БНХАУ-д Монголын 400 орчим иргэн бий гэнэ


2020-02-14 14:31:35

Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлын талаар танилцууллаа. Мэдээллийн эхэнд өнөөдрийн 10.00 цагийн байдлаар шинэ коронавирусын халдвараар 1485 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 64116-т хүрсэн бол 6891 хүн эдгэрсэн талаар танилцууллаа. 

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар урд хөршийн нэг ч иргэнийг Монголын хилээр оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Улмаар агаарын болон төмөр замыг хөдөлгөөнийг хориглоод байгаа. Өнөөдрийн байдлаар 400 орчим монгол иргэн БНХАУ-д байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тэрбээр "Гэхдээ нэг зүйлийг тодотгож хэлэхэд, эдгээр иргэд маань эх орондоо ирэх хүсэлтээ  гаргавал ЭСЯ, Консулын газруудаар дамжуулаад зохион байгуулалттайгаар авчирна. Үүнтэй холбоотой нарийвчилсан зохион байгуулалтуудыг яг одоо хийж байна" гэсэн юм.

Мөн өнөөдрийн байдлаар Эрээн болон Хөх хот орчимд эх орондоо буцахаар төлөвлөж байсан, галт тэрэгний тасалбар захиалсан 50 орчим иргэний асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Гэхдээ иргэдийг хилээр оруулах ч 14 хоног тусгаарлана гэдгийг ч хэллээ.

Шинэ коронавирус буюу Covid-19 халдварын талаар хуурамч мэдээлэл цахим орчинд тархаж, иргэдийг айдаст автуулаад буй. Одоогоор худал мэдээлэл тараасан 20 гаруй хэргийг илрүүлж, шалгаж байгаа аж. Хэрэв худал мэдээлэл тарааж, иргэдийг айдаст автуулбал хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгийг ч энэ үеэр онцолсон юм.

Ухань хотоос ирсэн 31 оюутныг хоёр удаа шинжилгээнд хамруулсан бөгөөд коронавирус илрээгүй тул тусгаарлалтаас гаргахаар болсон гэнэ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарлаа. 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 8 хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарласан. Шинжилгээний хариуг хүлээж байна. Ухань хотоос ирсэн 31 оюутныг дахин шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй. Тиймээс эмч нар зөвлөлдөөд маргааш ХӨСҮТ-өөс гаргахаар шийдвэрлэсэн" гэсэн юм.

Шинэ коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээллийг 24 цагаар өгч буй утсууд:

  • Эрүүл мэндийн яам-323002
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв-100, 80086829
  • Зоонозын өвчин судлалын үндэсний төв-70284393
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-18002000
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү