Сайжруулсан түлшний зөв хэрэглээг иргэдэд таниулсангүй


2019-10-09 08:01:27
Утаагүй болохын тулд 5 хүн угаартаж нас барав. Муу ёрлож байж мэдэх ч энэ зөвхөн эхлэл нь. Өвөл эхлээгүй байна. Тийн атал сайжруулсан түлшнээс үүдэлтэй 5 хүн алтан амиа алдаж, 20 гаруй хүн эмнэлэгийн тусламж үйлчилгээ авлаа.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар түлшиндээ бус харин хэрэглээндээ байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшийг буруу хэрэглэснээс үүдэлтэй иргэд амь насаа алджээ. Тэгвэл мэдээлэл, сурталчилгаа хүргээгүй буруутан хэн бэ. Сайжруулсан түлшийг буруу хэрэглэх нь хүний амь насанд халтай гэдгийг нийтээрээ харлаа. Иймээс зөв хэрэглээг хэвшүүлж байж, нэвтрүүлэх нь ажлын дараалал, уялдаа холбоотай шууд хамааралтай. Үүнийг ч эрх барих дээд байгууллага мэдэж байсан бөгөөд Орчны бохирддлыг бууруулах үндэсний хороо эл ажлыг хүлээжээ. Товчхондоо, иргэдэд мэдээлэл, сурталчилгаа хүргэх ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хүлээж авсан аж. Тус хорооны дарга нь Н.Цэрэнбат сайд.

Тус хорооны ажлын албаны дарга, НИТХ-ын тэргүүлэгч Ч.Гантулга “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшний үйлдвэртэй танилцаж, тус тогтоолыг хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй эрсдэлүүд, нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, тодорхой шийдвэрүүдийг газар дээр нь гаргаж ажилласан. Үйлдвэр ажилд орсноос хойш туршилтууд түлшийг 5-6 төрлийн зууханд шатааж, байнгын туршилт хийж байгаа. НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар долоо хоног бүр түлшнээс дээж авч, лабораторид шинжлүүлж байгаа. Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо маш чухал гэдгийг дахин хэлье. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн төвийн зургаан дүүрэгт орон тооны бус ажилтнууд авч, агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудыг танилцуулж, сурталчлах, цаашлаад иргэд өөрсдөдөө хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажиллаж байна” хэмээн хэвлэлд яриа өгч байлаа.

Түүний яриагаар ч мөн түлшинд асуудалгүй гэдэг нь батлагдана. Гэхдээ зургаан дүүрэгт орон тооны бус ажилтнууд ажиллаж, таниулан сурталчилах ажил хийж байгаа явдал. Гэтэл таниулан сурталчлах биш 4208 орон тооны бус ажилтан нь “ховч шувуухай” болж хувирах нь тэр. Өөрөөр хэлбэл, дээрх 4208 ажилтан ирэх арванхоёрдугаар сарыг дуустал хороо гудамжиндаа хяналт тавьж, түүхий нүүрс түлж байгаа айл өрхийг холбогдох байгууллагад мэдээлэх үүрэг хүлээсэн байгаа юм. Шулуухан хэлэхэд, шүгэл үлээгчид болж хувирсан байгаа юм. Хөршөө матаж алтан хошуу хүргэснийхээ шанд нүүрсээр шагнуулах урамшуулалтай. Дэндүү эмгэнэлтэй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 9 сарын 7-ны өдөр бохирдлыг бууруулах сургалтад зориулж 6.790.000.0 мянган төгрөг гарчээ. Мөн орчны бохирдлыг бууруулах сургалт нэрээр 6.790.000.0 мянган төгрөг гарсан байна. Иймэрхүү байдлаар 4 сургалтын төлбөрт тус бүр 6.790.000.0 мянган төгрөг гарсныг шилэн данснаас нь харж болно. Шилэн дансны гүйлгээг ажиглавал Улаанбаатар хэдийнэ орчны бохирдолгүй болсон төдийгүй ойжуулалтаараа дэлхийд тэргүүлж байхаар дүр зураг харагдана.

Харамсалтай нь, хөрөнгө мөнгөний хэмжээ жилээс жилд нэмэгдэвч, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь алга ч хүрэхгүй. 2018 онд хийсэн аудитын тайланд Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрөөс тайлант онд стандартын шаардлагад нийцсэн 31.0 мянган тонн сайжруулсан шахмал түлш нийлүүлэх гэрээт ажлын урьдчилгаанд 1.100.0000.00 мянган төгрөгийн санхүүжилт олгосон тухай бий. Гэвч гүйцэтгэгч компаниудын ирүүлсэн тайлангаар 6.0 мянган тонн шахмал түлш борлуулсан нь гүйцэтгэл 20 хувьд хүрээгүй. Үүнээс 600.000.00 мянган төгрөгийн санхүүжилт авсан 2 компани тайлангаа ирүүлээгүйгээс 300.000.00 мянган төгрөгийн санхүүжилт авсан “Дуулгант Өлзий” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй байх жишээтэй.

Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн ажлын албаны батлагдсан төсвөөс 17.200.0 мянган төгрөгөөр автомашин авсан боловч жолооч нь зам тээврийн осол гаргаж ашиглах боломжгүй болсон зөрчил ч мөн бий. Ойжуулалт, ойн арга хэмжээний хөтөлбөрийн батлагдсан төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаанд 81.200.0 мянган төгрөг, аялал жуулчлалын хөтөлбөрийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын гүйцэтгэл 2018 оны 3 дугаар улиралд гарсан боловч дараа улиралд нэмж 33.000.0 мянган төгрөг хуваарилан зарцуулсан гээд зөрчил дутагдал олон.

Эх сурвалж: www.niigmiintoli.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү