БНСУ-д коронавирусын халдварын тохиолдол 346 болов


2020-02-22 19:27:58

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол өчигдөр оройны 17.00 цагаас хойш 142-өөр нэмэгдэж нийт 346-д хүрснийг мэдэгдэв. Шинээр Умард Гёнсан мужид 103, Дэгү хотод 28, Бусан хотод 2, Кёнги мужид 2, Умард Чүнчон мужид 2, Дэжөн хотод 1, Гуанжу хотод 1, Умард Чолла мужид 1, Сэжүн хотод 1, Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд 1 тохиолдол тус тус илэрсэн байна. Шинээр илэрсэн 142 тохиолдлын 38 нь Дэгү хотын Шинчөн христийн сүмээс, 92 нь Чонду хотын Дэнам эмнэлэгээс халдвар авсан ба 12 тохиолдлын халдвар авсан шалтгааныг тодруулж байна.

Одоогийн байдлаар 19275 (+3079) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 13794 (+778) иргэний хариу сөрөг гарч, 5481 (+2301) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 17 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2 иргэн нас бараад байна.

Манай иргэд БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд анхаарна уу!

-Амны хаалт /маск/тогтмол зүүх
-Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш угаах
-Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх
-Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
-Олон нийтийн газраар аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх
-Онц шаардлагагүй бол эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих
-Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх
-Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх

Хэрэв таньд өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллаж буй/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлэгийн байгууллагад хандаарай. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, ЭСЯ-ны 02-798-3464 утаснаас мэдээлэл авна уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү