COVID 19: Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийг тосохыг хориглоно


2020-03-15 11:54:57

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 135 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн дотор арлын голдуу 13 оронд шинээр нэмэгдсэн байна. БНХАУ, Өмнөд Солонгос улсад халдвар буурах хандлагатай байна. Шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл, зөвлөгөөг цаг алдалгүй иргэдэд өгч ажиллаж байна. Цаашид иргэдийн асуултад цахимаар хариулах боломжтой болно” гэлээ.  

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “2020 оны гуравдугаар сарын 14-ны байдлаар 9769 шинэ тохиолдлоор нэмэгдлээ. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 342 хүн нас барлаа. Шинээр 13 улсад халдварын тохиолдол бүртгэгдсэн. Итали, Иран, Испани улсад хоногт 1,000-1,500 тохиолдол бүртгэгдсэн байна.  Халдварын дэгдэлтийг хязгаарлах зорилгоор хөл хориог чангатгаж, ресторан, дэлгүүрийг хаах, аль болох гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Европ тивд халдвар эрчимтэй тархаж байна. Франц улсад 24 цагийн хугацаанд шинэ тохиолдлын халдвар 882 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор зөвхөн хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, бусад үйлчилгээг зогсоох шийдвэр гаргасан.

Испани улсад хүнс болон эмийн сан орох тохиолдол гэрээсээ гарахыг зөвшөөрсөн. Бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Мөн төр засгийн шийдвэрийг онцгой анхаарч ажиллахыг иргэддээ сануулсаар байгаа юм.

Япон улсад 15 хоногийн хугацаатай карантин тогтоосон. Нөхцөл байдлыг харж байгаад карантины хугацааг сунгах талаар яригдаж байна.  

Халдварын голомт болоод байгаа Итали улсын Ламбордин мужид эрчимт эмчилгээний орны тоо хүрэлцэхгүй боллоо. Өдөрт 80 орчим хүн эрчимт эмчилгээний тасагт шилжиж байна.  Олон хоногийн эрчимт эмчилгээ хийж байгаа тул өдөрт 2-3 ор л суларч байна.  Италид 3497 шинэ халдварын тохиолдол бүртгэгдэж 175 нас бараад байна. Зарим иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж байна. Энэ нь эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй байгаатай холбоотой юм.

Их Британид 342  шинэ тохиолдол, 10 нас баралт бүртгэдсэн. Японд бямба гарагт 64 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр боллоо. Өмнө нь өдөрт 30 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байсан.

Халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бусадтай зайнаас харилцах, нэгэндээ хүрэлцэхгүй байх зөвлөмж гаргаж байна. Гэвч Ирландад зөвлөмжийг хошин байдлаар хүлээн авч үзэх байдал элбэг байгаа аж. Эрүүл мэндийн нөөц шавхагдзаж байгаа энэ үед хувийн ариун цэврээ сахиж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг даган мөрдөхийг анхааруулж байна.

Европын холбооны зорчигч тээврийг өргөтгөж 28 улс болгоод байна” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнгөрсөн хугацаанд нийт 1328 хүнийг ажиглалтад авч хянасан. Өнөөдрийн байдлаар 609 хүн ажиглалтад байна. Сэжигтэй тохиолдол 290 байна. Цэргийн төв эмнэлэг, “Асралт Мед” эмнэлэг болон бусад эмнэлэгт 14 хоног ажиглалтад байх үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй иргэдийг гэрт нь гаргаж байгаа.

Дархан-Уул аймагт өнгөрсөн шөнө Бээжин-Австрали, Тайланд улсаар дамжсан гэр бүлийн хоёр хүн, Тайланд, Тайван улсаас ирсэн нэг хүн буюу нийт гурван сэжигтэй тохиолдол ажиглалтад тусгаарлагдсан. Сэлэнгэ аймагт мөн Австрали улсын чиглэлээс дамжиж ирсэн дөрөв, Тайланд улсаас ирсэн зургаа буюу нийт арван сэжигтэй тохиолдол шинээр нэмэгдэн тусгаарлагдаад байна.

Өмнөговь, Дорноговь аймагт тусгаарлагдан ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь хилийн боомтоор энэ сарын 13-14-нд шилжих шөнө орж ирсэн иргэдээс тусгаарлах байранд нийт 59 хүн байна.  Нэг иргэн халуурч хоолой нь өвдсөн гэсэн зовиртой байсан ч Цагааннуур сумаас аймгийн төв рүү явах замдаа машин нь эвдэрч их даарсан гэсэн өгүүлэмжтэй иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан бусад иргэд сургуулийн дотуур байр болон МСҮТ-ийн байруудад байлгаж байна.

ДЭМБ-аас иргэдэд өгч байгаа зөвлөмжид өөрчлөлт оруулсан Тэрхүү зөвлөмжийг манай улсын эрүүл мэндийн яам болон эрдэмтэн докторууд судлан цаг тухай бүрт нь иргэдэд хүргэх болно. Бусад орны туршлагаас харж байхад эрчимт эмчилгээний хүрэлцээний хүртээмж хомс байна. Иймээс аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлэх шаардлага тавин ажиллаж байна.

Өнөөдөр Сөүлээс ирэх 250 иргэдийг хүлээж авах бүх бэлтгэлийг хангасан. Зайлшгүй шаардлагатай тохиолдлыг ХӨСҮТ-д очиж авна. Эмчилгээ шаардлагатай иргэдээ цэргийн төв эмнэлэгт хүлээн авна. Бусад иргэдийг тусгай бэлтгэсэн байранд хүлээн авна. Хүлээн авах эмч, тээврийн хэрэгсэл бэлэн байдлыг хангасан” гэлээ.

Мөн тэрбээр Сѳүл Улаанбаатар чиглэлийн онгоц 16.10 цагт Монголд газардах тѳлѳвтэй байна. Ирсэн иргэдээ эрэмбэлэн Цэргийн тѳв эмнэлэг, Амар зочид буудал, Энхсаран сувилалд хуваан байршуулна. Ар гэрийнхэн нь уулзах боломжгүй тул нисэх буудалд ирэхгүй байхыг анхааруулж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Франц иргэнтэй ойр байсан “Бадрах энержи" компанийн кемпийн 54 хүний шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй. Нийт Франц иргэнтэй 269 хүнийг хамгийн ойрын хавьтал гэж үзэн бид маш богино хугацаанд тэдгээр хүмүүсийг олж тогтоож шинжилгээнд хамруулж дууслаа.

Гуравдугаар сарын 14-ны байдлаар ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан тандалт судалгааг хийж байна. Мөн энэ өдрийн байдлаар Баян-өлгий, Сэлэнгэ, Дархан аймагт нийт 53 хүн тусгаарлагдан ажиглалтад байна. Гуравдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан хоёр хүний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өнөөдөр ирэх зорчигчдыг хэрхэн эрэмбэлэн ажиллах талаар ОБЕГ, ЭМЯ, ХӨСҮТ ажлаа хуваарилаад авсан” гэлээ.