Г.Ганбаяр: Алдаа гаргавал аврагч Г.Ганбаяр гэхгүй Онцгойгийн аврагч гэж ярих учраас надад алдах эрх байхгүй


2019-12-24 09:45:53

Хүсэн хүлээдэг шинэ жил ойртож, хүн бүр ажлын амжилт бүтээлээ дүгнэн, хийж бүтээсэн гавьяагаа үнэлүүлж байна. Хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа эзэн болж, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан НОБГ-ын “Оны шилдэг аврагчаар”-аар шалгарсан нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Гансүхийн Ганбаярыг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа урьсан юм. Шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна.

Шинэ оны босгон дээр ажил, үйлсээрээ тэргүүлж, шилдгээр шалгарсанд “Онцгой мэдээ” сонины  уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?

-Баярлалаа. Өнгөрөн одож буй 2019 он ажлын эрч хүч, урам зориг, амжилт бүтээлийн дээдийг ерөөж байна.  Аврагч хэмээх алдрыг нэртэйгээ мөнхлөөд 11 жил боллоо. Энэ хугацаанд биелүүлсэн үүрэг, хариуцлага, мэргэжлийн ур чадвараа өндрөөр үнэлүүлж, шилдэг ажилтны нэгээр шалгарсандаа баяртай байна. Хамт олны минь тусламж дэмжлэг, хайртай гэр бүлийн маань итгэл сэтгэлд талархаж байна даа. 

-Шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхэлж байсан бол одоо бүх төрлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж байгаа. Ялгаа бий юу?

Би Дорнод аймгийнх. Ажлын гараа маань ч аймгаасаа эхэлж байлаа. Онцгой байдлын байгууллагад ажилд орохоосоо өмнө Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гэрээт алба хаагчаар 3 жил ажилласан. Тэгээд 2008 онд хотод ажиллаж, амьдрахаар ирсэн. Тэр үед Аврах тусгай анги /одоогийн Үндэсний аврах бригад/-д шүхэрчин аврагч шалгаруулж байна гэж сонсоод очиж шалгаруулалтад орж байлаа. 50 гаруй залуус шалгалтад өгөөд 8 нь тэнцэж байсан ч шүхэрчин аврагчаар ганцаараа томилогдсон. Бусад нь өөр салбарт хуваарилагдсан юм. Түүнээс хойш шүхэрчнээр 8 жил үүрэг гүйцэтгэж байгаад  2017 онд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт томилогдсон. Тэнд жил гаруй хугацаанд үүрэг гүйцэтгээд  2018 оноос хойш нийслэлийн Аврах анги 105-д ажиллаж байна.

Шүхэрчин аврагч байхдаа ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэдэг байлаа. Аврах ангийн маань хувьд нийслэлийн хэмжээнд тохиолдож байгаа 20 гаруй төрлийн гамшиг, ослын дуудлагаар ажилладаг. Ялгаа бий, бий. Улирлаасаа шалтгаалаад дуудлага бүрийн онцлог өөр л дөө. Сүүлийн үед зам тээврийн осол, өндрөөс унах гэж байна гэсэн дуудлага зонхилж байна. Нийслэлд баригдаж байгаа барилга, байгууламжууд орчин үеийн шийдэлтэй, олон давхар болсон. Дуудлагагүй өдөр гэж байдаггүй. Дуудлага бүрийн дараа алдаа оноогоо ярилцаж дүгнэдэг. Тэр хэрээр суралцдаг, туршлагаждаг. Дуудлага бүр өөр болохоор аврах ажиллагааг ингэж явуулна гэсэн тогтсон арга барил байдаггүй. Тухайн үеийн нөхцөл байдлаас л шалтгаална шүү дээ. Ямар ч нөхцөлд очиж үүрэг гүйцэтгэж магадгүй учраас л бэлтгэл дахин бэлтгэл хэрэгтэй.

-Сэтгэлзүйн бэлтгэл хэдий сайн байна, аврах ажиллагааг төдий чинээ амжилттай гүйцэтгэх байх. Бэлтгэл сургуулилтаас гадна сэтгэлзүйн бэлтгэлээ яаж хангадаг вэ?

Та их зөв асуулт асуулаа. Ялангуяа шинэ залуу аврагчдын хувьд сэтгэлзүйн бэлтгэл их чухал. Аврах ажиллагаа бол цэвэр багийн ажил. Нэг нь айж бэргээд, гар хөл нь урагшлахгүй, ажиллагаанд оролцохгүй байж таарахгүй. Аврагч хүнд мэргэжлийн ур чадвараас гадна сэтгэлзүйн бэлтгэл их чухал.  Манай ангийн хувьд мэргэжлийн эмч, сэтгэлзүйчтэй. Бид аврах ажиллагааны дараа аль болох хоорондоо ярилцах дуртай. Сэтгэл санаагаа тайвшруулах, шинэ зүйлийг таньж мэдэх зорилгоор уран зохиолын болон шинжлэх ухааны ном их уншдаг даа.

-Энэ жил гэхэд таныг 89 хүний амь насыг авран хамгаалсан гэж онцолж байсан. Авран хамгаалж, амьдрал бэлэглэсэн хүнийхээ тоог гаргаж байв уу?

11 жилийн хугацаанд 600 гаруй хүнийг аварсан гэсэн ерөнхий тооцоолол бол гаргасан. Анх ажилд орсноос хойш бол 2,3 жил алдалгүй л тооцоолдог байлаа. Тэгээд ажилдаа дассан уу, үүргийнхээ онцлогоос шалтгаалсан уу тэр бүр тэмдэглэл хийхээ больсон. Энэ жилийн хувьд гэхэд үүрэг гүйцэтгэсэн дуудлагынхаа бүртгэлээс л аварсан хүнийхээ тоог гаргаж байгаа юм. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд  энэ онд тохиолдсон томоохон дуудлагуудад үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, Ар гүнтэд болсон зам тээврийн осол, төв цэвэрлэх байгууламжид гарсан осол болон нийслэлийн Засаг даргын тамгын газарт гарсан гал түймэр.

-Ээлжнээс буугаад харих замдаа Нийслэлийн Засаг даргын тамгын газарт гарсан галтай таарч, хүмүүсийг утаажилтын бүсээс гаргасан юм билээ. Яахын аргагүй аврагч хүний л үүрэг юм даа?

 Тийм ээ. Ажлаасаа тараад гэрлүүгээ харих гэж яваад гал гарч байхыг харсан. Манайх 7 буудалд байдаг юм. Тэгээд 101-д дуудлага өгөөд, аваарын дохио асааж, утаажилтын бүсээс тэнд байсан бүх хүнийг аюулгүй талбайд гаргасан. Удалгүй аврах ангийнхан маань ч ирсэн. Тэнд гэхэд 200 орчим хүн байсан шүү. Ажлын минь онцлог учраас ээлжтэй, ээлжгүй байсан ч  үүргээ гүйцэтгэх л ёстой шүү дээ.

-Онцгой байдлын алба хувь хүн талаас тань танд юу өгсөн бэ?

Миний бахархал бол алба, ажил минь. Би энэ албанд орсноороо амьдралаа баталгаатай болгосон. Аврал эрсэн хүний эцсийн найдлага нь аврагч бид л байдаг. Итгэл хүлээлгэсэн тэр нүднийх нь цогийг мохоож болохгүй. Хэрвээ алдаа гаргавал аврагч Г.Ганбаяр гэж хэн ч хэлэхгүй. Онцгойгийн аврагч л гэж ярих учраас алдах эрх надад байхгүй. Цахим орчин хөгжөөд хүмүүс их мэдээлэл сайтай болсон. Автобус дүүрэн хүнээр алга ташуулж, настай хүүхэн сандал тавьж өгч хүртэл хүндэлж байна.Санаа их зовсон шүү. /инээв/

-Яг юу болсон юм бэ. Жаахан дэлгэрэнгүй ярьж болох уу?

 Би ээлжийн амралттай байгаа юм. Өнөөдөр болсон үйл явдал л даа. /2019.12.11/ “Онцгой мэдээ” сониндоо ярилцлага өгөхөөр тохиролцоод ерөнхий газар руу явах гээд автобусанд суулаа. Лхагва гарагт машины маань дугаар хязгаарлалттай байдаг юм.  Гэтэл нэг настай эгч “миний хүү ийшээ суу” гээд сандал тавьж өгдөг юм. Зүгээрээ эгчээ санаа зоволтгүй гэсэн чинь “энэ хүү  шилдэг аврагч болсон байна лээ шүү дээ” гэтэл автобусанд байсан бүх хүмүүс алга ташаад, тал талаас асуулт асуугаад л эхэлсэн. Хичнээн хүний амь аварсан, ямар, ямар дуудлагад ажилласан, Гоодойн аманд гарсан түймрийн дуудлагад үүрэг гүйцэтгэсэн үү гээд л. /инээв/ Баярын хурлын маань мэдээлэл цахим хуудас, телевизээр гарсныг харсан юм билээ. Ийм үед л албаараа мөн ч их бахархана шүү дээ.

Ард иргэд маань баярлалаа гэж байнга хэлнэ. Хэзээ хойно утас олоод ярина. Цэцэг барьж ирээд талархалаа илэрхийлнэ. Сайхан шүү дээ.

-Албаны залгамж халааг бэлтгэх үүрэг олон жил ажилласан аврагч нарт оногддог. Таны хувьд ч ..?

Аврагч нарын маань талаас илүү хувь нь залуу алба хаагчдаар эгнээгээ тэлж байна. Манай албанд шинэ алба хаагчаа олон жил ажилласан туршлагатай алба хаагчдад шавь оруулж, дадлагажуулдаг онцлогтой. Би бас энэ зарчмаар л өдий зэрэгтэй хүрсэн. Миний багш Л.Будсүрэн гэж хүн бий. Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин нисгэгчээр ажиллаж байгаа. Энэ хүн Онцгой албаны болоод ажил, мэргэжлийн онцлог, үүрэг гүйцэтгэх арга ажиллагаа, бие болоод сэтгэлзүйгээ хэрхэн бэлтгэх ёстой гээд аврагч хүнд байх бүхий л чадварыг зааж сургаж, эзэмшүүлсэн хүн. Багшдаа маш их баярладаг шүү гэж хэлмээр байна.

-Та их зарчимч хүн байх аа ?

 Ажил, алба маань тийм байхыг шаарддаг. Би зорилгоосоо ухрах дургүй. Хэлсэндээ, хийж бүтээх гэж зорьсондоо заавал хүрдэг. Дуудлага болгоноос суралцаад, туршлагажаад л явж байна. Толгойдоо мэдлэгтэй, гартаа чадалтай байх ёстой л гэж боддог. Толгойдоо мэдлэгтэй гэдэг нь албатай холбоотой хууль эрхзүйн болоод дүрэм, журмыг сайн судалж, аврах ажиллагаа явуулахдаа мөрддөг байхыг хэлэх болов уу. Харин гартаа чадалтай гэдэг нь ажилдаа эзэн болох, шантралгүй хүчтэй байх л гэж ойлгодог. Өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлэх юмсан. Нэг ч гэсэн иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг  авран хамгаалах юмсан  гэж л ажилладаг зарчимтай. Ингэж зүтгэснийхээ төлөө өнөөдөр ард түмнээрээ хүндлүүлэх эрхтэй болно шүү дээ.

-Ингэхэд шүхрээр хамгийн сүүлд хэзээ буусан бэ?

Өнгөрсөн хавар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадтай хамтран зохион байгуулсан дадлага сургуулийн үеэр 132 дахь удаагийн буултаа хийсэн. Энэ дадлага сургуульд манай ангиас 4 алба хаагч шинээр шүхэрчлэн буусан байгаа. Намрын дадлага сургуульд оролцмоор байсан ч ажилтай байгаад амжаагүй. Сэтгэл маань шүхрийн буулт дээр. Бие маань Дорноговь аймагт зохион байгуулагдсан “Говийн чоно-2019” олон улсын дадлага сургууль дээр байсан даа.

-Албаны хэмжээнд зохион байгуулагдаж байгаа томоохон дадлага сургуульд тогтмол оролцож байгаа нь харагддаг?

Албанаас зохион байгуулж байгаа сургалт, дадлагуудад  аль болохоор оролцохыг, суралцахыг хүсдэг. 2016 онд Орхон аймагт, 2017 онд Өмнөговь аймагт, 2019 онд Дорноговь аймагт зохион байгуулагдсан “Говийн чоно” олон улсын дадлага сургуульд оролцсон. Мөн БНХАУ болон ОХУ-д зохион байгуулагддаг сургалтуудад алба хаагчдын хамтаар хамрагдсан. Харин 2015 онд ОХУ-д гарсан ойн түймэрт үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ 2013 онд  Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байгаа.

– Гэр бүлдээ цаг, зав зарцуулж байна уу? Удахгүй шинэ он гарлаа. Ажлын онцлог болсон хойно баяр ёслолын үеэр ээлжтэй үе таарна биз?

 Манайх ам бүл тавуулаа. Эхнэрийг маань Я.Эрдэнэзул гэдэг. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй.  Хүү маань 9 настай. Охин маань 6 настай. Хоёр хүүхдээ хоёуланг  төрөхөд нь байгаагүй. /инээв/.  2010 онд хүүгээ төрөхөд нь Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ой, хээрийн түймэрт үүрэг гүйцэтгэж байлаа. Харин охиноо төрөхөд нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан.Тийм болохоор цаг зав гарвал гэр бүлтэйгээ байхыг л зорино. Аль болох л хань, аав хүнийхээ үүргийг биелүүлэх л хичээдэг.  Баяр ёслолоор ихэнхдээ ээлжтэй таараад байдаг юм. Өнгөрсөн жил гэхэд ээлжтэй, дуудлагатай байлаа. Хүү минь оргилуун дарсаа буудуулаад л оноо гаргасан байна лээ. Анх ажилд орсноосоо хойш хоёр жил дараалаад шинэ жилээр үүрэг гүйцэтгэж билээ. Тэр үед шантарч, эргэлзэж байсан шүү. Хайртай хүмүүстэйгээ ч хамт байж чадахгүй, баярлаж ч амжихгүй гээд. Одоо бодох нь залуу үеийн л бодол байх. Гэтэл тэр үед Ч.Намсрайжав хурандаа асан ээлжинд гарч байгаа алба хаагчдад бэлэг тараагаад, албаны онцлогийн тухай лекц уншиж өгсөн юм. Тэр шинэ жил хэзээ ч мартагддаггүй. Түүнээс хойш хэзээ ч шантарч байгаагүй.

 -Ажил, амьдралынхаа талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн танд баярлалаа. Шинэ ондоо улам их амжилт гаргаарай?

   Баярлалаа. Онцгой байдлын ерөнхий газар болон НОБГ-ын удирдлагууд, нийслэлийн Аврах анги 105-ын хамт олондоо болон нийт алба хаагчдадаа удахгүй болох шинэ оны баярын мэндийг дэвшүүлье. Тангараг өргөсөн алба хаагч бүр аврах ажиллагааныхаа үед хамгийн шилдэг нь байдаг гэдгийг хэлмээр байна. Та бүхэн минь сайхан баярлаарай. Ирж буй шинэ ондоо ажил үйлс нь сэтгэлчлэн бүтэж, амжилт бүтээл нь тэгш дүүрэн байх болтугай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү