О.БАТБАЯР: Авлигын индексийн оноо манай улсын одоогийн тогтолцоонд өгч буй оноо


2021-02-05 10:41:38

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас дэлхийн 180 орны төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийн 2020 оны дүнг гаргалаа. Энэ дүнгээр Монгол Улсын авлигын төсөөлөл ямар түвшинд гарсан талаар “Транспэрэнси интернэшнл Монгол” төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал О.Батбаяртай ярилцав.

-Манай улс 2020 онд авлигын индексээр 35 оноотой үнэлэгдлээ. Өмнөх жил ч мөн энэ оноотой байсан. Оноо өөрчлөгдөөгүй байхад байр яагаад ухрав?

-Манай улс энэ онд 35 оноо авлаа. 2019 оны үзүүлэлт мөн 35 оноо байсан. Хамгийн гол нь оноо байдаг. Улс орнуудын жагсаалт нь тийм ч чухал биш. Учир нь өөр орнуудын оноо өсөхөд байр өөрчлөгддөг. Тэгэхээр байр ухарна гэдэг бол санаа зовох асуудал биш.

-Авлигын индексийн үнэлгээг тооцон гаргахад ямар үзүүлэлтүүд ашигладаг вэ?

-Манай улсын хувьд 9 эх сурвалжийн дүнд суурилж оноо өгсөн. Хууль дээдлэх ёсны индекс, Шүүх дэх авлига ба улс төрийн нөлөө, тухайн улсын байгаль орчны, нийгмийн, эрүүл мэндийн, эдийн засгийн зэрэг эрсдэлүүд, Sovereign risk, Banking sector risk, Economic structure risk, Political risk гэх мэт эрсдэлийг үнэлдэг. Энэ бүхнээс авлигатай холбоотой үзүүлэлтийг авлигын индекст ашигладаг. Зарим оноо өссөн ч, 3 эх сурвалжийн оноо буурсан. Эдгээр нь “2020 World Justice Index”, “2021 The Global Risk report”, “2020 EIU Country risk service” юм.

-“2020 EIU Country risk service” буюу “Улс орнуудын эрсдэлийн түвшин” гэсэн эх сурвалжийн үзүүлэлт 12 оноогоор буурсан нь хамгийн өндөр хувьтай сөрөг үзүүлэлт болжээ. Энэ түвшинд юуг хамааруулж үздэг юм бэ?

-“2021 The Global Risk report” дээр жишээ нь байгаль орчинд эрсдэл учирдаг, нийгмийн эрүүл мэндийн салбарт эрсдэл учирдаг, цар тахалтай тэмцэх чадвартай эсэх гэх мэт эрсдэлийг үздэг. Өөрөөр хэлбэл, ийм эрсдэлтэй бол авлигатай улс гэж дүгнэсэн. Энэ эрсдэлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох линк, цэснээс үзэх боломжтой.

Монгол Улс Авлигын индекс дээр оноо алдсан нэг эх сурвалж бол “2020 EIU Country risk service” юм. Тухайн улсын  тусгаар тогтнолын, банкны салбарын болон эдийн засгийн салбарын, мөн улс төрийн гэсэн эрсдэлийг үнэлдэг. Тэдгээрээс авлигатай холбоотой үзүүлэлтийг авлигын индексд ашигладаг бөгөөд энэ индекс буурсан нь энэ индексийг эх сурвалжаа болгодог 2020 авлигын индекс буурахад нөлөөлжээ. Тэгэхээр манай улс авлигаас шалтгаалан тусгаар тогтнол, банк санхүү, эдийн засагт нь эрсдэл учрах эрсдэлтэй улс гэсэн дүгнэлт авсан гэсэн үг.

-Хууль дээдлэх ёсны индекс, ардчиллын олон талт байдлын төсөл, мэдээллийн албаны улс орнуудын эрсдэлийн үнэлгээ 3-4 оноогоор буурсан байна. Үүнийг та энгийн үгээр тайлбарлаж өгнө үү.

-Авлигын индекс дээр оноо алдсан өөр нэг эх сурвалж бол “2020 World Justice Index”. “Шүүх дэх авлига ба улс төрийн нөлөө” гэдэг үзүүлэлт дээр оноо алдаж манай индекс буурсан нь энэ индексээс эх сурвалжаа хийдэг 2020 авлигын индекс буурахад нөлөөлсөн. Шүүх засаглал нь улстөрчдийн захиалгаар шийдвэр гаргахуйц боломж бүрдүүлсэн, авлига үүсэх эрх зүйн орчинтой байна гэж дүгнэсэн гэсэн үг. Сая батлагдсан хуулиуд энэ цоорхойг хаасан тул ирэх оноос оноо сайжрах болов уу гэж найдаж байна.

-Үзүүлэлтүүдээ сайжруулахын тулд Монгол Улс нэн түрүүнд юу хийх шаардлагатай вэ? Нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн салбарт гэх мэт...

-Эрх зүйн талаас авлигын эх сурвалж болсон улс төрийн намуудын хууль, төрийн өмчит компанийн хууль, уул уурхайн ил тод байдлын хуулийг батлах, авлигын үйлдлийг илчилж мэдээлдэг шүгэл үлээгчийн хууль, ашиг хүртэгч буюу эцсийн эзэмшигчийн мэдээллийг ил болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөн худалдан авалтыг авлигаас ангид байлгах зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэй.

-Өсөлт бас байгаа юм байна. Тэр талаар товч танилцуулахгүй юу.

-Манай улсын зээлжих зэрэглэлтэй холбоотой, ардчилалтай холбоотой, мөн өрсөлдөх чадвартай холбоотой үзүүлэлтүүд 1-2 оноогоор өссөн. Үүнд тухайлбал, саарал жагсаалтаас гарсан, зээлжих зэрэглэл сайжирсан гэх мэт үзүүлэлтүүд нөлөөлсөн.

-Манай улс оноо хэвээрээ ч өмнөх оноос 5 байраар ухарсан байна. Ингэж ухраад байх нь ямар эрсдэлд хүргэх вэ?

-Авлигын индекс 40 онооноос доош жагссан орнуудын нэг эрсдэл нь авлигын нөхцөл байдал улам муудах, бүр дордох хандлагатай байдаг гэж судлаачид анхааруулдаг. Учир нь эдгээр орнуудад ардчиллын институтууд болох Аудитын байгууллага, Шүүх засаглал, Сонгуулийн ерөнхий хороо, гүйцэтгэх засаглал, парламент, улс төрийн намууд нь авлигад идэгдсэн нийтлэг зураглал байдаг.

Орост Путины ойрын хүрээллийнхэн улсаас хулгай хийдэг авлига давамгайлдаг бол Монголд төрийн өмчит компаниудыг бүлэглэлүүд нийлэн цөлмөдөг авлига давамгайлж байна. Ийм учраас төрийн өмчит компанийн хуулийг батлан гаргах шаардлага байна. Учир нь 1996 онд батлагдсан Компанийн тухай хуулиар зохицуулах боломжгүй болж байна. Улс төрийн намууд хамгийн авлигажсан институт болж төлөвшсөн тул зайлшгүй хуулийн өөрчлөлт хийж, санхүүжилт нь төсвөөс гардаг цомхон бодлогын институт болгох хэрэгтэй.

Авлигын индексийн оноо бага улс орнуудад эрүүл мэндийн ба боловсролын салбарын хөрөнгө оруулалт бага байгаа нь нийтлэг ажиглагдсан. Манай улс үүнд хамаарна. Манай байгууллагаас 2020 оны 7 дугаар сард Монгол Улсын 21 аймгийн 2000 иргэнийг хамруулсан “Авлигын барометр” судалгаагаар иргэд эмнэлэг, сургуулийн үйлчилгээ авахын тулд хамгийн их хахууль өгсөн, эсвэл танил тал ашигласнаа мэдэгдсэн. Төрөөс энэ салбаруудад хөрөнгө оруулалт хангалттай хийдэггүй тул хүртээмж муу, улмаар авлигажих нөхцөл үүссэн байх талтай. Харин эсрэгээрээ авлигын түвшин өндөр улс орнуудад том мега төслүүдэд улстөрчид хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг, учир нь авлигын мөнгө унагах боломж нь өргөн байдагтай холбоотой.

Энэ бүхний шийдэл нь улс төрийн маш их зориг хүсэл эрмэлзэл, манлайллаар авлигыг устгах оролдлого юм. Түүнчлэн эрх зүйн орчны шинэчлэл хийх шаардлагатай. Монгол шиг жижигхэн улсад авлигыг устгахад 1-2 жил хэрэгтэй гэж Хонконгийн Авлигын чиглэлээр манай улсад олон жил ажилласан зөвлөх хэлснийг санах хэрэгтэй.

-Авлигын индексийн дүн ба эрүүл мэндийн салбар хэрхэн холбогдож байгаа вэ?

-Авлигын индексийг энэ жил зарлахдаа нэг онцолсон зүйл бол “Ковид19” цар тахал улс орнуудын авлигын нөхцөл байдал ямар байгааг тод харуулах боломжийг олголоо гэдгийг хэлсэн. Учир нь худалдан авалт ба зээл тусламжийн зарцуулалтаас улбаалан цар тахалтай хийж буй тэмцлийн үр дүнг шууд хэмжих боломж олгосон. Авлига их орнууд чанаргүй оношлуур ба эм худалдан авч халдварын тархалтыг хянаж чадахгүй алдаж байгаа, нас баралт өндөр байгаа дүр зураг харагдаж байна.

Бас нэг онцолсон зүйл бол авлигын индексийн оноо бага орнуудад хавдрын өвчлөл ба зүрх судас, мөн амьсгалын замын нас баралт өндөр байгаа нийтлэг зураглал харагдсан. Энэ нь манай улсад ч бас хамаатай. Учир нь шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариаг авч чаддаггүй, авсан ч чанаргүйг авдаг. Үүнээс болоод иргэд нь амь насаа алддаг. Бид IRIM судалгааны байгууллагатай хамтран Говьсүмбэр аймагт “Чанартай эм ба чанартай оношлуур” төсөл, мөн 11 аймаг дахь эмийн худалдан авалтад иргэний нийгмийн хяналт тавих ажлыг АТГ-тай хамтран  хийж байгаа нь үүнтэй холбоотой. Манай улс хавдрын ба зүрх судасны шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа нь нэгийг хэлж байгаа байх. Тэгэхээр авлига бол хүний амь насыг авч оддог хамгийн аюултай хулгай юм. 

-Авлигын индексийн оноог институтийн хувьд яаж хамааруулж болох вэ?

-Авлигын индексийн оноо өсөөгүй, байр ухарсан нь аль нэг байгууллагын үйл ажиллагаатай, тэр дундаа АТГ-ын үйл ажиллагаатай холбоогүй. Энэ бол манай улсын одоогийн тогтолцоонд өгч буй оноо гэж хэлж болно. Тухайлбал, хууль дээдлэх ёсны индекстэй холбоотой алдаж байгаа оноо бол манай улсын шүүхийн хууль тогтоомжийг судалж үзээд “Одоо байгаа энэ эрх зүйн тогтолцоогоор бол шүүх нь авлига ба улстөрчдийн нөлөөнөөс ангид ажиллах боломжгүй юм байна” гээд үнэлчихэж байгаа юм. Түүнээс биш авлигын хэргийн илрүүлэлт ба урьдчилан сэргийлэлт гэх мэт асуудлуудыг энд тооцдоггүй.

Дахин тэмдэглэхэд, төр засгийн түвшинд хууль эрх зүйн орчныг төгс бүрдүүлэх чиглэлээр шүгэл үлээгчийг хамгаалах, улс төрийн намуудын тухай, намуудын санхүүжилтийн тухай хууль, төрийн өмчит компанийн хууль, уул уурхайн ил тод байдлын хуулийг тус тус батлан хэрэгжүүлэх, ашиг хүртэгч буюу эцсийн эзэмшигчийн мэдээллийг ил болгох, худалдан авалтыг авлигаас ангид байлгах зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэй.

Шинээр бүрдсэн Засгийн газар, Ерөнхий сайд төрийн хүнд суртал, улс төрийн авлигажсан тогтолцоог халах, авлигыг тэжээгч хөрс суурийг үгүй болгох, хараат бус шударга бус шүүхийн тогтолцоог бүрдүүлэх, Шүгэл үлээгчийг хамгаалах зэрэг чиглэлээр эрх зүйн орчинг бүрдүүлж, хэрэгжүүлэхээр бодлогодоо тусгасан нь авлигын индексийн дүнд эерэгээр нөлөөлөх чухал хөшүүрэг болохоор харагдаж байна. Иймд дараа жилийн авлигын индексийн оноо өсч, байр ахих байх гэж бодож байна.

"Өдрийн сонин". 2021.02.05.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү