Урд хөрш рүү зорчсон Монгол иргэн өөрөө эмнэлэгт ханджээ


2020-02-05 11:42:39

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотой БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, эрсдэл өндөр байгаа тул нутгаа зорих иргэдийн тоо хэд дахин өссөн гэдгийг мэдээллийн эхэнд хэлж байлаа.

Хэдийгээр Эрүүл мэндийн яамнаас халдвар гарсан оронд аль болох зорчихгүй байхыг анхааруулсаар байтал иргэд зөвлөмжийг дагахгүй байгааг мөн энэ үеэр онцлов. Тухайлбал, Дархан-Уул аймгийн иргэн урд хөрш рүү зорчиж ирсэнийхээ дараа халуурсан байна. Улмаар тухайн иргэн өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Одоогоор түүнээс шинжилгээ аван шалгаж байгаа аж. Иймээс Эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдвар гарсан улс руу аль болох зорчихгүй байхыг дахин дахин анхааруул байлаа. Хэрэв зорчсон бол томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд, эрүүл мэндийн байгууллагад нэн даруй хандахыг зөвлөлөө. Учир нь БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд Хубэй мужид зорчсон өгүүлэмжтэй байгаа аж.

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 24,483 хүн шинэ коронавирусийн халдвар авч, 426 хүн нас бараад байна.  Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгджээ.

БНХАУ-аас гадна 23 улсад 159 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо 1 байгаа. Сүүлийн 24 цагийн байдлаар зургаан тохиолдол шинээр нэмэгдсэн байна. 

7,711 батлагдсан тохиолдолд дүн шинжилгээ хийвэл эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа. Халдвар нэг сартайгаас 99 нас хүртэл бүх насанд бүртгэгджээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү