Коронавирусын тохиолдол ганц өдрийн дотор 3,174 нэмэгджээ


2020-02-07 11:48:56

Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 31,436 тохиолдол бүртгэгдэж, 636 нас барсан талаар Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Өөрөөр хэлбэл, коронавирусын тохиолдол өмнөх өдрөөс 3,174 шинээр илэрчээ. ДЭМБ-аас шинэ коронавирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болж, хандив цуглуулж эхэлжээ.

Монгол Улсын хувьд шинэ коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй байна. Хэд хэдэн шижигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авсан бөгөөд сөрөг хариу гарсан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүх  "ХӨСҮТ-ийн лабораторид ирсэн шинжилгээний хариунууд сөрөг гарсан. Өчигдөр зургаан хүн ХӨСҮТ-д ирж тусгаарласан хяналтад орсон. Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарласан бөгөөд сорьц нь ХӨСҮТ-д ирсэн, шинжилгээ хийгдэж байгаа" гэв.

Шинэ коронавирус болон шувууны томуу аль аль нь мал, амьтнаас гаралтай зоонозын халдвар. Тиймээс ЗӨСҮТ эрүүл мэндийн ажилтнуудад энэ талын мэдлэг мэдээллээр хангах, халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар зөвлөгөөг өгч, нийт 3,000 гаруй хүнд сургалт явуулсан талаар мөн энэ үеэр мэдээлсэн.

Мөн урд хөршид шувууны томуу өвчин гарсан болох нь тогтоогдсон. Шувууны ханиад нь аюултай вирусээр үүсдэг бөгөөд 2003 оноос хойш 800 гаруй тохиолдол дэлхийн 17 улсад бүртгэгдэж, нас баралтын түвшин 50 гаруй хувьтай байгаа тоон үзүүлэлтийг Эрүүл мэндийн яамныхан танилцууллаа. Хятад улсад  өндөр хоруу чанартай шувууны томуу өвчин гарсан энэ сарын 5-нд батлагдсан.  Ухань хотын ойролцоох 7,000 гаруй тахиатай фермийн 4,000 орчим тахиа үхсэн нь үүний баталгаа гэдгийг ч хэлж байлаа. Мөн тус фермерийн болон өвчний голомтод байгаа 17 мянга гаруй тахиаг устгажээ. Өвчлөл гарсан бүс нутагт шувуунаас хүнд томуу халдсан тохиолдол гараагүй байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх зорилгоор тахиа, гахайны ферм эрхэлдэг хүмүүст зөвлөмж хүргүүлсэн. Өвчлөл гарсан бүс нутгаас тахиа, амьтны гаралтай мах экспортлохыг хориглосон. Шаардлагатай тохиолдолд ариутгалын бодис хангалттай байгаа гэсэн юм. Иймээс хилээр тахиан мах оруулахыг хориглоод буй. Иргэдийг ч мөн тахианы махнаас аль болох татгалзахыг анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү