Зарим хязгаарлалт хийгдсэнээс биш зайлшгүй зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа


2020-02-11 11:51:01

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Шинэ коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Тухайлбал, халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгааны материалд дурдсан. Мөн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн. ДЭМБ-ын захирал хэлэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой байж магадгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. Амны хаалтны хомсдол үүсээд байгаа. Зарим улсад амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцөлбөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхойлоод байна" хэмээн мэдээллийн эхэнд онцлов.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөөдрийн байдлаар 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас барлаа. Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, ОБЕГ, МХЕГ хамтран дөрвөн удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ долоо хоногт эмнэлгийн халдвараас сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллагуудад  танхимын сургалт зохион байгуулж байгаа. Энэ долоо хоногт 3,000 оношлуур нэмж ирнэ" гэсэн юм.

Мөн өнөөдрийн хэвлэлийн хуралд Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж оролцож, хилийн боомтуудаар нэвтэрч буй иргэдийн талаар мэдээлэл өглөө.  Тэрбээр Засгийн газраас хилийн боомтуудад хийх зохицуулалттай холбоотой шийдвэрүүдийг нэгдүгээр сарын 28-нд гаргасан. Шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой Улсын онцгой комиссоос тогтоолууд гаргаад холбогдох байгууллагууд чиг үүргийн хүрээнд ажиллаж байна.

Гол нь Засгийн газар Улсын онцгой комиссын шийдвэрээр зорчигч тээврийн хэрэгслийн зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн.Түүнээс биш Монгол Улсын иргэн гадагшаа, тэр тусмаа БНХАУ руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Хагалгаанд орох зэрэг зайлшгүй шаардлагаар зорчих бол БНХАУ руу нэвтрүүлж байгаа.

Зорчигч тээврийн зарим хөдөлгөөнийг тодруулбал, Монгол Улсын иргэн хувийн ажлаар БНХАУ-руу зорчихыг хязгаарласан. Түүнээс биш БНХАУ-аар дамжиж өөр улс руу явж байгаа, тус улсад ажиллаж амьдардаг иргэд, оюутнуудыг, мөн эмнэлгийн зайлгүй шалтгаанаар зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Мөн дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийг хилээр нэвтрүүлж байгаа.

Өчигдрийн УОК-ын хуралдаанаар авто замын боомтуудаар нүүрс тээвэрлэхийг зогсоох шийдвэр гаргасан. Зэсийн тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Ачаа тээвэр мөн саадгүй үргэлжилнэ.  Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-ын талаас 634 иргэн хил нэвтэрч орж ирсний 625 нь Монгол Улсын иргэн байна. Эсэргээрээ БНХАУ руу 300 гаруй иргэн гарсан.  Өчигдрийн байдлаар 351 тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилээр нэвтэрснээс 248 нь нүүрс тээврийн автомашин байна.

Нэгдүгээр сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэл 11354 Монгол Улсын иргэн БНХАУ-аас орж ирсэн. Хязгаарлалт тогтоосноос хойших 14 хоногт нийт 442 БНХАУ-ын иргэн орж ирсэн. Үүн дунд дипломат ажилтнууд, албан ажлаар яваа хүмүүс байгаа" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү