Д.Нарантуяа: Өртөг багатай ариутгалын хэд хэдэн арга бий


2019-08-15 10:40:33

Өнгөрөгч өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орж, зарим газар үерт автаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд зөвлөмж хүргэж, халдваргүйжүүлэлт, ариутгал тогтмол хийж байхыг сануулах болсон. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед хур бороо элбэгтэй байна. Усархаг бороо үргэлжлэн орсонтой холбоотой хэд хэдэн газар үер буусан тохиолдол ч бий. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үертэй холбоотой хэд хэдэн зөвлөмжийг өгч байгаа харагдсан?

-Энэ жил хур бороо элбэгтэй жил болж байна. Иймээс гэр, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэгт барихгүй байх. Мөн үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах. Түүнчлэн гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар, бохир усны цооногийн нүхэнд бороо хур, үерийн ус орохооргүй болгон битүүмжилж, хаяавчийн бүрэн бүтэн байдлыг шалган, халдваргүйтгэл хийхийг Эрүүл мэндийн яам, НЭМҮТ-өөс иргэдэд зөвлөж байна.

-Улаанбаатар хотод 180 мянга гаруй гэр хорооллын айл өрх бий гэсэн статистик бий. Үүний хэд нь нүхэн жорлонтой юм бэ?

-Улаанбаатар хот тогтоцын хувьд их өвөрмөц. Дөрвөн уулын дунд байршдаг бөгөөд төв суурин газар нь хотынхоо хотгор хэсэгт тогтоцтой. Улмаар дөрвөн уулаа дагасан гэр хорооллоор бүслэгдсэн байдалтай. Гэр хорооллын нийт 90 гаруй хувь нь энгийн нүхэн жорлонтой гэж үздэг. Энэ их хур борооны дараа, үерийн ус нүхэн жорлонг дүүргэж, ус хаялгаар өндөрлөг газраас нам дор газар руу урсгал болж шилжих нь элбэг. Энэ тогтоцоор гэр хорооллын жорлонгийн хаялгатай ус төв суурийн газар руу урсаж орж ирдэг гэж хэлж болно.  

-Нийслэл хэт их төвлөрөлтэй. Тиймдээ ч иргэд үерийн далан дээр буух, суваг таглах явдал түгээмэл. Мөн гудамж талбай, шуудуунд хогоо хаядаг. Тэгэхээр тэр хог ч мөн урсаж орж ирдэг гэсэн үг үү?

-Үерийн далан, суваг шуудууг бөглөснөөр хүний өтгөн, шингэн үерийн устай урсаад ороод ирдэг. Ингэснээр тэр газрууд бохирдож, савханцар, бактерь, вирус гээд өвчин үүсгэгч шимэгч, нянгууд тархдаг. Бороо орохоо больж, нар гарлаа. Одоо нөгөөх нь хатна. Улмаар тоосонцор  болж дэгдэнэ. Шимэгч хорхой, нян бактериудын гол оршин тогтнож, хөлөө хийж байдаг зүйл нь том диаметртэй тоосонцорууд байдаг. Нөгөө тоосонцорыг бид үнэрлэж, амьсгалын замаар орсноор өвчлөл үүсгэнэ.

-Үерийн дараа гэдэсний өвчлөл эрс нэмэгддэг. Энэ нь халдваргүйжүүлэлт, ариутгалтай холбоотой байх?

-Үерийн үеэр болон дараа өвчлөл нэмэгдэнэ. Ялангуяа гэдэсний өвчлөл, халдварууд нэмэгдэх аюултай. Манайхан цусан суулгац гэж ярьдаг. Мөн гэдэсний савханцар өвчин үерийн дараа нэмэгдэнэ. Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирлогдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногийг халдваргүйтгэж, бохир хог хаягдалд халдваргүйтгэл хийх хэрэгтэй. Үүний дараа  төвлөрсөн хог хаягдлын цэгт зайлуулах, ундны усыг заавал буцалгаж хэрэглэх, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг ариутгаж халдваргүйтгэх, гараа тогтмол савандаж угаах, үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, аялал зугаалгаар явахдаа гол уснаас хол байрлахыг сануулж байна.

-Иргэд ихэвчлэн гараа савандаж угаачихаад ариутгал хийчихсэн гэх нь бий. Үерийн дараа гарыг заавал ариутгалын бодисоор угаах шаардлагатай юу?

-Иргэдэд хамгийн түрүүнд өгч байгаа зөвлөгөө бол хувь хүний ариун цэвэр сахиж, гараа сайн угаах. Ямар ч байсан энгийн савангаа хэрэглээд ч болов гараа угаахаас гадна давс эсвэл содны уусмалаар гараа ариутгах хэрэгтэй. Мөн үерт автсан, автаагүй ариутгаж хийж байх нь чухал. Бороо их хэмжээгээр орсон өдрүүдэд хувцас руу ус үсрэх, ус туулах тохиолдол бишгүй. Тиймээс наанадаж гэртээ орохдоо гутлаа тайлах. Гэр хорооллын 90 хувь нь нүхэн жорлонтой. Их хэмжээний борооны дараа хальж, төв хэсгээр урсдаг гэхэд болно. Иймээс өтгөн шингэнээр бохирдсон гутлаа гэрийнхээ гадаа тайлж орох. Мөн бороонд норж шавар наалдсан хувцасаа мөн тайлаад орохгүй бол өөрөө өвчин зөөж гэртээ авчирч байна гэсэн үг.

-Хөрсний бохирдлыг арилгахад мэргэжлийн байгууллагаас заавал зөвлөгөө авах шаардлагатай гэж та хэлж байсан?

-Эрүүл мэндийн яам, НЭМҮТ-өөс үерийн өмнө болон дараа ямар арга хэмжээ авах талаар зөвлөмжүүдийг нийгмийн сүлжээгээр сануулж анхааруулж байгаа. Хөрсний бохирдлыг арилгахад мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй. Учир нь хлорын шохойг 50 хувь хүртэл өтгөрүүлээд ариутгалыг хийхэд зарим тохиолдолд  шимэгч, бактерь устгахгүй байх нь бий. Иймээс мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байгаа.

- Ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд өртөг өндөртэй гэх яриа бий. Тиймээс шаардлагатай ариутгалыг хийж чадахгүй тохиолдол цөөнгүй. Ийм үед ямар арга хэмжээ авах вэ?

-Өртөг багатай ариутгалын хэд хэдэн арга бий. Жишээ нь, хлорын шохой. Энэ бол өртөг багатай. 10 грамм хуурай хлороо 10 литр усанд сайтар хутгаж бэлтгэнэ. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1 кв.м талбайд 1-1.5 литр уусмал байхаар тооцож шүршинэ. Мөн сүүлийн үед хэрэглэж байгаа жавелионы уусмал гэж бий. 10 литр усанд гипохлорит натри бол 600 мл, гипохлорт кальци бол 10 гр хийж найруулна. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрсний дээд давхарга, орон байрны гадна талбай, асфальтан зам талбайг 1кв.м талбайд 1.5 л байхаар тооцож шүршинэ.

Хамгийн энгийн ариутгал бол халуун ус, модны үртэс. Халдваргүйжүүлэх бодис байхгүй тохиолдолд халуун үнс эсвэл модны үртсийг ил задгай жорлон, бохирын цооногт хийж болно. Иргэд гараа угаах бодис байхгүй бол давс болон содны уусмалаар гараа ариутгаж болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү