Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах албаны дарга П.Эрдэнэбат “Өчигдөр орой 21.00 цагт, хүмүүс амрах цагаар хуурамч мэдээлэл цацаж, иргэдийг айдаст автуулсан. Худал ташаа мэдээллийг Чингэлтэй дүүргийн иргэн Г тараасан болохыг илрүүлсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Худал мэдээлэл тараавал хуулийн хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Цагдаагийн байгууллага нь Монголд коронавирус орж ирсэн талаарх 10 гаруй худал мэдээллийг илрүүлээд байгаа аж. Зөрчлийн тухай хуулийн дагуу энэ мэт худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгоно гэсэн юм. 

Мөн энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Эрүүл мэндийн байгууллагынхан халдварт өвчнөөс иргэдийг хамгаалах, байнгын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Гэтэл зарим иргэн эмнэлгийн ажилчдыг үл тоож байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол буюу иргэн Н нь Эрүүл мэндийн байгууллагаас халдварын голомт руу зорчихгүй байхыг анхааруулсаар байхад нэгдүгээр сарын 10-нд Эрээн явсан, буцаж ирээд Бээжин явсан, энэ хооронд автобус таксинд маш олон хүнтэй ойр байсан, Хөвсгөл, Говь-Алтай, Булган, Дорнод, Төв аймаг зэрэг олон аймгаар дамжиж явсан байна. Ингээд халуурсан, гүйлгэсэн гэх шинж тэмдэгтэйгээр Баян-Өлгий аймагт тусгаарлагдаад байна” гэсэн. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 11-нд Сүхбаатар, Замын-Үүдэд тусгаарлагдсан тус бүр хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дорнод аймагт тусгаарлагдсан нэг иргэн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр иргэний хариу гараагүй байна. Баян-Өлгий аймгаас шинжилгээний сорьц өнөө өглөө 05.00 цагт ирсэн. Хариу маргааш гарна. Одоогоор нийт 120 сэжигтэй тохиолдол хяналтад байна” гэв.