Браво Д.Сарангэрэл сайд аа


2020-02-20 08:42:56

Оны өмнө коронавирусийн өвчлөл урд хөршид бүртгэгдэв. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхний 7 хоногт Хятадлын Ухань мужийн далайн захын ажилчид эл өвчнөөр өвчилсөн байдаг. Тиймдээ ч далайн гаралтай бүтээгдэхүүний захаас хүнсний зориулалтаар зарагдсан амьтдаас уг вирус хүнд халдварласан хэмээн таамаглаж эхэлсэн юм. Улмаар вирусын тархалт хүрээгээ тэлж 2019 оны 12 дугаар сарын 31-нд ДЭМБ-д мэдээлэгдсэн нь бий. Ийнхүү шинэ оны урд хөрш маань тун түгшүүртэй угтсан юм.

Гэсэн ч иргэд нь цагаан сардаа бэлтгэж, яг л өнөөдрийн манайхан шиг бужигнаастай. Зүй нь тухайн үедээ дээрх вирусийг короно болохыг нь тогтоож чадаагүй байсан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас sars байж болзошгүйг анхааруулж байлаа. Sars 2002 онд мөн л Хятадад анх дэлгэрч, дэлхийн 40 гаруй оронд тархан 8000 орчим хүнд халдварласан амьсгалын замын цочмог цочмог хамшинжийн вирус юм. Тухайн үед SARS-ын халдвар авсан хүмүүсээс 700 гаруй нь нас барж байсайн гашуун түүх бий.

Ийнхүү вирусийг шинжилж байх зуур Хятад улсад 50 гаруй хүн уг өвчнөөр халдварлаж, хоёр хүн амиа алдах нь тэр. Эхний хохирогч нэгдүгээр сарын 10–ны өдөр нас барсан бол хоёр дахь нь зургаан хоногийн дараа хорвоог орхисон. Удалгүй халдвар гэрлийн хурдаар тархаж эхлэв. Энэ нь өнгөрөгч нэгдүгээр сард болсон Хятадын цагаан сартай холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, ийнхүү халдвар бүрэн тархсан.

Өдгөө ковид-19 халдвар Азийн 12 оронд бүртгэгдээд байна. Тэр дундаа монголчуудын хамгийн ихээр зорчдог Япон, Сингапур, Тайвань зэрэг оронд халдвар нэмэгдсээр байгааг Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Өчигдрийн байдлаар л гэхэд халдвар авсан хүний тоо 75,182, нас баралт 2,009 болж, сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,851 байгаа бол нас баралт 137-оор нэмэгдсэн байх жишээтэй. Хятад улсаас гадна дэлхийн 25 улсад 900 тохиолдол бүртгэгдлээ. 

Чухамдаа аюул хаалга тогшиж байна. Эрүүл мэндийн салбарынхан идэх хоол, унтах нойроо умартан нийтийн эрүүл мэндийн манаанд өдөр шөнөгүй зогсож байгааг ч нийтээрээ харж байна. Урд хөршид вирус бүртгэгдэж, тархалт нэмэгдмэгц Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийг нэн тэргүүнд карантилах саналыг гаргаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдыг “ятгав”. Улмаар салбарынхнаа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, иргэдийг гараа тогтмол угаах, амны хаалт зүүхийг уриалж, альт болох олон хүнтэй газраар зорчихгүй байх, халдвар гарсан улс руу явахгүй байхыг сануулж эхэлсэн юм.

Түүгээр явсан гайг үүгээр дуудаж сүржигнэлээ гэх шүүмжлэл олон ч хүний амнаас гарсан. Гэвч шүүмжлэлийг эрс сөрж, олны хөлийн газрууд, оюутан сурагчдыг хүртэл хөл хорионд оруулах саналыг Улсын онцгой комиссийн хурал дээр хэлж, сануулан, үйл хэрэг болгосоор өнөөдрийг хүрэв. Өвчний голомтод байсан оюутнуудаа эх оронд нь авчирч, хил гаалиа хүртэл хаалаа. Үр дүнд нь Монгол Улсад коронавирусийн халдвар өнөөдрийг болтол бүртгэгдээгүй байна. Хэнэггүй нөхдийн гайгаар сэжигтэй хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж байгаа ч азаар нь хариу нь сөрөг гарсан юм.

Гэвч тайвшрах болоогүй. Тиймдээ ч хөл хорионы хугацааг сунгаж, өндөржүүлсэн бэлэн байдлаа хангахыг дахин санууллаа. Мөн л өвчин гараагүй байхад сурагчдыг амралтыг сунгаж, хөл хорионы хугацааг нэмэгдүүллээ гэх бухимдал сонсогдоостой. Монголын ирээдүй болсон хүүхдүүд эрүүл байснаар сурна, хөдөлмөрлөнө. Эрүүл Монгол хүнийг бий болгохын төлөө эл салбарынхан таниас ч илүү сэтгэл зовнин зүтгэж байгааг уншигч та анзаарна биз. Үгийн мууг унагахаас урьтаж, бусдад үлгэрлэж, гэр бүлээ л хамгаалах нь чухал.

Одоо Сар шинийн баярыг давчихвал урин дулаантай золгохын зэрэгцээ ёстой л гай холуур өнгөрч дөнгөх нь. Тиймдээ ч Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх санаачилгыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл анхлан гаргаж, мөн л бусдын хэл амны бай болов. Иргэнийхээ хувиар гаргасан саналаа тэрбээр дээш нь уламжилж, Төрийн тэргүүний зарлигийг хүртэл гаргуулж дөнгөсөн. Одоо гагцхүү нийтээрээ дагаж мөрдөх нь чухал. Өөрийнх нь төлөөх үгэнд өргөс шиг ханддаг хэнэггүй Монгол зангаа хойш тавьж, эрүүл мэндээ тэргүүнд тавьж чадвал олон ч цагаан сарыг үзнэ дээ, уг нь.

Эрсдэлтэй энэ цаг үед эрүүл мэндийн манаандаа өдөр шөнөгүй зогсож байгаа Эрүүл мэндийн салбарынхандаа баярлалаа. Хаалганы цаадах аюултай нүцгэн шахуу гараараа тэмцэж яваа Д.Сарангэрэл сайдад болон тэдний баг бүрэлдэхүүнд талархая.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү