Монголд өнгөрсөн онд сүрьеэгийн 2354 тохиолдол шинээр бүртгэгджээ

Дэлхийн хэмжээнд өдгөө жил бүр 10-11 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1-2 сая орчим хүн нас барсаар байгааг “Глобаль сан”-гийнхан дурдлаа.
Манай улсад жил бүр 3000 гаруй хүн уг өвчинд өртөж байгаагаас 60 хувь нь 15-44 буюу ид хөдөлмөрийн насныхан байна. Өнгөрсөн онд сүрьеэгийн 2354 тохиолдол шинээр бүртгэгджээ. Уг өвчний нийт тохиолдлын 60 хувь нь хүн ам шигүү суурьшсан Улаанбаатар хотод оношлогдож буйг ХӨСҮТ-ийнхөн онцолсон юм. Эдгээр тоо баримтууд нь манай улс сүрьеэгийн тархалтаараа дэлхийн дундаж үзүүлэлтээс 3-4 дахин өндөр байгааг харуулж буй дүн аж.
Монгол Улсын Засгийн газраас бүх иргэнээ эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн онд 214,526 иргэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдсанаас сүрьеэтэй байж болзошгүй 1,334 бүртгэгджээ. Гэвч эдгээр хүмүүсээс 389 хүн нь онош баталгаажуулах нарийвчилсан шинжилгээнд хамрагдсан бол бусад нь "сураггүй" болжээ. Нарийвчилсан шинжилгээнд хамрагдсан иргэдээс сүрьеэгийн таван тохиолдлыг илрүүлж, эмчилгээ, хяналтад оруулсан байна. Тиймээс иргэн бүр урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд жилдээ нэг удаа хамрагдаж байхыг мэргэжлийн эмч сануулж байна.
Монгол Улсад:
- 2022 онд улсын хэмжээнд сүрьеэгийн 2354 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба үүний 1344 (57%) нь эрэгтэй, 1010 (43%) нь эмэгтэй, 174 (7.4%) нь хүүхэд байна.
- 10 000 хүн амд ногдох шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлын түвшин сүүлийн жилүүдэд улс, аймаг, нийслэлийн түвшинд тогтмол буурч байгаа ба 2022 онд 7.0 байна.
- Сүрьеэгийн тохиолдлын 60% нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
- Сүрьеэгээр өвчлөгсдийн 60% нь 15-44 насныхан буюу ид хөдөлмөрийн насны хүмүүс байна.
- Монгол Улсад эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж эхэлснээс хойш буюу 2003-2022 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн /ОЭТС/ нийт 3419 тохиолдлыг лабораториор илрүүлсэн байна.
- Сүрьеэгийн эмчилгээний амжилтын үзүүлэлт Монгол Улсад 90% байгаа нь дэлхий болон өвчлөл өндөртэй улс орнуудаас дээгүүр байна.
- Уушгины халдвартай хэлбэрийн шинэ сүрьеэгийн эмчилгээний амжилт тогтмол 85.5%-иас дээш байгаа ба дэлхий болон НДББ-ийн улс орны дунджаас өндөр байна.
- 2018-2022 онд нийт 5894 сүрьеэтэй өвчтөнийг амжилттай эмчилж, эдгэрүүлсэн нь 88 000 гаруй хүнийг сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж, 9000 орчим хүнийг сүрьеэ өвчнөөр өвчлөхөөс хамгаалжээ.
- ОЭТС-ийн эмчилгээний үр дүн сайжирч байна. 2022 онд эмчилгээний амжилт 76.5% байгаа нь дэлхийн дунджаас өндөр буй гэсэн үг.
- Сүрьеэгийн улмаас жилд дунджаар 200 (179-265) хүн нас барж байгаа ба 10 000 хүн ам дахь нас баралтын түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 0.7 байна.
- Сүрьеэтэй өвчтөний хавьтлын 88% нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа ба 3% нь сүрьеэгээр өвчилж буй.
- Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээний хамрагдалт нэмэгдэж байна. 2022 онд сүрьеэтэй өвчтөний ойрын хавьтал 500 гаруй хүн урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдсан нь өмнөх онуудаас 3-4 дахин өссөн.
Хэдийгээр тоног төхөөрөмжийн хангамж сайжирсан, эмчилгээний амжилт, чанар 85-90 хувьд хүрсэн ч манайх сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд орсон хэвээр. Энэ нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн, хүн амын эрүүл, зөв амьдралын дадал, хандлага орхигдсон, сүрьеэгийн талаарх мэдлэг, боловсрол муу, хөрөнгө оруулалт, санхүүжилт нь хангалтгүй зэрэг шалтгаантай холбоотой гэнэ.
Монгол Улсад эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж эхэлснээс хойш буюу 2003-2022 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нийт 3419 тохиолдлыг лабораторид илрүүлсэн байна. Түүнчлэн уг өвчний эмчилгээний амжилт, чанар 90 хувьд хүрсэн нь дэлхийн болон өвчлөл өндөртэй бусад улс орноос өндөр байгаа юм. Үүний дотор уушгины хэлбэрийн шинэ сүрьеэгийн эмчилгээний амжилт тогтмол өсөж, 85.5 хувиас буухгүй байгаа аж.
2018-2022 онд сүрьеэтэй нийт 5894 өвчтөнийг бүрэн эмчилж, 88 000 гаруй хүнийг уг өвчний халдвараас хамгаалж, 9000 орчмыг нь өвчлөхөөс сэргийлжээ. Тэгвэл олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний үр дүн 76.5 хувьтай байгааг албаныхан хэлсэн юм. Энэ нь мөн дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт аж.
Сүрьеэгийн улмаас жил бүр дунджаар 200 (179-265) хүн нас барсаар байна. Мөн 300 гаруй хүүхэд уг өвчинд өртөж байгаа нь анхаарахгүй өнгөрүүлж болохгүй үзүүлэлт гэнэ. Учир нь хүүхдийн сүрьеэгийн илрүүлэлт үндэсний хэмжээнд хангалтгүй байгаа аж. Манай улс нэг үеэ бодвол орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж, мэргэжлийн чадварлаг хүний нөөц бүхий олон улсын жишигт нийцсэн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторитой болсон.
Сүрьеэгийн нян болон түүний эмэнд тэсвэржилтийг илрүүлэх сүүлийн үеийн арга болох молекул биологийн шинжилгээг улсын хэмжээнд буюу бүх аймаг, дүүрэгт хийх чадамж бүрджээ /Улсын хэмжээнд 44 “Genexpert” аппараттай/.Мөн сүрьеэгийн илрүүлэлт, оношилгооны чухал төхөөрөмж болох дижитал рентген аппаратаар хангагдаад байна /Нийт 33 дижитал рентген аппарат бий/. Хиймэл оюун ухааны технологийг ч рентген оношилгоонд ашиглаж эхэлсэн бөгөөд цаашид үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Сорьц тээвэрлэлтийг орон даяар хийдэг болсноор алслагдсан сум, өрхийн түвшинд сүрьеэгийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжирчээ.
АНХААРАХ АСУУДАЛ ...
Монгол Улсад сүрьеэгийн өвчлөл, тархалт дээр дурдсанчлан өндөр байгаа нь нийт хүн амд, цаашлаад улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц хор уршигтай тул уг өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны гадна нэг ч салбар, нэг ч байгууллага, хувь хүн үлдэх ёсгүйг ХӨСҮТ-ийнхөн хэлж байлаа. Иймд сүрьеэгээс сэргийлэх, илрүүлэх, оношлох, эмчлэх, шинэ судалгаа, инновацыг өргөжүүлэх, ялгаварлан гадуурхалтын эсрэг салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай аж.
Мөн иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд жил бүр хамрагдах, сүрьеэгийн талаарх үнэн зөв мэдээллийг гэр бүл, хамт олон, найз нөхдөдөө хүргэх, уг өвчнийг устгахад гар бие оролцож, өөрсдийн цахим хуудсуудаар мэдээлэл түгээх, халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт цаг алдалгүй хандах, өвчилсөн тохиолдолд эмчилгээгээ таслалгүй хийлгэхийг эмч нар зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих: