Г.Сугарбат: 14 эмнэлэг бэлэн байдлаа хангаагүй байсан


2020-11-14 11:31:23

Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат" Өнгөрсөн 24 цагийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өгье. Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2200 албан хаагч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд 24 цагийн ээлжээр ажиллаж байна. Холрио цээрийн дэглэм тогтоосон кинотеатр, цахим тоглоомын газар, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 761 аж ахуйн нэгж байгууллагад үйл ажиллагаа зогсоох шийдвэрийг танилцуулж, хангуулсан.

Цагийн хязгаарлалт тогтоосон ресторан, кафи, хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 3465 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж ажиллаж байна. Үүнд гол анхаарах зүйл нь хоол хүнснээс холбогдох халдварт өвчин дэгдэх эрсдлийг бууруулах, цар тахлын бэлэн байдлын үед ХӨСҮТ болон бусад эмнэлгийн байгууллагуудад давхар ачаалал үүсгэхгүйн тулд хяналтыг нэлээд эрчимтэй авч хэрэгжүүлж байна.

Бэлэн байдлыг хангуулах хүрээнд 114 эмнэлэгт шалгалт хийсэн. Шалгалтаар 14 эмнэлгийн бэлэн байдал хангагдаагүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан албан шаардлага хүргүүлсэн.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд хяналт тавьж байна. Авто тээврийн 6054 цэг байна. Өчигдөр 10.831 тээврийн хэрэгсэл давхардсан тоогоор хөдөлгөөнд оролцлоо.

Хилийн боомтод хяналт шалгалт хийгдэж байна. Гарах чиглэлд 107 тээврийн хэрэгсэл гарсан. Үүнтэй холбоотой бүх ариутгал халдваргүйжүүлэлт, асуумж бөглүүллээ.

Газрын тосны 48 тээврийн хэрэгсэл экспортод гарсан. Үүнтэй холбоотой бүх арга хэмжээг авч ажилласан. Экспортод түүхий газрын том 1785 тонн гарлаа. Нүүрс 1425 тээврийн хэрэгслээр 138.602 тонн экспортлогдлоо. Эдийн засгийн хүндрэл үүсч болзошгүй байгаа тул хилийн боомтууд дээр үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн хяналтын албан хаагчид аль болох түргэн шуурхай ажиллаж, тасралтгүй үйл ажиллагааг хангаж байна.

Улсын хилээр 2.259 тээврийн хэрэгсэл нэвтэрлээ. Үүнд

  • 3 агаарын ачааны хөлөг
  • 22 галт тэрэгний зүтгүүр
  • 2230 ачааны машин нэвтэрсэн байна. Хүнсний болон холбогдох хангамжийн үйл ажиллагаа улсын хилээр саадгүй нэвтэрч ажиллаж байна. Халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа хамгийн чухал" гэлээ.