Дэлхийн байгаль хамгаалах холбооны Их хурал боллоо


2021-09-11 16:37:11

Дэлхийн байгаль хамгаалах холбооны 26 дугаар Их хурал Бүгд Найрамдах Франц Улсын Марсель хотноо 2021 оны 9 дүгээр сарын 3-11-ний өдрүүдэд болж байна.

Тус холбоо нь 160 гаруй улсын байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 211 яам, агентлаг, 1200 гаруй ТББ, 18,000 гаруй экспертүүдийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том байгаль хамгаалах байгууллага юм.

Дэлхийн байгаль хамгаалах бодлогыг тодорхойлоход зонхилох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд НҮБ-ийн Ерөнхий ассамблейд ажиглагчийн статустай, цорын ганц олон улсын төрийн бус байгууллага гэж хэлж болно.

Дэлхийн байгаль хамгаалах бодлогыг тодорхойлоход зонхилох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд НҮБ-ийн Ерөнхий ассамблейд ажиглагчийн статустай, цорын ганц олон улсын төрийн бус байгууллага гэж хэлж болно.

Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нээлтийн үйл ажиллагаанд өөрийн орны байгаль хамгаалах бодлого, түүний ач холбогдлын талаар танилцуулж, цаашид дэлхийн байгаль хамгаалах үйлсэд манлайлан оролцохоо илэрхийлэв.

Хуралд олон улсын нэр хүнтэй хүмүүс оролцож байгаль хамгаалах ажлын үнэ цэн, ач холбогдлын талаар өөрсдийн санал бодлыг хуваалцаж, оройтоогүй дээрээ бид хийж эхлэх ёстойг уриаллаа.

Мөн энэ үеэр ээлжит сонгууль болж Биологийн төрөл зүйлийг хамгаалах Мохамед бин Зайд сан болон Абу Дабигийн байгаль хамгаалах агентлагийн гүйцэтгэх захирал хатагтай Разан Ал Мубарак тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов.

Тэрээр 73 жилийн түүхтэй байгаль хамгаалах дэлхийн байгууллагын тэргүүнээр сонгогдсон хоёр дахь эмэгтэй, Арабын ертөнцөөс уг байгууллагыг тэргүүлэх анхны эмэгтэй болж байна. Мөн ДБХХ-ны бүсийн консулууд болон 6 комиссын дарга нарыг сонголоо.

Энэ удаагийн Их хуралд ДБХХ-ны гишүүн Хустайн цогцолборт төв төрийн бус байгууллагын захирал Цэрэндэлэгийн Дашпүрэв оролцож Хустайн байгалийн цогцолборт газар болон тахь нутагшуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар илтгэл тавилаа.

Байгальдаа устаад байсан тахийг сэргээн нутагшуулах үйлсийг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж Хустайн байгалийн цогцолборт газар, Их Говийн дархан цаазтай газрын “Б” хэсэг, Хомын талын байгалийн цогцолборт газарт нутагшуулж буй тахийн тоо 800 гаруй болон өссөн байна. Энэ нь Монгол Улсаас дэлхийн байгаль хамгаалах үйлсэд оруулж байгаа дорвитой ажлуудын нэг юм.

26-р Их хурлаар ДБХХ-ны 2024 он хүртэлх ажлын ерөнхий төлөвлөгөөг батлан, Марселийн тунхаг бичгийг гаргах юм.

Үүнд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн анхаарал хандуулах, хөдөө аж ахуйг зохистой хөгжүүлэх, цар тахлын улмаас байгаль орчныг хамгаалах санхүүжилт хүнд байгаад Засгийн газрууд болон донор байгууллагууд илүү анхаарахыг уриалан хамтран ажиллахаар боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү