Хустайн цогцолбор газрын ажилчид хамгаалж буй газартаа дулаан байранд амьдрах боломж бүрдлээ


2020-08-06 09:18:42

Хоногийн 24 цаг ч багадам нөр их ажилтай, хөдөө хөхөрч гадаа гандаж явдаг хүмүүс бол байгаль хамгаалагчид. Эх орныхоо онгон дагшин байдал, ан амьтанг хайрлан хамгаалах бахархам үйлсийг бүтээж буй олон зуун байгаль хамгаалагчид тэр болгон тавтай тухтай амарч, амьдарч чаддаггүй. Гэр бүлээсээ хол олон өдөр хөдөө явах гэх мэтээр бэрхшээл тулгардаг ч тэд дурласан ажлаа орхиж, биеийн амар хялбарыг хайдаггүй билээ. Тэгвэл байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд сайн жишиг болон бичигдэх нэгэн түүхэн үйл явдал өчигдөр “Хустайн цогцолбор газар”-т боллоо.

Дэлхий дахинаа устах аюул нүүрлэж байсан тахийг 1992 оноос эхлэн Монголдоо нутагшуулж, өсгөж үржүүлэх ажилд амьдралынхаа олон арван жилийг зориулж буй байгаль хамгаалагч, ургамал, амьтан судлаач, биологичид ажлын газрынхаа хажууд, амьдарч буй газартаа дулаан тохилог орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэн өгч, энэ сарын 04-ны билэгт сайн өдөр 16 айлын шинэ байрны үүдийг нээж, уригдсан зочид нь тууз хайчлав.

Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банк /KFW/-аар дамжуулан БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс энэхүү орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд байгаль хамгаалагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангасан, ажилдаа яваад ирэхэд нь амьдрах орчин нь дулаан тохитой байх талаас анхаарч хамтдаа хичээсээр энэхүү орон сууцыг барьж чадсан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү