Ө.Сумъяабаатар: 2023 онд хог тээврийн дөрвөн автомашин шинээр авна


2023-01-18 16:27:09

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.01.17/ боллоо. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд хурлын эхэнд нь өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонслоо. Өнгөрсөн шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг дарга 15 үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл дээрх үүрэг даалгаврын найм нь 100, зургаа нь 90, нэг нь 70 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.    

1385 ГА ТАЛБАЙН ЦАС, МӨС, ХОГ, ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ   

Өнгөрсөн шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг дарга нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын гудам дундах явган хүний зам болон ААНБ-уудын ойр орчмын талбайн цас мөсийг цэвэрлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах үүрэг өгсөн бөгөөд өнгөрсөн баасан гарагт нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээний аян өрнөсөн юм.

Дээрх их цэвэрлэгээнд Баянголчууд нэгдэж, нийт 2159 аж ахуй нэгж байгууллага, ерөнхий боловсролын 27 сургууль, 14 их дээд сургууль, 62 цэцэрлэг, 223 СӨХ гээд нийт 2500 гаруй байгууллагын 5758 ажилтан, албан хаагч оролцон өөрийн эзэмшлийн гаднах орчны 50 метр газар болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын доторх гудамж гээд нийтдээ 1385 га талбайн цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэж, 111 тонн хог хаягдал, 43 рейс цас мөсний хогийг тээвэрлэсэн байна.

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ХОГ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА


Түүнчлэн өнгөрсөн Шуурхай хуралдааны үеэр дүүргийн хэмжээнд хог хаягдлын тээвэрлэлтийг эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, машин, тоног төхөөрөмжийг  нэмэх, ингэхдээ ажилтан алба хаагчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллаарай гэсэн. Үүний хүрээнд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ хамтран хог хаягдлын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд ажлын цагийг уртасгаж, 1 өдрийн хог тээврийн машины рейсийг 3 байсныг 6 болгон нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн нэгдүгээр сарын 03-наас 08-ны хооронд 508 рейсээр  1600 тонн хог хаягдлыг тээвэрлэж ажилласан гэсэн мэдээллийг Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр өглөө.  
Түүнчлэн дүүргийн 9-н хорооны хог хаягдал ачилт, тээвэрлэлт, цуглуулалтын ажил дээр тендер шалгаруулалт хийж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаар гүйцэтгүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Мөн машин тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхээр хог тээврийн тусгай зориулалтын 4 машин авахаар тендер зарласан бол  хог ачилтын 1 машиныг түрээсийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа юм.   

ЭНЭ ОНД 5000 ГАРУЙ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОНО   


Баянгол дүүрэг 2023 оныг Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Баянгол Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодов 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтыг танилцууллаа. Тэрбээр “Баянгол Цэцэрлэгт хүрээлэн” энэ онд дөрвөн зорилтын хүрээнд ажиллана. Тодруулбал,
- Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх менежментийг сайжруулж төлөвлөгөөг боловсруулах
- Ногоон байгууламжийг нэмэгдүүлж иргэдэд эрүүл аюулгүй ногоон орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх
- Иргэдэд өөрсдийн амьдрах орчинд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг хайрлан хамгаалах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор экологийн боловсрол олгох
- Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, ААНБ, иргэдийн оролцоог нэмэгдүүлж хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана гэсэн юм.
- Түүнчлэн энэ онд дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 26000м2 талбайд зүлэг тарихаас гадна сургууль, цэцэрлэгийн орчин дахь ногоон байгууламжийг нэмэгдүүлж ажиллана гэв.

12 ДУГААР АНГИ ТӨГСӨХ СУРАГЧДЫГ УСАН СПОРТЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛЖ БАЙНА  


Дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Г.Батбаяр 2023 онд зохиогдох спортын тэмцээн уралдааны хуваарийг дүүргийн Удирдах ажилтнуудад танилцууллаа. Мөн дүүрэгт хийгдэж байгаа томоохон ажил болох  ЕБС-иудын 12-р ангийн сурагчдын дунд “Усан спортын боловсрол олгох хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ Усан спортын боловсрол олгох энэхүү хөтөлбөрт дүүргийн ерөнхий боловсролын 28, 40 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн 298 сурагч, Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ-т ерөнхий боловсролын 77-р сургуулийн 271 сурагч хичээллэж байгаа. Сурагчид болон ар гэрийнхний зүгээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад талархалтай хандаж байна. Гол нь ЕБС-ийн захирал, удирдлагууд 12 дугаар анги төгсөж байгаа сурагчдаа энэ хөтөлбөрт идэвхтэй хамруулах шаардлагатай байгаа тул холбогдох хэлтсүүд хамтарч ажиллаарай” гэсэн юм.

"АМАР БАЙНА УУ-2023" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ДҮҮРГИЙН ЖДҮ ЭРХЛЭГЧИД ОРОЛЦОНО   


Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд  "Амар байна уу-2023" жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт-хамтын ажиллагааны цогц арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Энэ арга хэмжээнд Баянгол дүүргийн 65 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцохоор бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн мэдээллийг дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ОНӨТҮГ-ын дарга Ч.Чойдог өглөө.

Баянгол дүүргийн ЖДҮ  эрхлэгчид Дүнжингарав худалдааны төвийн хажууд байрлах Шинэ 100 худалдааны төвд нэгдсэн байдлаар үзэсгэлэн худалдаанд оролцоно. Ингэхдээ хүнс, бэлэг дурсгал, бэлэн хувцас худалдан борлуулна. Энэ үеэр Баянгол дүүргийн ЖДҮ эрхлэгчид нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Мөн сар шинийн баяр дөхөх үеэр UB палас зэрэг томоохон худалдааны төвд болох үзэсгэлэн худалдаанд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид оролцох боломжтой гэж байсан юм.

ӨРХИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХОРООНДОО ОЧИЖ ЗАСУУЛАХ БОЛОМЖТОЙ


 

Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батбаяр зарим мэдээллийг өглөө. Тэрбээр төрийн байгууллагуудын мэдээллийг үндэслэж өрхөө үнэлэх ажлыг хийж байна. Энэ мэдээлэл дээр үндэслэн хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Гэвч үүнтэй холбоотойгоор иргэдээс маш их гомдол, санал ирж байна. Энэ удаад төрийн таван байгууллагын мэдээллийн үндэслэж байна. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа Хүн ам өрхийн мэдээллийн сан, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Улсын бүртгэлийн газар гэсэн таван байгууллагын 12 үзүүлэлтээр өрхийг үнэлсэн. Гэвч зарим айл байр, машинаа зарахдаа хасалт хийлээгүй зэрэг шалтгаанаас болж мэдээлэл нь өөр гарч ирэх, үүнээс болж хүүхдийн мөнгөө авч чадахгүй хасагдлаа гэх гомдол их ирж байна.

Иймд иргэд e-mongolia цахим сайт руу орж өөрсдийн мэдээллээ шалгах, алдаатай, мэдээллийн зөрүүтэй байвал засах бүрэн боломжтой. Жишээлбэл, ам бүлийн мэдээлэл зөрүүтэй байвал баг, хороондоо очиж, өрхийн мэдээллийг өөрчлүүлэх зэргээр зөрүүтэй мэдээллээ тухайн төрийн байгууллага руу хандаж засуулах боломжтой. Мөн цахимаар мэдээллээ хянаж чадахгүй байгаа иргэд хорооныхоо Халамж хариуцсан мэргэжилтэнд хандан ажлын 5 хоногтоо багтаан мэдээллээ засуулж болно гэсэн юм.  

 Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Нийслэлийн Удирдар ажилтны Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулснаас гадна хэд хэдэн зүйлийг анхаарч ажиллахыг онцоллоо.


Тухайлбал, 2023 онд хийх хөрөнгө оруулалтын ажлыг цаг алдалгүй шуурхай зарлах, зохион байгуулах, энэ талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй өгөхийг үүрэг олголоо. Мөн а
лбан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллаарай гэдгийг онцгойлон анхааруулсан юм. Мөн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,  

- Дүүргийн ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсүүд гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулах. Ингэхдээ хороодын Засаг дарга нартай хамтарч санал солилцох.
- Дүүргийн газар зохион байгуулалтын алба Замын цагдаагийн хэлтэс, хороодын Засаг дарга нар хамтран явган хүн болон авто машины орц гарцыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах. Ингэхдээ дүүргийн нутаг дэвсгэрийн хөдөлгөөний урсгалыг сайжруулах, түгжрэлийг бууруулах төлөвлөгөө гаргаж танилцуулах Дүүргийн газар зохион байгуулалтын алба, Хууль, эрх зүйн хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэр дээрх газар эзэмшигч иргэн ААНБ-ын нэгдсэн тооллогыг зохион байгуулах, шаардлагатай арга хэмжээг авах ажлын хэсэг байгуулах
- Дүүргийн Эрүүл мэндийн төв эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийг хүндрэл чирэгдэлгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл боломжоор хангах, энэ талаар Эрүүл мэндийн сайдын гаргасан албан даалгаврыг биелүүлж ажиллах шаардлагатай. Дүүргийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч, дэмжиж ажиллана.
- Дүүргийн Боловсролын хэлтсээс сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургуульд сурах хүүхдүүдийн тоог нэгдсэн байдлаар гаргаж, мэдээллийн баазаа шинэчлэх, тоо баримтаа нэгтгэх. Мөн дүүрэгт он дамжин хийгдэж байгаа болон шинээр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудад анхаарал хандуулж ажиллаарай гэсэн юм
.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү