Баянгол дүүрэг УБТЗ-ын Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа


2022-06-28 11:41:10

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Баянгол-Залуудын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар төмөр замын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтохтой 3 жил хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь Төмөр замын салбарын хүний нөөцийн эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан төмөр замын мэргэжлийн хүний нөөцийг хамтран бэлтгэх, судалгаа, шинжилгээний ажил хийж гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох асуудлаар хамтран ажиллах зорилготой юм.

Санамж бичиг байгуулах үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт суусан “Баянгол-Залуудын хөгжил” арга хэмжээний хүрээнд дүүргийнхээ залуучуудыг дэмжих, улс орны бүтээн байгуулалтад хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр хурдан сураад ажилтай, орлоготой болгох үүднээс дүүргийнхээ 25 хорооны залуучуудыг сургах санаачилга гаргасныг Улаанбаатар төмөр замын Политехник коллежийнхон хүлээн авч, ажил хэрэг болгож байгаад талархал илэрхийлье. Энэ хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 25 хорооноос нэг нэг хүүхэд сурах бөгөөд хороодын Засаг даргын Ажлын албаныхан иргэддээ мэдээллийг хүргэж байгаа. Дүүргийн зүгээс энэ хөтөлбөрт тухайн хороондоо амьдардаг хүүхдийг хамруулах шаардлага тавьж байна. Төлбөрийг “Баянгол-Залуудын хөгжил” хөтөлбөрөөс санхүүжүүлнэ” гэсэн юм.

Дараа нь Улаанбаатар төмөр замын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох “Төмөр замын боловсон хүчин бэлтгэх манай сургуулийн элсэлт 6 дугаар сарын 20-оос эхэлсэн. Долдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Манай сургуулийн зүгээс ЭЕШ-тын шаардлагад нийцсэн хүүхдүүдээ авах юм. БГД-т Төмөр замын мэргэжлийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн Ган зам 20,  73 дугаар сургууль бий. Эдгээр сургуулийг төгссөн хүүхдүүд манай сургуульд сурахад давуу талтай байна” гээд дээрх санаачилгыг гаргасан Засаг даргад талархал илэрхийлсэн юм.  

Санамж бичгийг байгуулснаар Баянгол дүүргийн залуучууд Улаанбаатар төмөр замын Политехникийн коллежийн 1 жилийн мэргэжлийн боловсрол олгох Төмөр замын өртөөний жижүүр, Ачаа вагон хүлээлцэгч, Зүтгүүрийн туслах машинч, Илчит тэрэгний засварчин, Вагон үзэгч, засварчин, Зорчигчийн вагоны үйлчлэгч, Төмөр замын замчин, Цахилгааны монтёр зэрэг мэргэжлээр элсэн суралцах, цаашлаад амжилттай суралцаж төгссөн тохиолдолд ажлын байраар хангах боломж бүрдэнэ. Мөн эхний ээлжинд суралцах залуучууд 2022 оны 09 дүгээр сараас эхлэн суралцаж эхлэх бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар төмөр замын Политехник коллеж болон элсэгчдийн хооронд гурвалсан гэрээг байгуулах юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү