол гэр бүлийнхээ төлөө гэсэн агуулгыг оруулж өгсөн.

-Мэдээж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд хүргэж байгаа нэг нь зүйл нь мөн архидалт. Тоон мэдээллээс ч үүнийг харж болно?

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн 54.6 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэж байгаа. Гэхдээ согтууруулах ундааны зүйлийг хэвийн хэмжээнд хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй. Гэвч гэртээ очоод үл ойлголцол үүсч, тэр нь хүчирхийллийн гэмт хэрэг зөрчил болдог. Гол нь үндсэн суурь шалтгаан нь гэр бүлийн гишүүдийн нэгнийгээ ойлгох, хүндлэх, хоорондын харилцаа, эерэг уур амьсгал. Энэ тал дээр гэр бүлүүд маань алдаад байна.

-Аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас ямар ажил зохион байгуулж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Аян 2019 оны 11 сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Энэ сарын 15-нд хүртэл 20 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Гэхдээ гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа нь цагдаагийн байгууллагын хэмжээнд тасралтгүй явагдана. Ялангуяа Нийслэлийн цагдаагийн удирдах газрын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл түүний шийтгэл дээр онцгой анхаарч бүтэн жилийн турш ажилладаг. Дүүрэг, орон нутагт ч мөн тийм шаардлага тавьдаг. Энэ ажил арга хэмжээн дээр НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монгол цэргийн нэгдсэн холбоо гэх мэтчилэн олон төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага хамтарч ажиллаж байгаа.

Энэ арга хэмжээний хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг хүлээн авах, шалгах шийдвэрлэх, нуугдмал гэмт хэргийг илрүүлэх ажлыг мөн хийж байна.  Мөн нийтийн цахим сүлжээг ашиглаж, иргэдийн эрх зүйн ухамсарыг дээшлүүлэх, хандлагыг нь өөрчлөх талаас нийтийн тээврийн хэрэгслүүд, автобусны буудал , бусад лед дэлгэцээр ухуулга нөлөөллийн шторкуудыг явуулж байна.

Олны танил эрхмүүдийг арга хэмжээнд татан оролцуулж, бусдыг уриалан дуудах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн баасан гарагт Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Ub Palace” төвийн их танхимд боловсрол, урлаг соёлын олны танил эрхмүүдийг оролцуулан “Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн үнэт зүйл, эерэг харилцаа”, “Монгол эр хүний үлгэр дуурайлал, гэр бүлд ээж, эхнэр хүний нөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт их дээд сургуулийн сурагчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, залуу гэр бүлүүд оролцсон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү