НЭМҮТ: "Дэлхийн алхалтын өдөр"-ийг “Алхангаа ярилцъя” уриан дор тэмдэглэлээ


2019-10-21 07:53:15

Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр "Дэлхийн алхалтын өдөр"-ийн арга хэжээ боллоо. Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулсан энэ арга хэмжээнд найман настай балчираас наян настай буурлууд хүртэл бүх насныхан хүрэлцэн ирсэн юм.

“Алхангаа ярилцъя” уриан дор зохион байгуулж буй “Дэлхийн алхалтын өдөр – 2019” өдөрлөгийн үеэр 1.2 км зайд алхаж идэвхтэй хөдөлгөөний адал явдалт гурван өртөөгөөр аялж, спорт сонирхогч залуучуудын хөгжөөнт дасгалын үзүүлбэр зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулсан байна. Мөн иргэдэд зориулсан эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааны материалыг түгээжээ. Түүнчлэн "Дэлхийн алхалтын өдөр"-ийн арга хэмжээн дээр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа Нийгмийн эрүүл мэндийн элч, Монгол Улсын спортын мастер В.Дамдинсүрэнд НЭМҮТ-ийн хүндэт тэмдэгийг гардуулав. Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 77 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой.

Дашрамд мэдээлэхэд, дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвх хангалтгүй байдаг бөгөөд, хөдөлгөөний хомсдлын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг байна. Түүнчлэн хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болдог байна. Иймээс ДЭМБ-аас насанд хүрэгсэд өдөрт 30 минут, хүүхэд өсвөр үеийнхэн 60 минутын хугацаатай идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10000 алхам алх гэж зөвлөдөг ажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү