Өдөр тутмын хэрэглээ буюу өөрийгөө "устгах" сонголт


2021-11-30 14:46:45

Энэ жил урт намар болж байна даа хэмээн малчид хүүрнэнэ. Өдийд цасан шуурга тавьж, жавар тажигнаж байдагсан хэмээн дурсана. Нийслэлчүүдийн хувьд тагтан дээрх мах хөлдөхгүй сэтгэл зовооно. Олон жилийн дунджаас дулаахан өвөл болж, гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон ч мөсний зузаан нимгэн тул хүүхэд тоглуулах, автомашинтай зорчихгүй байхыг холбогдох байгууллагаас байнга сэрэмжлүүлнэ.

Уур амьсгалын өөрчлөлтөд цаг ямагт анхаарлаа хандуулж, арга хэмжээ нэн даруй авах шаардлагатай болсны дохио энэ. Хүний буруутай үйл ажиллагаанаас улбаатай сүүлийн 200 жилд уур амьсгал огцом дулаарсан. Дэлхийн агаарын температурын өөрчлөлтийг 1850-1900 оны дундажтай харьцуулахад 1.1 градусаар дулаарчээ. Үүнээс улбаатай 2000 оноос хойш хамгийн халуун 19 жил тохиосон бол байгалийн гамшигт үзэгдэл 6 дахин нэмэгдэж, 170 орчим тэрбум ам.долларын шууд хохирол учирсан байна. Гэтэл энэ үйл явц Монголд хоёр дахин хурдацтай явагдаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат илтгэлдээ дурьдав.

Тэрбээр “Манай орон сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч, хуурайших, цөлжих явц илүү ажиглагдаж, жилийн дундаж температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурсан.

2020 онд 116 гол мөрөн, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэсэн. Цаг агаарын гаралтай аюултай үзэгдэл 90, гамшигт үзэгдэл 11 удаа болж 7.6 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан” гэв.

Тодруулбал, зөвхөн 2020 онд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 15 хүн амь насаа алдаж, 14 хүн гэмтжээ. Мөн 11.955 мал хорогдож, 976 гэр, 144 хашаа нурж, 7 гүүр эвдэрсэн байна.

Өнгөрсөн оны судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120 сая га талбай цөлжилт, газрын доройтолт өртжээ. Цөлжилт, газрын доройтлын 51 хувийг уур амьсгалын өөрчлөлт, 49 хувийг хүний хүчин зүйлээс нөлөөтэй үүсч байгааг судлаачид тогтоосон байна.

Сүүлийн 30 жилд мал сүргийн тоо 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн нь цөлжилтийн үндсэн шалтгааны нэг. Мөн уул уурхай. 2020 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн ашиглалтын улмаас 28.940 га эвдэгдсэнээс нөхөн сэргээх шаардлагатай орхигдсон талбайн хэмжээ 8000 га байгаа бөгөөд нэн яаралтай нөхөн сэргээх арга хэмжээ авахаар 2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан аж.

Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд хууль бус уурхайн улмаас байгаль орчинд учруулсан хохирол 1.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байх жишээтэй. Өнгөрсөн 10 жилд буюу 2010-2020 онд цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажилд 60.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүний 25.1 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, 35.1 тэрбум нь олон улсын байгууллагаас гарсан байна.

Манай оронд хоёр дахин хурдацтай явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ “Тэрбум мод” тарих хөдөлгөөн хэмээн Ерөнхийлөгч тодорхойлоод байгаа. Уг үндэсний хөдөлгөөний хүрээнд доройтолд орсон 306.2 мянган га талбайг нэн тэргүүнд ойжуулж, нөхөн сэргээхээр төлөвлөжээ. Нэг га талбайн ойжуулалтын зардал нь 2.7 сая төгрөг гэсэн тооцоо бий. Мөн говь, хээрийн 293.2 мянган га талбайг хамгаалалтын ойн зурвас байгуулж, булаг, шанд, усны эхийг хашиж, хамргаалах, ойжуулалт, нөхөн сэргээлт хийнэ. Нэг га талбайн ойжуулалтын зардалд 11.5 сая төгрөг зарцуулна. Зардалд арчилгаа, усалгаа гээд бүх зардлыг шингээсэн. Өөрөөр хэлбэл, суулгаад орхих бус арчилж, усалж, ургуулна. Ийнхүү 600.00 мянган га талбай буюу нийт нутаг дэвсгэрийн 0.38 хувийг ойжуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам манлайлан ажиллаж эхлээд байгаа.

Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүч байгуулах боломжит хувилбарууд бийг ч А.Энхбат дарга тодотгож байсан юм.

Хөргөгч, хөргүүрт “нуугдах” аюул

Дараагийн аюул нь озоны давхаргын “гэмтэл”. Өнгөрсөн 70 гаруй жилд озоны давхарга гэмтсэний улмаас нарны хөнөөлт хэт ягаан туяа аюул учруулах болов. Тухайлбал, арьсны хорт хавдар, нүдний болор цайх, цаашлаад дархлалын систем сулрахад нөлөөлөн хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Гэтэл энэ аюулыг даллаж байгаа нь хүн төрхлөхтөн бид.

Бидний эргэн тойронд озоны давхаргыг задалдаг химийн хорт бодис цаг ямагт байсаар ирсэн бөгөөд өнөөдөр ч бий. Автомашины эйр кондишн, айл гэр болон албан байгууллага оффисын агааржуулалтын систем, хөргөгч, хөргүүрт хэрэглэдэг хлор, фтор агуулсан хөргөх бодис. Мөн барилгын дулаалгын хөөсөнцөр бүтээгдэхүүн, матрас зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг  бодис озоны давхаргыг гэмтээдэг аж. Байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай дээрх бодисын хэрэглээг зогсоох, багасгах арга хэмжээг дэлхий нийт авч байгаа ч өргөн хүрээнд хэрэглэсэн хэвээр байна.

Монгол Улсын хувьд ч ялгаагүй. Автомашины эйр кондишн солих, засварлах үйлчилгээ эрхлэгчдийг сургалтад хамруулж, хэрэглэж дадсан бодисынх нь хор хөнөөлийн талаар таниулан сурталчилж, оронд нь хэрэглэх ээлтэй бүтээгдэхүүнээр сольж эхэлсэн талаар Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн танилцуулсан юм.

Тэрбээр “Озоны давхарга дэлхийг сүйтгэгдэггүй. Харин биднийг бас дэлхийн экосистемийг хамгаалж байдаг зүйл. Гэтэл бидний өдөр тутмын амьдралдаа ашигладаг хөргөлт, агааржуулалтад зориулсан хлор, фтор агуулсан химийн бодисууд нь озоны давхаргыг сүйтгэж байна. Үүнээс үүдэн гарах уршиг нь хэт ягаан туяа. Хэт ягаан туяаны уршгаар наранд түлэгдэх, арьсны хорт хавдар үүсгэх, нүдний болор цайх, хүний дархлалын систем сулардаг. Ковидын үед хүний дархлаа хамгийн чухал” гэлээ.

Сүүлийн үед нүдний болор солиулах нь олгойны хагалгаа мэт өргөн хүрээнд яригдаж байгаа нь аюул хэр ойрхон ирсний илрэл. Ямартаа БНХАУ-д ард иргэд далайн эрэг орохдоо нарны хүчтэй хэт ягаан туяанаас хамгаалах макс зүүх болсон байна. Мөн сүүдэрт байх, нарны малгай өмсөх, биеийн арьсыг халхалсан битүү хувцас өмсөх, нарны шил зүүх, нарнаас хамгаалах тос хэрэглэж хэвшихийг иргэддээ байнга анхааруулах болсон. Харин Монголд энэ төрлийн хэрэглээ бага. Дулааны улиралд цээж нүцгэн явах нь элбэг.

Хэт ягаан туяанаас иргэн бүр өөрийгөө болон өрөөлийг хамгаалах бүрэн боломжтой. Амны хаалт зүүж, гарын ариун цэвэр сахиж, хүн хоорондын зайг ягштал барьснаар цар тахлаас сэргийлж чадаж байгаатай ижил дулааны улиралд сүүдэр тань таниас богино байвал нарнаас зайлсхий. Сүүдэр бараад. Шүхэр хэрэглэ. Нарны малгай өмсөж, нүдний шил зүү. Хэт ягаан туяаны хэмжээ ялангуяа зуны өглөө 10.00 цагаас өдрийн 15.00 цагийн хооронд илүү хүчтэй байдаг.

Мөн автомашины эйр кондишныг цэнэглүүлэхдээ сертификаттай газраар үйлчлүүл. Дурын газар руу орж, “Би чадна”-уудад хандахаас урьтаж байгаль орчин болоод хүний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц бодис ашиглаж байгаа газруудаас татгалзах нь нэн чухал. Мөн хөргөгч, хөлдөөгч, агааржуулалтын систем авахдаа нягталж шалгах. Үүний тулд энэ талын мэдлэг, мэдээлэлтэй болох. Энэ бол иргэн бидний хийх эхний алхам юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү