Маанаг хөрөнгө оруулагчийг Монголд урьж байна


2019-10-01 10:37:12

Монголчууд хаанаас хооллож, бас боловсрол эзэмшдэг вэ. Шулуухан хэлэхэд, байгалийн баялгаасаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн буянаар монголчууд хооллож, өмсөж зүүж, аж төрж, боловсорч байгаа гэхэд хэтийдэхгүй болов уу. Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын дийлэнх нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 72 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байна.

Гэвч сүүлийн үед попрол хэрээс хэтэрч тогоотой хоол руугаа нулимах болов. Төсвийг бүрдүүлж, алдагдлыг нөхдөг уул уурхайн салбарыг үзэн ядагчид олширч, байгалийн баялгийг авран хамгаалах нэрийдлээр олныг төөрөгдүүлэх хар пиар цуурай мэт тархлаа. Монголын 30 гэр бүл ашигт малтмалын бүхий л лицензийг авч, хамаг баялгийг эзэмшдэг гэх хандлагыг төрүүлсэнтэй холбоотой биз. Чухамхүү 30 гэр бүлд хэн багтах нь тодорхойгүй. Оньсого шиг энэ үгээрээ далайлган уул уурхайгаас баяжсан бүх хүний хөрөнгийг хураана, хорино, цагдана гэж хашгирна. Ингэснээр улстөрчдийн санаа нийлдэг зүйл нь уул уурхай болон уул уурхай, ашигт малтмалын бизнес эрхэлдэг хүмүүсийг үзэн ядах явдал юм.

Уул уурхайн хөгжлийн шатанд алдаж онох нь бий. Монголд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж буй цөөхөн компани бий. Гэвч харалган дарга нарын хар гайгаар лиценз эзэмшигч бүрийг ад чөтгөр мэтээр үзэх явдал хэрээс хэтрэв.

Байгалиа хамгаалах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ юманд учир, суманд занги  гэгчээр асуудлыг ялгаж салгах алсын хараа эрхэм дарга нарт алга. Уул уурхайн компаниудыг нугачин дарахын хэрээр нинжа нар олширч, жинхэнэ утгаараа байгаль орчин сүйдэж байна. Нинжа нарт хүлээлгэх хариуцлага, тэднээр нөхөн сэргээлт хийлгэх эрх зүйн орчин одоогоор Монголд алга.

Тийн атлаа томоохон төслүүдээ хөдөлгөж, гадны хөрөнгө оруулагчдыг даллана гэж индер дээрээс сүржигнэх нь бий. Гэвч манай дарга нарт итгэх маанаг хөрөнгө оруулагч дэлхий дээр бий болов уу. Дотооддоо байгаа уул уурхайн компаниудыг хавчин гадуурхаж, лицензүүдийг нь цуцалж байгаа улсад хөрөнгө оруулахаар ирэх маанаг олдох амаргүй.

Уг нь уул уурхайн компаниуд эрдэмтдийн судалгаа шинжилгээний үндсэнд тулгуурлан дэлхийд танигдсан технологи ашигладаг болоод хэдэн жилийг үдлээ. Наанадаж, хууль журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэг үеэ бодвол олширсон. Үгүй дээ, буух эзэн, буцах хаягтай тул хүлээлгэх хариуцлага, нөхөн сэргээлт шаардахад ядах зүйлгүй. Ингэж гэмээнэ хариуцлагатай уул уурхай хөгждөг. Түүнээс биш харийнхан технилоги ашиглаж, дотооддынхон гараараа олборлолт явуулсан хэвээр байгаа гэж ойлгов уу.

“Цахим” Ерөнхий сайд хэмээн алдаршаад байгаа У.Хүрэлсүх өнөөдрийн байдлаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон компанийн лицензийг хомроголон цуцлав. Ингэснээр олон нийтээс оноо цуглуулж, ирэх жилийн сонгуулийн компанит ажлаа хийв. Гэхдээ тэр олон ч хүнийг ажлын байргүй болгож, гудамжинд гаргаж байгаагаа анзаарсангүй. Ийм хандлага, сэтгэхүйтэй удирдлагуудтай Монгол руу мөнгө барьж ирэх маанаг дэлхий дээр байхгүй гэдэгт мөрий тавихад илүүдэхгүй болов уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү