"Эко алтан заамар"-ын уурхайд дахин хүний амь эрсдлээ


2019-12-09 10:28:17

"Эко Алтан заамар" ХХК-ийн уурхайд осол болж, 26 настай эрэгтэй амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 6-нд тус компанийн  ажилтан эксковатор угсрах явцад трос тасарч хүнд техник залуугийн дээр унаж, газар дээрээ амь насаа алдсан байна.

Тус уурхайд мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайн хана нурж, зургаан хүн нурангид дарагдсан ч дөрвөн хүний амийг аварч чадаагүй билээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Нуралт үүссэн карьерын дээд талд 10 метр орчим гүнзгий хиймэл нуур үүсгэсэн. Хиймэл нуурын ус хана руугаа нэвчиж нуралт үүссэн. “Эко-Алтан Заамар” компани нуурыг карьерын дээд талд байгуулсан нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн” гэсэн дүгнэлт гаргасан.

Улмаар Хяналт шалгалт хийсний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гаргасан санал, дүгнэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг сайд Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Өнгөрсөн онд 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар яам, агентлаг, Засаг дарга нарт улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлж байсан билээ.

Мөн дээрх осолтой холбогдуулан энэ оны хёрдугаар сард Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгох зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгах төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Ц.Нямдорж, Д.Сумъяабазар нарт даалгаж байв.  Гэвч эдгээр үүрэг даалгавараас ажил хэрэг болсон нь тун ховор.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү