Т.Ням-Очир: Бататгах хичээл 10 сарын 01-н хүртэл үргэлжилнэ


2020-09-18 12:51:30

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан багш нарыг урьдчилан сэргийлэх үзлэгт хэрхэн хамруулах талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Даваа гарагаас улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагууд хэвийн горимд шилжин ажиллахаар боллоо. Үүнтэй холбоотойгоор сурагч болон багшийн ачааллыг харгалзан теле хичээлүүдийг телевизороор дамжуулахыг түр хугацаагаар зогсоохоор болж байна.

Харин эцэг, эх, багш, сурагч авч ашиглаж болохуйцаар цахим орчинд теле хичээлүүдийг байршуулна.

Энэ сарыг дуустал бататгах хичээл зохион байгуулахаар төлөвлөж, арга зүй, зөвлөмжийг сургуулиудад хүргэсэн. Хэдий танхимын сургалт хэвийн горимоор хичээллэж байгаа ч бататгах хичээл аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.

Харин хоцрогдолтой хүүхдүүдийг аль болох хурдан хэвийн хэмжээнд аваачих, өмнөх агуулгаа богино хугацаанд бататгах менежментийг хийх талаас нь сургууль багш, эцэг, эх суралцагчдад дэмжлэг үзүүлж ажиллана.

Өнгөрсөн жил зайны сургалт удаан хугацаагаар явсантай холбоотойгоор аль болох уралдаан, тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн түвшинд зохион байгуулах байх тал дээр зөвлөж байгаа. Энэ нь хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд хурдан шилжүүлэхтэй холбоотой. Иймээс аль болох хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахыг зөвлөж байгаа.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд мөрдөгдөж байсан зарим заалтыг хэвээр үлдээсэн. Тухайлбал, халдваргүйтгэлийг байнга хийх, аль болох олон гарцыг нээж, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна.  Мөн хүүхдүүд сургууль, гэр маршрутаар явах бөгөөд амны хаалт тогтмол зүүж, ариун цэврийг сахих хэрэгтэй" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү