Утаа мэдрэгчийг унтрааснаас угаартсан тохиолдол гарчээ


2020-02-04 10:31:46

Шөнө 02.00 цагт утаа мэдрэгч дуугарахад гэртээ агаар сэлгээд, утаа мэдэрэгчийг унтраажээ. Улмаар 07.00 цагт хүүхэд нь бөөлжсөн, эхнэр нь толгой тархи нь өвдөж хордсон байдалтай сэрсэн байна. Иймээс тэр даруй эмнэлэгт хандаж, угаарын хийнд хордсон болох нь тогтоогджээ. Ийм тохиолдол өмнө нь ч мөн хэд хэдэн удаа бүртгэгдсэнийг албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, угаар мэдрэгч дуугарахад унтраачихаад, агаар сэлгүүлээд унтаад өгдөг. Үүнээс болж угаарын хийнд хордож, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдлууд бий аж. Тиймээс угаар мэдрэгчийг унтраахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд найман өрх дуудлага өгч эмнэлгийн тусламж, үйлчилгээ зөвлөмжийг авсан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран шалган нэвтрүүлэх товчоодуудад түүхийн нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхий нүүрс тээвэрлэж оруулахыг завдсан иргэдийг саатуулж, торгуулийн арга хэмжээг авсан байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байхыг албаныхан санууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа “Томуу томуу төст өвчлөлийн тархалт өндөр байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1169 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Коронавирусын халдвар манай улсад бүртгэгдээгүй. Өвчлөл гарсан оронд зорчсон иргэдийг хамгийн түрүүнд ХӨСҮТ-рүү шинжилгээнд хамруулж ажиллаж байна. Ухань хотоос ирсэн иргэдийн шинжилгээний хариу гараагүй байгаа” гэлээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдийг аль болох эмнэлгийн байгууллагад ирүүлэхгүй байхад анхаарч, гэрээр эмчлэх, утсаар заавар зөвлөмжийг өгч ажиллаж талаар мөн дурдлаа. Тиймээс иргэд олон нийтийн газраар зорчихгүй байх, томуу, томуу төст өвчин, коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хувийн ариун цэврийг сайтар хангахыг зөвлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү