Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд хамтран ажиллана


2020-10-30 10:10:15

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Их Британи, Умард Ирландын Вант улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн хамтын ажиллагаа, 12-р сар болох “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулах” дээд хэмжээний цахим уулзалтын талаар болон ирэх жил зохион байгуулагдах НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26-р бага хурлын талаар санал, мэдээлэл солилцлоо.

Их Британи, Умард Ирландын Вант улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Филип Малоун: “Бид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг Монгол оронд хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих, хөдөө орон нутагт уур амьсгалын эрсдэлийн менежмэнтийг сайжруулах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр зэрэг томоохон ажлууд багтаж байна.

Энэ чиглэлд бидний хамтын ажиллагаа үргэлжилж, тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Мөн удахгүй болох “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулах” дээд хэмжээний цахим уулзалтаар улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой урт хугацааны зорилтоо дэвшүүлэх, амбицаа дээшлүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой уулзалт болох юм. Та бүхнийг хамран ажиллаж, цаашид энэ чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгнө гэж итгэж байна.” гэлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтэд тэр дундаа Монгол улсад тулгараад байгаа эмзэг асуудал болсон. Учир нь манай орон дэлхийн дулаарал буюу уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөх эрсдэлтэй 10 орны нэгд тооцогдох болсон.

Энэ утгаараа бид уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд багагүй анхаарал хандуулан ажиллаж байна. Хэдийгээр манай орны хүлэмжийн хийн ялгарал өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад маш бага ч бид иргэдийнхээ өмнө болон Парисын хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалтаа ухамсарлаж хэлсэн зорилтдоо хүрэхээр хичээн ажиллана.

Бид 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувь багасгах зорилтоо 22,7 хувь болгон нэмэгдүүлсэн том зорилтыг тавьсан. Энэ ч утгаараа хүлэмжийн хийн ялгарлын эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад санаачлагатай ажиллаж байна. Цаашид ч хийхээр төлөвлөсөн ажил их бий” гэдгийг онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү