Хоёр хоног тутамд нэг эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж байна


2019-10-15 16:11:35

Дэлхий нийтээр 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг устгах зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Монгол улс нэгдэн орж, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, өсвөр насны охидыг хүний хөхөнцөр вирүсийн халдвараас хамгаалах дархлаажуулалтад хамруулах, оношлосон бол эмчилгээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. ЭМЯ, НЭМҮТ, ХСҮТ хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог чадваржуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, эрүүл мэндийн ажилтнууд иргэдэд чиглэсэн мэдээллийг түгээх арга барил” сэдэвт сургалтыг Өмнөговь аймгийн өрх, сумын 48 эмч, мэргэжилтнийг хамруулан 2019 оны 10-р сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Цаашид тус ажлын хүрээнд үндэсний хэмжээнд ухуулга, нөлөөллийн уулзалт зохион байгуулах, мастер бренд үүсгэх, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, идэвхжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болох умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол дэлхийн хэмжээнд 2018 онд 511,000 шинээр илэрч, 370,000 гаруй эмэгтэй уг өвчний улмаас нас баржээ.

Энэ нь 1 минут тутамд шинэ тохиолдол илэрч, 2 минут тутамд нэг эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж байгаа гэсэн үг юм. Монгол улсад 2018 онд умайн хүзүүний хорт хавдрын 370 шинэ тохиолдол илэрч, үүний 50 гаруй хувь нь жилийн хугацаанд нас барсан харамсалтай тоо байна. Өөрөөр хэлбэл 2 хоног тутамд нэг эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж байна.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү