Талцахаасаа урьтаж талархаж сурья, монголчууд аа


2020-03-15 10:50:42

2020.01.24

Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргав. Уг асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болсон юм.

Шүүмжлэл: Тэр даруй мэдээлэл тархаж, иргэд хоёр талцан, мэтгэлцэх нь тэр. Сургууль, цэцэрлэгийг карантилах нь буруу, 2011 онд газар хөдлөхөд, үер болоход ийм үйлдэл гаргаж байгаагүй байж сонгуулийн пиар хийх хэрэггүй. Баячууд, эрх мэдэлтнүүдийн хүүхэд гадаадад суралцдаг тул Монголын хүүхдүүдийг сурах эрх мэдлээр нь боомилж байна. Монголд халдвар орж ирээгүй байхад сургууль, цэцэрлэгийг хичээллүүлж байх нь зөв.

Үг хэлж чадахгүй бас залхуу монголчуудад амар шийдвэр байх. Маргаашийнхаа ирээдүйг алж байгаагаа бодохгүй сонгуулиа бодож ханиад хүрэх төдийд хөл хорио тогтоох гэнэ. Эрүүл мэндийн сайдын шийдвэрийг эсэргүүцэж байна. Иймэрхүү шүүмжлэл цахим орчинд эрчээ авав.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15.00 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвараар 844 хүн өвчилж 25 хүн нас барсан. БНХАУ-д 830, Макао, Хонконгод тус бүр хоёр, Тайвань, Сингапур, Япон, БНСУ, Непал, АНУ-д тус бүр нэг, Тайландын Вант Улсад дөрвөн хүн өвчилсөн мэдээлэлтэй байлаа.

2020.02.08

Эрүүл мэндийн  сайд Д.Сарангэрэл  Цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг  иргэний хувиар гаргаж байгаагаа өөрийн албан ёсны цахим хаягаар дамжуулан мэдэгдлээ. Улмаар хоёр хоногийн дараа Улсын онцгой комиссийн хуралдаанаар хэлэлцэн, Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.

Шүүмжлэл: Хэт сүржигнээд төсвөөс баахан мөнгө гаргаж битгий луйвар хийх гээд бай, та нарт итгэхгүй байна. Уламжлалаа алдсан хүн салбарын сайд хийх нь зохисгүй. Зүгээр л амны хаалт маскаар 1,0 сая ширхэгээр ханга бид аарцаа ууж, мах аа идээд явахад болно. Мах иддэг Монгол хүнд халдахгүй хэмээх давалгаа маягийн зүйл facebook орчид давалгаалав. Цагаан сарыг хориглох нь бэлгийн тооллыг үгүйсгэж байгаагийн хэлбэр. Сонгууль дөхөх тусам попрох сэдэв мундахгүй. Улс төр хийхээ боль хэмээх шүүмжлэл мөн л өрнөв. Тэр бүү хэл, коронавирус Монгол орж ирсэн бөгөөд нуун дарагдуулахын тулд Цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал гаргаж, буруугаа бусад руу нялзаах нь гэх мессеж ч цахим орчинд тархсан.

2020 оны 02 сарын 11-ний байдлаар халдварын 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас бараад байлаа. БНХАУ-аас гадна дэлхийн улс орнуудад 391 тохиолдол бүртгэгдэв. Тэдний ихэнх Хубэй мужид аялсан түүхтэй эсвэл оршин сууж байсан. Мөн Франц, Герман, АНУ, Вьеьнам, Сингапур, Испани, Тайланд, Солонгост Хятад улсад зорчсон түүхгүй тохиолдлууд бүртгэгдэж байгаа нь анхаарал татсан үе байсныг мартаж болохгүй. Үүнээс гадна Хятад, Япон, Малайз, Саудын Арабад шинж тэмдэг илрээгүй хүмүүст халдвар батлагдсан байв.

2020.03.10

Гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэвлэлийнхэнд мэдээлэв. Мөн гадаадын иргэнийг өөрийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмжийг хүргүүлсэн тухай ч тэрбээр онцлон тэмдэглэсэн. 

Шүүмжлэл: Тэр даруй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцруулах нь зүйтэй гэх санал асуулга өрнөв. Монгол Улсад энэ хүн хор хохирол учрууллаа, гадаадын иргэнд найр тавьж, хотоор сэлгүүцэх боломж олгосон. Монгол иргэн байсан болж чирж аваачаад тусгаарлалтын байранд хийчихсэн байгаа. Эцэст нь өөрийгөө өмгөөлж байна. Тэр итгэл алдлаа гэх байдлаар мөн үгийн муухайгаар дайрсан.

2020 оны 03 сарын 10-ны байдлаар халдвар дэлхийн 109 оронд бүртгэгдсэн байлаа. БНСУ, Япон, Америк, Итали, Иранд халдвар эрчтэй тархсан хэвээр.

Франц иргэнийг Дорноговь аймагт тусгаарлан, түүнтэй ойрын хавьтлын иргэдийг эрж хайх ажилд шуурхайлав. Францын иргэний өгүүлэмжийг тогтоож ойрын хавьтлын хүмүүсийг олж илрүүлэн шинжилгээнд хамруулав. Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын хүмүүсээс халдвар илрээгүй.  

2020.03.14

Халдвар авсан Франц иргэнтэй II хавьталд орсон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Цэрэн хөл хорионоос гарч явсан мэдээлэл цацагдав.

Шүүмжлэл: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг өнөөх хурган даргыг олж ирэхийг шаардав. Мөн салбарын сайд хариуцлага алдсан тул огцрох хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэх хэсэг бүлэг хүмүүс бий болов.

2020 оны 03 сарын 14-ний байдлаар дэлхийн 132 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн дотор 9 оронд шинээр нэмэгдсэн. Цаашид халдвар улам тархах эрсдэлтэй бөгөөд Европын улсуудад голомтлон тархаж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэв.

0-12 настай хүүхэдтэй эхчүүдийг гэрээсээ эсвэл цалинтай чөлөө олгох саналыг гаргахад мөн магтаалаас урьтаж, шүүмжлэл өрнөсөн.

Урд хөршид халдвар бүртгэгдсэнээс хойш Эрүүл мэндийн салбар цаг наргүй ажиллаж байна. Тодруулбал, коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш 108 хоног буюу 31 дэх амралтын өдрөө ажиллаж буй. Энэ хугацаанд 1298 хүнийг тусгаарлан ажиглалтад авч, лабораторийн шинжилгээнд хамруулан ажилласан. Өнөөдрийн байдлаар Франц эрийг эс тооцвол халдвар бүртгэгдээгүй. Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх болон эрсдлийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг нийтээрээ өдөр бүр харсаар байна.

Элдэв шүүмжлэлийг үл ажран коронавирусын халдвараас сэргийлэх арга хэмжээг эрт авч чадсан тул Солонгос болон Европчуудыг бодвол ганцхан тохиолдолтой байгаа болов уу. Энэ эрт авсан арга хэмжээний үр дүнд иргэд маск зүүгээд, гараа угааж сурсан тул гаднаас ирсэн ганц халдвартай хүнээс халдвар аваагүй ч байж мэдэх талтай.

Мэдээж тайвшрах болоогүй. Талцал ямар хор уршиг авчирч болохыг Европчуудын жишээнээс хар. Өөрөөр хэлбэл, аюул ард хоцорсон мэт өөр хоорондоо эвдрэлцэж, ирэх сонгуулийнхаа улс төрийг хийх цаг болоогүй гэсэн үг. БНХАУ эвийн хүчээр эрсдлийг даван туулсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн бусад оронд анхааруулга хийж байна. Ийм үед улс төрийн уур амьсгал гай болно гэхээс гавьяа байгуулахгүйг ухаарна биз.

Салбар хариуцсан сайдыг шүүмжилж, эсвэл огцруулсанаар аюул холоор өнгөрөх үү. Тэр хэнхэгтээ, хэн нэгнээс илүү гарах гэсэндээ тэгж хэлээгүй нь өнөөдрийн нөхцөл байдлаас тод харагдана. Монгол Улсын эрүүл мэндийг салбарыг тэргүүлж байгаа бодлого тодорхойлогчийн хувиар, иргэнээ, бяцхан үрсээ халдварт өвчнөөс хол байг гэсэн эх хүний сэтгэлээр хандсан гэдгийг бид одоо ойлгож байна. Сонгуулийн сургаар талцаж, нэгнээ хэмлэхийн оронд талархаж, урам өгч сурья, монголчууд аа. Эрүүл мэндийн салбарынхандаа, тэр дундаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл баярлалаа.