Утаанаас хамгаалах маск хэний бизнес вэ


2019-01-04 11:33:03

“Утааны зовлонгоор бизнес хийдэг маш том бүлэглэл байна. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг зөвхөн утаатай тэмцэх, бууруулах нэрийдлээр завшсан. 100 орчим сая ам.долларыг утаагүй зуух нэрийн үрэн таран хийсэн” хэмээн Төрийн тэргүүн мэдэгдэж байв.

Үнэхээр ч улиг болсон утааны сэдвээр хөрөнгө завшигчид дээд, доод шатандаа олширсон. Нийслэлийн удирдлагууд хүртэл утааг бууруулах мөнгөөр танил тал, ах дүүгээ хэрхэн дэмждэг талаар манай сайт мэдээлсэн.

Тэгвэл энэ удаад сургуулийн сурагчдыг утаанаас хамгаалах нэрийдлээр хэдэн төгрөг дэлсэж байгааг хүргэж байна. Сурагчдыг утаанаас хамгаалахын тулд улсын төсвөөс мөнгө гаргаж маскжуулах аян явуулж эхлээд байгаа. Нэг маскны үнийг 1500 төгрөг байхаар тооцож нийслэлийн төсвөөс 1.5 сая төгрөгийг гаргажээ. Санаа нь сайхан ч, хийж байгаа ажлынхаа үр өгөөжийг бүрэн дүүрэн нягталдаггүй манайхны хар гай. Өнөөх маскжуулах ажлыг хийгчид хүүхдийг барилгын хамгаалалтын маскаар хангаж эхлэх нь тэр.

Жишээ нь, нийслэлийн 17 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад тараасан маск нь хүүхдийн нүүрийг бүхэлд нь халхалсан бас утааны шүүлтүүргүй. Ийм маск зүүлгэсэнд орвол ороолтоор нь битүү ороогоод явуулсан нь  дээр хэмээн эцэг эхчүүд хэлж байна. Нүд амыг нь дарсан битүү маск аюул эрсдэл учирахад ч ойрхон байгааг тэд нийслэлийн удирдлагуудад уламжилсан.

Энэ онд утааг бууруулах нэрийдлээр нийслэлийн төсөвт дөрвөн тэрбум төсөвлөсөн бол улсын төсөвт 66 тэрбум төгрөг тусгажээ. Харин энэ мөнгийг хэрхэн яаж үрэх талаар холбогдох байгууллагууд аль хэдийн төлөвлөж байгаа биз ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү