Д.Дэмбэрэл: Монголын пармент ЭРХ ЗҮЙТ ёсыг сайн хангасан. Одоо ЁС ЗҮЙД захирагдаад сурчихвал болох гээд байна


2020-11-11 17:14:18

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагыг удирдаж явсан УИХ-ын дарга асан, Монгол төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, нэрт улстөрч, доктор  Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.

Монгол Улсад орчин цагийн парламентын тогтоцлоо бий болоод 30 жил болж байна. Энэ хугацаандахь парламентын тогтолцоог та хэрхэн дүгнэх вэ?

Энэ 30 жилийн хугацаанд Монголчуудын өөрсдийнх нь байгуулсан хамгийн том бүтээл бол байнгын ажиллагаатай парламентын тогтолцоо. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж буй хэлбэр гэж ойлгож болно. 30 жил Монгол улсын хөгжлийг түүчээлэхдээ алдаа ч, оноо ч гаргалаа. Гэхдээ л илүү оноотой явсан гэж хэлж болно.

Энэ 30 жилийн хэдэд нь та паралментад суусан байна вэ?

Би 1990 оноос хойш улстөрд явжээ. Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн, парламентын дарга. Байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн, сайд гээд идэвхтэй 30 жилээ улстөрд өнгөрүүлсэн байна шүү.

2008-2012 оны парламентыг удирдаж байсан. Таны тэргүүлсэн анги ямар онцлогтой, парламентын түүхэнд тодоор үлдээсэн ямар шийдвэрүүдийг гаргаж байв?

2008-2012 бид бодлогын шинжтэй маш том арга хэмжээнүүдийг авсан. Тэр үед бидний өмнө “Оюутолгой”, “Тавантолгой” төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдэд “Эрдэнийн хувь”, “эх орны хишиг олгох” сонгуулийн амлалтаа биелүүлэх гэсэн нэг том сорилт тулгарсан. Дээрх хоёр чинь нийлээд улсын төсөвтэй тэнцэх хэмжээний их мөнгө болж байсан. Гэтэл яг тэр үед Дэлхийн эдийн засгийн хямрал таарсан. Гуравдугаарт 2009 оны өвөл, хаврын зуднаар нийт 10 сая толгой мал хорогдсон. Үндсэндээ мал аж ахуйн салбар уналтад орсон үе таарсан. Түүнчлэн олон банк дампуурах эрсдэлд орсон. Тэдгээрийг хэрхэн зохицуулах зэрэг маш том бодлогуудыг хэрэгжүүлсэн. Ямартай ч зөв, амжилттай бодлого хэрэгжүүлсний хүчинд хохирол, эрсдэл багатай даван гарсан. 2012 онд хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийн 17 хувьд хүргээд дараагийн УИХ-д хүлээлгэн өгсөн юм. Улс орны эдийн засаг ямар ч хүнд байлаа гээд зөв, оновчтой бодлого хэрэгжүүлбэл амжилтад хүрдэг гэдгийг үлгэр болохоор харуулсан шүү.

Парламентыг иргэдийн зүгээс  ёс зүйгүй, чадамжгүй, сахилга батгүй гээд нэлээд шүүмжилдэг. Үнэхээр тийм сул парламентыг та бүтээлцсэн гэж үү?

Аль ч улсын парламентад наад шүүмжлэл чинь байдаг зүйл. Гэхдээ бид илүү сайжруулж, төгөлдөржүүлэх шат руу алхаж байгаа гэж хардаг. Шүүмжлэл бол амжилтын дутагдсан шалтгаан гэсэн үг. Чамгүй сайн төлөвшиж байгаа шүү. Хууль тогтоох үйл ажиллагаагаа бол сайн гүйцэтгэж байна. Нэг гол анхаарах зүйл бол сүүлийн үед шинэ залуучууд парламентад орж ирж байгаа явдал. Тэд хараахан туршлагажаагүй учраас нэг ойворгон үйлдлээрээ л парламентынхаа нэрийг шороотой хутгачих гээд байгаа сул тал ажиглагдаж байна. Ахмад парламентчууд нь залуучуулдаа хэлж, зааж зөвлөхгүй бол болохгүй. Ирээдүй бол байна.

Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын үйл ажиллагаа хэр сайн баталгаажсан бол?

Засгийн газраа бол сайн хянахаар болчихлоо. Үндсэн үүрэг нь тэр. Одоо Засгийн газар хүчтэй болчихлоо гээд байгаа ч, УИХ түүнийг эдийн засгийн аргаар шууд хянадаг хэвээрээ л байгаа. Төсөв батлах, орлого зарлага ямар байх нь Үндсэн хуульд заасан хэнд ч хуваалцахгүй бүрэн эрх. Дараагийн нэг чухал зүйл бол баталж гаргасан хуулийнхаа биелэлийг хянах эрх. Хуулийг хэн хэрэгжүүлэх вэ гэхээр Засгийн газар шууд хууль хэрэгжүүлдэг зүйл. Түүнчлэн Үндэсний Аудитын газар, Монголбанк, Төрийн албаны зөвлөл гээд эдгээр шууд тогтолцооны байгууллагуудаа дамжуулан хуулийн хэрэгжилтийг хянах мехнизм бий. Тэрнээс биш дуртай, яам тамгын газраа очоод шууд шахаж шаарддаг, дуудаг байж болохгүй.

Манай улсын парламент хэр сайн төлөвшсөн бэ...?

Олон улсын парламентуудыг бодвол харьцангуй залуу. Гэлээ гэхдээ 30 жил гэдэг бол чамлахаар зүйл биш. Ажиллах бололцоо, эдийн засгийн боломж зэрэг нь хангалттай байна. 1990-2000 он хүртэл бид чинь жоохон төсөвтэй байлаа. Түүнийгээ хүргэх гэж энд тэндээс элдэв зээл тусламж гуйна. Орон нутгийн төсөв гэхэд л олигтой ч зүйл байхгүй. Арай ядан 10 сая төгрөг хуваарилна. Гэтэл сумын сургууль, цэцэрлэг чинь задраад уначихсан тохиолдол хүртэл гарч байсан. Цаг үедээ тийм байлаа. Одоо бол тийм биш, хангалттай болсон.

За тогтолцооны хувьд овоо болсон юм байж. Тэгвэл тэр тогтолцоог бүрдүүлж байгаа эрхмүүдийн ёс зүйн асуудалд ямар бодолтой явдаг вэ?

Би  Монголын төрийн ёс зүйн асуудлаар ном бичиж, эрдмийн зэрэг хамгаалсан хүн. Монголын төрд дутагдаж буй ганц асуудал бол яах аргагүй ёс зүй. Бид эрх зүйн тухай л яриад байсан. 30 жил ярьсан. Хууль тогтоогч хүний өөрийн ёс зүй, хууль тогтооход баримтлах ёс зүй гэж тусдаа бий. Нийгмийн зүгээс гишүүдийн ёс зүйн асуудлыг их хөндөж байна. Үүнийг хянах ганц зүйл чинь байнгын хороодын хуралдаан, хуралдааны дэг баримтлах, түүнчлэн УИХ-ын харьяа байгуулагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх явдал шүү дээ. Гишүүн хүн өөрөө өөрийгөө хянаж чадахгүй болохоороо л сонирхолын зөрчилд холбогдоод эхэлдэг. Хамгийн сүүлийн хар жишиг бол ЖДҮ сангийн асуудал энэ бол парламентын түшээд ёс зүйгүй бөгөөд ашиг сонирхолын зөрчилтэй байгаагын илэрхийлэл мөн. Парламентын гишүүн хүн өөрийн баталсан хуулийн заалтаа хатуу баримтлахгүй бол шууд сонирхолын зөрчилд унана. Үүнээс гадна хууль тогтооход баримтлах ёс зүй гэж бас бий. Хамгийн түрүүнд ард түмний эрх ашгийг бодож, тооцох ёстой. Хоёрдугаарт одоогийн Зөрчлийн хууль шиг хэзээ ч үр дагаврыг өөрөө урьдчилан тооцож, таамаглаж, торгох шийтгэх гэсэн хатуу зүйлийг тулгаж болохгүй. Хуулийг бол яг тодорхой харилцааг шийдэх тэр мөчид ямар нөхцөл байна гэдгийг харж тогтоодог болохоос биш шууд торгож шийтгэж, таамаглаж болохгүй. Масс нийтийг хоморголон зөрчил оногдуулах тийм хувилбар хууль тогтоох хэлбэрт байдаггүй юм. Монголын төр хууль тогтоох эрх зүйн асуудлыг чухалчилсан. Харин ёс зүйн үүрэг хариуцлагыг бичигдээгүй хуулийг анзаараагүй орхисон. Хуулиас гадна ЁС ЗҮЙ гэдэг том хууль байдгийг санаж явахад илүүдэхгүй. Парламентыг гишүүний ёс зүйн соёл бол орхигдсон.

Парламентч хүн эрх зүйд захирагдахаас гадна ЁС ЗҮЙД ХӨТЛӨГДӨХ ЁСТОЙ гэж хэлэх гээд байна аа даа?

Эрх зүйг бол хэдэн хүн сууж байгаад тогтоогоод, хууль гээд баталчихдаг. Түүнийг бүх нийтээр дагаж мөрддөг. Харин ёс зүй бол хүний тархинд бичигдсэн, хүмүүжил, төлөвшилтэй холбоотой НИЙТИЙН САХИЛГЫН ХЭМЖҮҮР гэж болно. Мянга сайн хууль биелүүлдэг байлаа гээд ЁС ЗҮЙД захирагдаж чадахгүй бол тэгээд дуусна. Эцэст нь бол иргэдийн итгэлийг дааж чаддаг, уулзаж учрах нүүртэй, боловсролтой хүн бол олон жил сонгогдоно доо.

Ёс зүйгүйгээс гадна бизнесээ дэмжих гэсэн, ард иргэдийг хууль мэдэхгүйг далимдуулж өөрийн хамааралдаа таатай хууль батлах гэсэн бас нэг “хорт үзэгдэл” явагддаг болоод байна шүү дээ?

Ийм шүүмжлэл бий. Хардлага ч байна. Энэ чинь парламентад бизнесийн төлөөлөл орж ирсэнтэй шууд холбоотой. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн орлогын төлөөх тэмцэл өндөр байдаг. Тэгэхээр парламентын бүтцэд бас анхаарах хэрэг гарч ирж байна. Татвар, гааль, хөнгөлөлтийн асуудалд оролцуулдаггүй байх ёстой. Ерөөсөө л эрх ашгийн хуваарилалтын асуудал. Намууд үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Ард иргэдийн хяналтыг сайн болгох хэрэгтэй.

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө дэлхий нийтээр тэмцэж байна. Ялангуяа парламентад. Манай улсад харин энэ уриалга тийм ч сайн хэрэгжихгүй байх шиг санагддаг. Та санал нийлэх үү?

Парламент болон орон нутгийн иргэдийн хуралд эмэгтэйчүүдийн оролцоо цөөхөн байдаг нь үнэн. Энэ бол ард түмний сонголтын үр дүн гэдгийг л сайн санах хэрэгтэй. Тэрнээс биш төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын салбар, бизнест бол эрчүүдээсээ илүү амжилттай яваа. Улстөр дэх оролцоог нь нэмэгдүүлье гээд намууд нийт нэр дэвшигчдийн 25 хүртэлх хувьд эмэгтэй хүний нэр дэвшүүлдэг. 25 хүн нэр дэвшүүллээ гэхэд дөнгөж тал нь л гарч ирдэг. Үүнд эмэгтэйчүүд гомдоод байх шаардлага байхгүй. Эрчүүд нь, өрхийн тэргүүн нь шийдвэр гаргадаг гэдэг бичигдээгүй хууль байдаг. Тийм учраас ийм байдаг болов уу гэж боддог. Яваандаа нэмэгдэнэ. Ганц хоёрхон эмэгтэй гишүүнтэй байсан бол одоо 13 болчихлоо. Чамлахаар чанга атга. Дараагийн сонгуульд харин олон болгох бодлогыг гаргаж эмэгтэйчүүд нь сайн дэмжээд өгөх хэрэгтэй байх. Эмэгтэйчүүд парламентад байх нь дотоод уур амьсгалыг зөөлрүүлж, асуудлыг шийдэхэд илүү уян хатан хандаж, нийгмийн асуудыг шийдэхэд том дэм өгдөг. Хоёрдугаарт Авлига, хээл хахуульд өртөөд байдаггүй. Шударга зүйлд идэвхтэй оролцдог. Эрчүүд бол бүдүүн бараг. Эмэгтэйчүүд бол илүү чадвартай байдаг. Ойрын таван удаагийн сонгуулийн үр дүнд энэ тоо нэмэгдэх байх гэж тооцож байгаа.

Эх сурвалж: www.ulsturch.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү