Коронавирусын халдвараас сэргийлж нэг эмнэлгийг тусгайлан бэлдэхээр боллоо


2020-02-05 16:34:47

Улсын онцгой комиссын хуралдаан болж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцыг хэлэлцэв. Цаашид халдварын сэжигтэй болон онош нь батлагдсан тохиолдолд иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар болов. Мөн хилээр орж ирж байгаа монгол иргэдийг тухайн боомтод түр хугацаагаар тусгаарлах байр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайт зэрэг нэр бүхий боомтод Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг ажиллахаар болов. Ажлын хэсэг хилийн боомт дахь хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтнуудын ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлтэй танилцан, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг нь хэрхэн шийдвэрлэх тухай саналаа танилцуулах юм.

Дархан-Уул аймагт түр оршин суух бүртгэлтэй, 31 настай эмэгтэйд халуурах шинж тэмдэг илэрсэн учир тусгаарлаад байна. Тэрбээр Тайваньд аялаад өнгөрсөн сарын 30-ны өдөр БНСУ-аас эх орондоо иржээ. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Хилийн хорио тавьснаас хойш 6000 гаруй монгол иргэн хилээр орж ирсэн бөгөөд Замын-Үүд боомтын ачаалал ихсээд байна. Өчигдөр гэхэд л 378 автомашин, галт тэргээр 1000 гаруй иргэн нэвтэрчээ. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл монгол иргэдийг зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулах юм.

Үүнээс гадна БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу /H5N1/ гарсан тул тус улсаас гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Сүүлийн үеийн мэдээгээр шинэ коронавирусын халдвараар 24539 хүн өвчилж, 491 хүн нас бараад байна.  Иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг Эрүүл мэндийн яам зөвлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү